Үндэсний их баяр наадам өнөөдөр /2020.07.10/ хязаалан морины уралдаанаар эхлэх байсан ч нийслэл орчимд, тэр дундаа Хүй долоон худаг орчим бороо ихтэй байгаа учраас Морины салбар хорооноос уралдааныг хойшлуулсан билээ.
Салбар хорооны зүгээс "Уралдааны замын нөхцөл байдлыг шалгалаа. Зам хальтиргаатай, борооны усанд хог түрж орж ирсэн, уралдаан эхлүүлэхэд эрсдэлтэй байгаа тул хязаалан насны морьдын уралдааныг бороо хур намдтал тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна" гэсэн мэдээллийг өглөө өгч байсан ба 14:00 цаг хүртэл цаг агаарын нөхцөл байдлыг харзнаж байж тодорхой шийдвэр гаргана гэсэн юм.
Тэгвэл Морины салбар хорооны дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдрийн уралдаануудыг хойшлуулж байгааг мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үдээс өмнө уралдааны замын нөхцөл байдалтай танилцаад, ийм шийдвэр гаргасан байна.
Маргааш хуваарийн дагуу азарга эхэлж уралдана.
Өнөөдөр наадмын хуваарь ёсоор хязаалан болон эрлийз дунд нас, шүдлэн насны уралдаан болох товтой байсан ба өнөөдөр цуцлагдсан эдгээр насны морьдыг долоодугаар сарын 13-нд уралдуулах товтой байна.
Оройн 18:00 цагт Хурдан морины салбар хороо хуралдаж, зарим шийдвэрийг гаргах аж.
Сэтгэгдэл ( 0 )