Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.
Хоёрын давааны эхэнд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяр өвдөг шороодлоо.
Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын таван аваргаар магнайлуулсан хүчит 512 бөх энэ жилийн наадамд зодоглож байна. Баяр наадмын нэгийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар залуу бөх Э.Баярбатад өвдөг шороодож, өндөр цолтой бөхчүүдээс хамгийн түрүүнд наадмаа дуусгасан. Х.Мөнхбаатар арслангийн хувьд 2007 оны улсын баяр наадамд түрүүлж байсан билээ.
Энэ жилийн үндэсний их баяр наадамд зодоглож буй бөхчүүдийн хамгийн ахмад нь 64 настай, улсын начин Л.Цэвээн, 56 настай, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар байна. Тэд хоёул нэг давсан.
Сонирхуулахад, улсын баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяр хоёр хүүгийн хамт зодоглож байна. Түүний том хүү Ө.Пэрэнлэйжамц хоёрын даваанд улсын арслан Д.Ганхуягтай оноолт таарч, өвдөг шороодлоо.
Сэтгэгдэл ( 1 )
зодог тайлсан бөхчүүд найранд орох гэж л барилдаж байгаа биз дээ \\ зодгоо тайлсан юм бол тайлсан шиг тайлаад барилдахаа больчихооч \\ барилдах гээд байгаа бол зодгоо тайллаа энэ тэр гээд хэрэггүй биз