Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт аймаг, сум дүүргийн баяр наадмыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах өдөр буюу 2020 оны долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулах чиглэл өглөө.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолын 2 дахь заалтад аймаг, сум, дүүргийн баяр наадмыг Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулах тухай тусгасан байдаг.
Гэвч, сүүлийн үед зарим аймаг, сум баяр наадмаа зохион байгуулахдаа тогтоосон хугацааг баримтлахгүй байгаа тул Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах тухай хууль, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль зэргийг тус тус үндэслэн дараахь чиглэлийг өгч байна. Үүнд,
- Баяр наадам зохион байгуулахдаа КОВИД-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэт бөөгнөрөл үүсгэхгүй, үзэгчид амны хаалттай, хоорондын зай 1.5-2 метрээс багагүй байх, бөх, харваач, унаач хүүхдийн халууныг үзэж тэмдэглэл хөтлөхөөс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулахад хэрэгжүүлсэн ариутгал, халдваргүйжүүлэлтийн нийтлэг шаардлагыг баримтлан ажиллах,
- Хүн, амьтны гоц халдварт өвчний болзошгүй тархалт болон үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх зэрэг үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналтыг тогтмол зохион байгуулж ажиллах,
- Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхээс бусад хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх зэрэг болно гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )