Үндэсний сур харваанд 540 орчим харваач цэц сорьж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 11

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа 13 дугаар зуун цогцолборт зохион байгуулагдаж байгаа.

Өнөө жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Г.Өсөхбаяр, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Ховд сумын харьяат аварга Н.Батсуурь тэргүүтэй начин, заан, гарьд, харцага, арслан, цолтой 512 хүчит бөх барилдаж байна.

Сурын харвааны хувьд Үндэсний сур харваанд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 540 орчим харваач оролцож байгаа. Өнөөдөр халх харвааны дунд өргийн харваанууд ид явагдаж байгаа бөгөөд Урианхай сурын харваанд Ховд аймгийн залуу харваач түрүүлжээ.

Урианхай сурын тэргүүн байранд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул спортын мастер Э.Хосбаяр 21 оноогоор түрүүлж Урианхай сурын Монгол улсын мэргэн цол хүртсэн.

Монгол төрийн их баяр цэнгэл наадамдаа эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байж, эгэлгүй хийморьт хүлгийн хурд шандас нь эрчтэй байж, эрхий мэргэн харваачдын цэц мэргэ нь ончтой байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top