Сүүлийн үед АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн технологийн тэмцлээс авахуулаад гадаад бодлогын ширүүн үг хэллэг шидэлцэх хүртэл хурцдаад байгаа. Харин сүүлийн үед нэгэн цоо шинэ зүйл гарч ирсэн. Өмнө нь болгоомжтой, найрсаг дорнын мэргэдийн имижийг хичээнгүйлэн бүрдүүлж байсан хятадууд АНУ-д ижил хариу барих болжээ. Ши Жиньпин 2012 онд төрийн эрхэнд гарснаас хойш БНХАУ олон улсын тавцан дахь идэвхгүй ажиглагчийн дүрээс гарч эхэлсэн. Харин өдгөө Хятад улс зүгээр нэг том бөгөөд амжилттай хөгжиж яваа эдийн засагтай гүрэн бус харин үүнд нь эргэлзсэн хэнтэй ч өрсөлдөж, ялалт байгуулах чадвартай дэлхийн шинэ лидер гэдгээ бодит байдал дээр нотлох цаг нь ирээд байна.
Хятад мөрөөдлийн араас
Ши Жиньпин Дэн Сяопиний даруу занг тодотгодог олон сургаалаас санаатайгаар ухарсан. Хятад улс хамтын удирдлагын зарчмыг эргэн харж, “цөм”-ийг тойрсон эрх мэдлийн төвлөрөлт бий болгосон. Ши Жиньпинийг “цөм” гэж нэрлэдэг. Бээжин “таогуан янхуэй /боломжоо нуун, сүүдэр бараадах/” үзэл баримтлалаасаа ч татгалзаад байна. Ши Жиньпин төрийн эрхэнд гарсны эхний өдрөөсөө эхлэн хятад үндэстний агуу их сэргэн мандалтын тухай ярьж эхэлсэн. Үүний тодорхой тодорхойлолт үгүй ч ажиглагчид дэлхийн тэргүүлэгч болох Хятад мөрөөдөл гэж тайлбарлаж буй. Улсаа дэлхийн тавцангийн төв рүү хүргэх замыг тэр даруйд тавьж эхэлсэн. 2013 онд Хятадын тэргүүн дипломатч, сэтгүүлч, намын гишүүдийн өмнө тодорхой зорилт тавьжээ. Дэлхийд Хятадын тухай ярих, Хятадын дуу хоолойг гадаад ертөнцөд хүргэх зорилттой зэрэгцэн Хятадын эерэг дүрийг бүрдүүлэхэд чиглэсэн соёлтой дипломат бодлогын оронд олон улсын хэрэгт үг хэлэх эрхээ хангах зорилт түрэн орж ирэв. Өөрөөр хэлбэл Хятад улсыг зөвхөн сонсох бус, үгийг нь дагана гэсэн үг.
Аль 2012-2013 онуудад эрх баригчдын уриалгыг даган Хятадын дипломатууд гадаадын хэвлэлд зориулан ярилцлага өгөх, ширүүн үг хэллэг ашиглах, мэтгэлцээн өрнүүлэх зэрэг илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өмнө нь тогтуун өнгө аястай Хятадын энэ өөрчлөлт 2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улстай худалдааны дайн дэгдээсний дараа илт хүчээ авав. Бээжин заримдаг арга хэмжээ хангалтгүй гэдгийг ойлгов. Хятад мөрөөдөлд хүрэхийн тулд Бээжингийн дуу хоолой илүү чанга, илүү хатуу сонсогдох учиртай. Ингэхдээ “зэрлэгүүдийн эсрэг тэдний зэвсгийг” ашиглах ёстой. Мөн онд Хятадын Коммунист намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн ивээл дор “Хятадын дуу хоолой” корпорац байгуулагдлаа. Хятадын үзэл бодлыг дэлхий дахинд шуурхай хүргэхийн тулд Хятадын яам, агентлагууд, албан тушаалтнууд Хятад улсад хаалттай Facebook, Twitter-т хаягтай болцгоожээ. Ингэж олон нийтийн сүлжээн дэх мэдээллийн дайны тэргүүн эгнээнд сэтгүүлчидтэй мөр зэрэгцэн Хятадын дипломатууд гарч ирсэн.
Дипломат бус дипломатууд
Дипломат фронт дахь үгийн тулаан улам бүр хүчээ авсаар. Казахстанд суугаа Хятадын Элчин сайд Жан Сяо Хятадын талаарх шүүмжлэлд маш эмзэг ханддаг. Вашингтон Хятадыг коронавирусийг тараасанд буруутгаж эхэлсний дараа тэрбээр АНУ-ын эрх баригчдад хандан “Цар тахал дөнгөж гарах үед та нар юу хийж байв? Геополитикийн тоглоом тоглож, дотоодын улс төрийн асуудлаа хэлэлцэж, Хятадыг бохиртой хутгаж байсан уу” гэж дайрч байсан нь бий. Хожим нь Жао дипломат “Нью Йоркийн гудамжинд олон арван ялзарч буй цогцостой ачааны тэрэгнүүд олдсон” гэж Facebook-д бичиж байв. Түүний элчин зөвлөх Зяо Хуайшин Төв Азийн талаар баримталж буй Хятадын бодлогын талаарх нийтлэлийн дор сэтгэгдэл бичихдээ зохиолчид хандан “Тэнэг санаа. Хятадын тэлэлт хаана байгааг харуул. Ухаантан гарч ирж гэнэ. Гаднын хөрөнгө оруулалт, технологийг тэлэлт гэж бодож. байна уу. Тархи байдаг бол түүгээрээ тунгааж үз” гэж улаан цайм доромжилсон өнгө аястай бичиж байжээ. Гэхдээ Хятадын дипломатууд хувийн орон зайд ийм үг хэллэгийг өмнө нь ч хэрэглэдэг байсан.
“Дайчин чоно” Америкийн султанд захидал бичив
Барууны ертөнцөд Хятадын эл шинэ бөгөөд ширүүн дипломат хэв маягийг илэрхийлсэн “Дайчин чонын дипломат бодлого” гэсэн шинэ нэр томьёо хүртэл гарчээ. Нэг талаас энэ үг хэллэг Хятадын “Дайчин чоно”, “Дайчин чоно-2” киноны нэрээс үүдэлтэй. Нөгөө талаар, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизяныг “дайчин чоно” гэж нэрлээд буй. Тэрбээр коронавирустэй холбоотой “яллах дайнд” Хятадын нүүр царай болоод байгаа билээ. Жао Лизян түүнийг ийн зүйрлэж байгаад сэтгэл хангалуун байх учиртай. Учир нь “Дайчин чоно” кино Хятад улсад их алдартай бөгөөд “Дайчин чоно-2” нь 800 сая ам.долларын орлого олж, Хятадын киноны түүхэнд дээд амжилт тогтоосон билээ. Кинонд сэтгэлийн шархаа эдгээхээр Африкт ирсэн Хятадын тусгай албаны чөлөөнд гарсан ажилтан эх орон нэгтнүүдээ авраад зогсохгүй орон нутгийн эрх баригчдыг босогчид болон тэдэнд тусалж буй барууны хөлсний цэргүүдээс авардаг. Үүгээр “Хятад улс дэлхийн өнцөг булан бүрд өөрийн эрх ашгаа хамгаална” гэсэн мессежийг хүргэж буй. Жао Лизян яг үүнийг хийж байгаа.
Хятадын дипломатуудын энэ болхи хандлага нөгөө талаар олон нийтийн орон зайд маргаан мэтгэлцээн явуулах туршлага үгүйг харуулж байна гэж зарим шинжээчид үзэж байна. БНХАУ-д аливаа илтгэл, хэлэх үгэнд ширүүн үг хэллэг тэр бүр ашигладаггүйгээс гадна танхимаас эвгүй байдалд оруулах асуулт тавьдаггүй тул ийм туршлага тэдэнд дутагддаг. Ширүүн үг хэллэгт гүн ухаанаар хандах хэрэгтэй гэж ажиглагчид онцолжээ. Тайваны хойгийн хямралын үед 1958 оны есдүгээр сард хоёр долоо хоногийн турш Хятад улс АНУ-д нийт найман удаа “ноцтой сануулга” өгч байсан. Сануулга бүрээ дугаарлаж, илүү ширүүн үгээр баяжуулж байжээ. Хэрэв Ши Жиньпин нөхдийн хамтаар Маогийн үеийн хувцасны загварыг төдийгүй удирдлагын хэв маягийг хүртэл хуулбарлан дуурайвал биднийг олон олон хатуу ширүүн үгс хүлээж байна гэсэн үг. Гэхдээ эдгээр үг хэллэг нь тэр бүр ажил хэрэг болохгүй гэж найдъя. Түүнчлэн, Хятадын дипломатуудын үйлдэл бүрийг дээрээс нь төлөвлөж, зөвшөөрсөн гэж үзэж болохгүй. Өдгөө албан тушаалтнууд болон дипломатууд үзэл суртлын хатуужил, Бээжингийн дайснуудтай эвлэршгүй байдлыг байнга харуулах ёстой. Хожим нь удирдлагуудын өмнө сул дорой болж буруутгахгүй. “Дайчин чононууд” удирдлагынхаа ерөнхий хандлагыг зөв мэдэрдэг ч тэр бүр зөв өнгийг сонгож чаддаггүй. Тиймээс найрал дуучид хоршиж чадахгүй л байна.
Яг үүнтэй адил Хятадын хэн нэгэн блогерын болгоомжгүй хэлсэн үгийг хэтрүүлэн хүлээн авах ч шаардлагагүй. Нэг тэрбум гаруй хүн амтай улсад блогеруудын тоо хэдэн саяд хүрнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэрээ нууцалсан блогерын “Яагаад Казахстан Хятад улсад эргэн ирэхийг хүсэж байна вэ” гэсэн гарчигтай нийтлэл жинхэнэ шуугиан тарьсан билээ. Дэлхий дахин энэ нийтлэлээр Хятад улс Казахстаныг залгихыг эрмэлзэж буйгаа илэрхийллээ хэмээн дэвэргэсэн. Казахстаны Гадаад хэргийн яам эсэргүүцэл илэрхийлсний дараа Хятадын Элчин сайд Жан Сяо бүр дайсагнасан хүчнүүдийн өдөөн хатгалга гэсэн таамаг дэвшүүлээд амжив. Харин бодит байдал үнэхээр энгийн. Блогерын “лайк” цуглуулах хямдхан арга байжээ. Гэсэн ч энэ нийтлэлийг интернэтээс устгасан. Бээжин их гүрний хөөрлөө тактик, хүндэтгэлээр тэнцвэржүүлж сурах хүртэл энэ мэт таагүй хэрэг явдал гарсаар л байх болно. Хятадын хөгжимд бүжиглэхийг хүсээгүй бүхний эсрэг түрэмгий ширүүн үйлдэл гаргах нь таагүй үр дүнд хүргэх нь дамжиггүй. Хятад загварын хэтэрхий илт суртал ухуулга хэнийг ч татахгүй харин ч эсрэгээр Хятадын эсрэг үзлийг дэвэргэнэ. Нэг хувь заяатай нийгмийн тухай номлолыг давтах нь Хятадын дуу хоолойг хүчтэй болгохгүй. Тэр тусам өрсөлдөгч тулаангүйгээр хэзээ ч бууж өгдөггүй.
Сэтгэгдэл ( 0 )