Д.Одбаясах: Уран нугаралт залгамжлагчгүй болчихвол үндэсний урлаг маань нэг шатаар ухарна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Монголын урлагт хамгийн чимээгүй хөдөлмөрлөдөг салбар бол цирк. Тэр тусам олон улсын тайзан дээр эх орныхоо нэрийг хамгийн их цуурайтуулдаг хэрнээ Монгол Улсад төдийлөн үнэлэгддэггүй урлаг бол уран нугараач. Тэд эх орныхоо нэрийг мандуулж бахархал, омогшил төрүүлдэг тэсвэр тэвчээрийн эзэд. Балчирхан хүүхэд наснаасаа  бэлтгэгдэж биеийн хүнд хүчир ачааллыг тэсч даан түүндээ дурлан богинохон настай ч чамгүй чадвар эрсдэл шаарддаг салбарт амжилт үзүүлэх нь хэр баргийн хүнээс гарахгүй болов уу. Тэгвэл энэ удаа бид Циркийн урлагийн салшгүй хэсэг болох уран нугаралтын салбарын том төлөөлөл болсон уран бүтээлч Соёлын тэргүүний ажилтан Д.Одбаясахыг уншигчдадаа толилуулахаар онцоллоо.

Түүний тайзны нэрийг Одийс гэнэ. Тэрээр  12 настайгаасаа хойш уран нугаралтаар хичээллэж эхэлсэн бөгөөд 16 насандаа анх олон улсын тайзан дээр гарчээ. Тайзан дээр гарсан цагаасаа эхлэн өдгөө 20 орчим жил олон улсын тоглолтод оролцон 30 гаруй орны 500 орчим тайзан дээр соло-ганцаарчилсан болон багийн номер хүргэсэн юм. Уран нугараач хүний хувьд харьцангуй урт хугацаанд олон улсын тайзнаа амьдарч байгаа тэрбээр дэлхийн хамгийн алдартай 40 гаруй гала шоу, фестиваль, циркт тогложээ.

Д.Одбаясахын амьдралыг харахад бэлтгэл, тайз гэдэг хоёрхон түүх бичигдэх мэт. Циркийн төрөлдөө хүнд үзүүлбэрт ордог уран нугаралтын төрөл нь хүнд хүчир бэлтгэл, хатуу удирдлага, асар их хөдөлмөр шаарддаг болох нь мэдээж. Энэ салбарт өндөр амжилт үзүүлэн олон улсын урлагийн байгууллагуудын анхаарлыг татаж урилга авах нь ч өөрөө тухайн хүний ур чадварыг бодит, шууд утгаар нь дүгнэж болно.

Уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтээсэн түүний амжилтуудыг цухас дурдахад Амеркийн алдарт Цирк “Big Apple circus”-т гол дүрийн нугараач жүжигчин, “Mercedes Benz” болон “Lincoln” брэндийн гала шоу тоглолтын нээлтийг өөрийн үзүүлбэрээрээ нээсэн, 2017- FINA World Champion ship буюу “Усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий хаалтыг өөрийн үзүүлбэрээр хаасан гэх мэт дэлхийн хэмжээний  30 гаруй арга хэмжээнд урилгаар оролцон тоглосон байна.

Одоогоор Одийс “FORCELAB LLC”-ний “Co founder & Artist producer”-ээр ажиллаж байна. Хөл хорионы үеэр гурван сар бэлтгэл хийхгүй байж байгаад саяхнаас Унгарын үндэсний циркт уригдсан залуусаа бэлтгэж өгчээ. Уран бүтээлчдээ Одийс найруулан дэглэсэн юм. Уран нугаралт гэдэг 60 нас хүртлээ тайзан дээр гарах боломжтой урлаг. Хувь хүний удаан жингээ барьж биеэ авч явах нууц зөвхөн өөрөөс нь л шалтгаалдаг. Тэрбээр 20 жил уран нугараач хийж байж Соёлын тэргүүний ажилтан цол хүртэж байжээ. Уран нугараачид олон улсын тэмцээн уралдаанд орно гэж улсаас нэг төгрөг ч гуйдаггүй. Дэлхийд Монголынхоо  язгуур урлагийн гайхамшгийг гайхуулж яваа ч онгирч омойтдоггүй улс.

Цирк бол хамгийн эрсдэлтэй, амь сөрсөн эр зориг, тэсвэр тэвчээр, уран чадвар шаардсан салбар. Тийм учраас Монголын язгуур урлаг, тэр дундаа уран нугаралтыг залуу хойч үедээ өвлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байгааг Одийс хэлж байв. Басхүү уран нугаралтын салбар залгамжлагчгүй болчихвол үндэсний урлаг маань нэг шатаар ухарна гэж онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top