-Энгийн 2D болон 3D кино дунджаар 8000 төгрөг, хуучны кино 2000 төгрөгөөр гарч байна-
Нийслэлд “Тэнгис”, “Өргөө” гэсэн хоёрхон кино театр байсан үе ард хоцорч “Гэгээнтэн”, “Prime Cineplex”, “Өргөө-2, 3, 5” "Соёмбо" гээд хүрээгээ тэлж, тэлэлтээ даган үйлчилгээний чанар, үнийн чөлөөт өрсөлдөөн бий болсон. Гэтэл цар тахалтай холбоотойгоор хүмүүсийг олноор цуглуулахааргүй болж өнгөрсөн нэгдүгээр сараас хойш бараг зургаан сарын хугацаанд бүх кино театрыг хааж онцгой дэглэм мөрдлөө. Долоохон хоногийн өмнөөс кино театрууд үүд хаалгаа нээж одоо л үйл ажиллагаа жигдрэх шатандаа явж байгааг бид сурвалжиллаа. “Тэнгис” кино театраар оронгуут амны хаалтаа зүүж, халуун хэмжигч барьсан хамгаалагч үйлчлүүлэгчээ угтан авч, гарыг нь ариутган, амны хаалтаа зөв зүүхийг санал болголоо. Үдээс өмнө кино театрт очсон учраас хүлээлгийн танхимд тав орчим хүн тэмдэглэсэн сандал дээр үзэх киногоо хүлээн сууна. Тасалбар авах хэсэгт дараалал байсангүй. Монголын уран сайхны гурван кино, Холливудын дөрвөн уран бүтээл гарч байгаа аж. Үнийн хувьд монгол кино том хүн 8000, хүүхэд 6000 төгрөгөөр, 2D гадаад кино том хүн 8000, хүүхэд 6000, 3D гадаад кино том хүн 9000, хүүхэд 7000 төгрөгөөр “Тэнгис” кино театрт үзэх боломжтой байна. Цар тахлын үеийн дэглэмд ажиллаж байгаа учраас ачаалал эрс багассан, тогтмол ариутгал цэвэрлэгээ хийж, үйлчлүүлэгчид дэглэм баримтлах шаардлага тавин ажиллаж байгааг кино театрын ажилчид хэлж байгаа юм. “Өргөө” кино театрын хувьд ч гэсэн эл хуль байв. Гол онцлог нь гэвэл 13-аас дээш насныханд үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Мөн зөвхөн амны хаалттай хүнд үйлчилнэ, аль болох цаасан мөнгө ашиглахгүй картаар тооцоо хийх, бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар бүх үйлчилгээгээ зохицуулахыг хичээж байгаа гэдгийг “Өргөө-1” кино театрын ажилтан хэллээ. “Өргөө 1” болон “Өргөө 5” кино театрт энгийн 2D болон 3D киног том хүн 8000 төгрөгөөр, хүүхэд 6000 төгрөгөөр үзэх боломжтой. Харин “vip” суудлууд 10 мянган төгрөгийн үнэтэй байна. Кино театраар үйлчлүүлж буй иргэдийн хувьд “Нэг танхимд цөөхөн хүн орж байгаа учраас тав тухтай үйлчилгээ авлаа. Гэхдээ кино үзэж байхдаа ч амны хаалтаа зүү гэсэн шаардлагыг биелүүлэхэд хэцүү байлаа. Манай улсад дотооддоо коронавирусний халдвар тархаагүй тул кино театр гээд үзвэр үйлчилгээний газрууд нээгдсэнд баяртай байна. Гэр бүл, найз нөхөдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой чухал газрын нэг бол кино театр шүү дээ” гэсэн сэтгэгдлийг хэлцгээлээ.
П.Гялбаа: Кино театрт гарахаар хүлээгдэж байгаа 20 гаруй монгол кино байгаа
Кино театруудын үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээллийг “Prime Cineplex” кино театрын захирал П.Гялбаа өгч байгаа гэсэн сургаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Цар тахлын дэглэмтэй үед кино театруудын үзвэр үйлчилгээ хэрхэн явагдаж байгаа вэ?
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үзвэр үйлчилгээний газруудад цар тахлын үед мөрдөх 17 заалттай албан бичиг ирүүлсэн. Тус журмыг баримтлан кино театрууд үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, өглөө ажил эхлэхээс өмнө ажилчдын халууныг хэмжиж, бүртгэл хөтөлнө. Бүх үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж театрт оруулна. Суудал хоорондын зай 1.5 метрээс хоёр метрийн зайтай зохион байгуулагдсан. Ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг тогтмол хийж, хоёр цаг тутамд агаар сэлгэлт хийж байгаа. Мөн саяхан Эрүүл мэндийн яамнаас үзвэр, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зориулан зөвлөмж гаргасныг мөрдөн ажиллаж байна.
-Үйлчлүүлэгчийг 1.5-2 метрийн зайтай суулгана гэхээр хосоороо явж байгаа хүмүүс салж суух уу?
-Ерөнхийдөө хоёроос гурван суудал алгасаж суухаар зохион байгуулсан. Хосоороо явж байгаа бол хамтдаа суух зохион байгуулалт байгаа. Нэг танхимийн нийт суудлын 50 хувьд нь үйлчлүүлэгч суух боломжтой.
-Үйлчлүүлэгч хэр олон байна вэ?
-Кино театрууд долоодугаар сарын 09-10-нд нээгдээд долоо хонож байгаа учраас үйл ажиллагаа дөнгөж жигдрээд явж байна. Үзэгчдийн хувьд өсвөр насныхан, гэр бүлээрээ түлхүү үйлчлүүлдэг.
-Хүүхэд кино үзэхэд хязгаарлалт тогтоосон уу?
-“Prime Cineplex”, “Гэгээнтэн”, “Тэнгис” кино театр дөрвөөс дээш насныханд үйлчилж байгаа. “Өргөө” кино театр 13-аас дээш насныханд үйлчилнэ гэсэн байсан. Хүүхдэд үйлчлэх эсэх тухайд цаанаас тавьсан шаардлага байхгүй учраас кино театрууд өөрсдийн дотоод журмынхаа дагуу зохицуулалт хийсэн. Манай кино театрын хувьд ойролцоо тоглоомын төвүүд нээгдсэн. Тэр онцлогоос шалтгаалаад хүүхдэд үйлчилж байгаа. Ингэхдээ цар тахлын үеийн дэглэм, журмыг баримталж байна.
-Одоо ямар кинонууд гарч байгаа вэ?
-Монгол уран бүтээлүүдээс өнгөрсөн нэгдүгээр сард гарч байсан “1990” кино үргэлжлэн гарч байна. Шинэ кино гэвэл “Онцгой эрх”, “The woman” кинонууд, Холливудын “The invisible man”, “Jack in the box” уран бүтээлүүд гарч байна. Үүнээс гадна хуучны кинонуудыг долоо хоногоор ээлжлэн зарим театр гаргаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт “Minions” гэх мэт кино гарсан. Энэ сарын 17-ноос хуваарь өөрчлөгдөөд хоёр, гурван кино гарч эхэлнэ. Кино театрын дэлгэцэнд гарахаар жагсаалтад хүлээгдэж байгаа 20 гаруй монгол кино байна. Эхнээсээ үргэлжлээд гараад явна.
-Хуучны кинонууд гаргаж байгаа гэлээ. Үнийн хувьд ямар байна?
-“Prime Cineplex”, “Гэгээнтэн”, “Тэнгис” кино театрт хуучны кинонууд гарч байгаа. “Тэнгис” кино театрт хуучны кино 2000 төгрөгийн үнэтэй. “Гэгээнтэн”-д том попкорн ундаа аваад хуучны киног үнэгүй үзнэ. “Prime Cineplex”-д кинонууд 6000, 9000, 20 мянга гээд төрөл бүрийн үнэтэй байдаг. Хуучны кинонууд бусад кино театртайгаа адил “IPTV”-гээс хямдаар гарч байна.
-Хөл хорионы дэглэм тогтоож кино театрууд хаагдсанаас хойш бараг зургаан сарыг өнгөрөөжээ. Энэ хугацаанд ажилчдаа хэрхэн зохион байгуулж байсан бэ?
-“Prime Cineplex” кино театрын хувьд хоёр салбартай, 70 гаруй ажилтантай. Дотоод зохион байгуулалтад орж өөр газарт түр ажлын байр гаргаж өгөх, цагийн хязгаарлалтад орох зэргээр ажилласан. 70 гаруй хүнээс таваас зургаан хүн ажлаасаа гарсан. Бусад нь хэвийн эргээд ажилдаа орсон. Аль болох ажилчдаа хэвийн ажиллах нөхцөлөөр хангахыг зорьсон.
Сэтгэгдэл ( 1 )
kino ch odoo neeh setgel tathaa baij deee bodit bichleguud l iluu setgel tatdag bolj deeee