"Анна Каренина" Монголын тайзнаа анх удаа

2020 оны 07 сарын 18

Одоогоос 150 орчим жилийн өмнө бичигдэж, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан Лев Толстойн "Анна Каренина" роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2020 онд тавигдана. УДЭТ-ын уран бүтээлчид энэхүү жүжгийг ирэх есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөжээ. Дэлхийн сонгодог зохиол монгол найруулагчийн авьяас билэг, ур ухаанаар тайзнаа хэрхэн амилахыг та бид удахгүй үзэх нь ээ.

Жүжгийн зохиол болгон бичсэн: Норовын ПҮРЭВДАГВА
Найруулагч: Намнангийн НАРАНБААТАР /Төрийн соёрхолт/
Зураач: Түдэвийн ГАНХУЯГ /Соёлын тэргүүний ажилтан/


Товчхон:

"Анна Каренина" нь Оросын зохиолч Лев Толстойн бичсэн роман бөгөөд анх 1878 онд бүрэн эхээрээ ном болон хэвлэгджээ. Үүнээс өмнө 1873-1877 оны хооронд Русский вестник сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн байна.

Утга зохиол шүүмжлэгчдийн зүгээс тус зохиолыг дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол нэг хэмээн үнэлсэн байдаг. Тус зохиол дэлхийн олон хэлэнд орчуулагдаж, кино, жүжиг болон урлагийн бусад хэлбэрээр ахин дахин бүтээгдэж нэр алдарт хүрсэн. Арав гаруй гол дүртэй, найман хэсгээс бүрдсэн тус роман нь орчуулга болон хэвлэлийн газрын сонголтоос хамаарч гол төлөв 800 гаруй хуудастай, ихэвчлэн хоёр ботиор хэвлэгддэг.

Уг зохиол нь урвалт, сүсэг бишрэл, гэр бүл, гэрлэлт, Оросын эзэнт гүрний аж байдал, хайр дурлал, хот хөдөөгийн амьдрлын ялгаа гэх мэт маш өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндсөн байдаг. Энэхүү зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top