С.Гантөр: Монгол бөх маань ундаргатай тул залуу бөхчүүд хүчтэй гарч ирэх нь зүй тогтол юм даа

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Дэлхийн нийтийг түгшээж буй Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулсан. Энэ жилийн бөхийн барилдааныг талбай дээр нь тайлбарлан явуулсан Улсын ахлах бөх тайлбарлагч Санжаагийн Гантөртэй ярилцлаа.


-Сайхан наадав уу. Наадам будлиангүй сайхан болж өнгөрлөө, анх удаа хөдөө хээр задгай талбайд үндэсний бөхийн барилдааныг үзэгчгүйгээр хийлээ. Сонин содон зүйл нь юу байв гэдгээс яриагаа эхлүүлье?

-Санасныг бодвол сайхан наадлаа. Энэ жилийн наадмын хувьд хэдийгээр үзэгчгүй ч гэсэн олон сайшаалтай тал байсан гэж бодож байна. Ялангуяа би бөх тайлбарлагч хүн учраас барилдааны тухайд яривал ямар нэгэн хиймэл хивс, хиймэл зүлгэн дээр биш байгалийн амьд зүлгэн дээр бөхчүүд маань барилдлаа. Мөн цаг уурын хувьд маш тааламжтай, сайхан байлаа. Үзэгчгүй наадам олон ялгаатай юм байна гэж ойлгосон.  Наадмын бэлтгэлд гарахдаа хөдөө хээр гал болж гараад, төв цэнгэлдэхэд ирээд барилдахад наадамчин олны нүргэсэн дуу чимээн дунд ороод ирдэг. Харин энэ удаагийн наадам бол талбай солигдсон, орчин нөхцөл өөрчлөгдсөн харьцангуй дуу чимээ багатай байсан учир бөхчүүд маань  их төвлөрсөн байдалтай байсан.

-Талбай дээр ажилласан хүмүүс болон наадамчин олны ариутгал, халдваргүйжүүлэлтийн асуудлыг хэрхэн шийдэж, зохицуулж байсан бэ?

-Тэр тал дээр анхаарсан зүйлүүд байсан. Гэхдээ хувь хувьдаа сайн хичээхийг улсын онцгой комиссоос анхааруулж байсан. Мэдээж, амны хаалттай барилдана, амны хаалттай бөх тайлбарлана гэдэг боломжгүй. \инээв\

-Өмнө нь бөхчүүд маань Төв цэнгэлдэхэд хиймэл зүлгэн дээр барилддаг байлаа. Энэ жилийн  хувьд байгалийн амьд зүлгэн дээр барилдлаа. Ялгаа байсан байх?

-Мэдээж, ялгаа байлгүй яахав. Сүүлийн 4-5 жилийн наадмын үндэсний бөхийн барилдаан хиймэл зүлгэн дээр болсон. Хиймэл зүлэг нь өөрөө маш шигүү хийсэн сатуркан утас, хаймарнаас бүрддэг юм байна лээ. Тэгэхээр халуун байх үед барилдаж их хүч гаргаж байгаа бөх байтугай, тэнд тусгай өрөөнд сууж байгаа мань мэтэд хүртэл хоолой аргах, ам хатах, уруул омголтох зэрэг зүйлүүд байдаг. Тэр талаараа хиймэл зүлэг бол их сөрөг нөлөөтэй юм байна. Байгалийн амьд зүлгэн дээр барилдана гэдэг нь давуу тал ихтэй. Энэ жилийн наадмын хувьд байшин барилга байхгүй задгай агаар, салхи нь их тааламжтай байлаа.

-Хүмүүсийн нүдээрээ харж байгаа тэр агшныг давхар тайлбарлана гэдэг их сонирхолтой бөгөөд хэцүү ажил болов уу?

-Сонирхолтой гэхээсээ илүү хариуцлагатай, их хүндтэй ажил л даа. Мэдээж, бөхийн хорхойтнууд, наадамчин олон маань бөхөө таньдаг учраас заавал нэр усаар нь дуудаад байхаас илүү тухайн наадмын уур амьсгал, өнгө аясыг илэрхийлэх ёстой байдаг юм байна гэж би хатуу ойлгосон. Нурмайсан ч юм уу, дуу сулбагар, буруу зөрүү яриад л, мэдэх мэдэхгүй юмаа хэл орооцолдуулан яриад байх юм бол тэр наадам утгагүй болно. Тоглолт, цэнгүүн найр бүхий л юм тухайн хөтлөгчөөсөө шалтгаалдаг гэдэгтэй адилхан.

-Одоо үед статистик ярьдаг, өмнө жил жилийн наадмуудтай холбож тайлбар хийдэг мэдлэгтэй тайлбарлагч их ховордсон юм шиг.

-Мэдээж мэдлэг бол хамгийн чухал зүйл. Бөх тайлбарлагч хүний заавал мэдэж байх ёстой зүйл гэж байна. Жишээ нь, нэгдүгээрт талбай дээр барилдаж байгаа бөхөө таньдаг, хоёрдугаарт түүний амжилт, намтрыг мэддэг байх, гуравдугаарт бөхийн үүх түүх, уламжлалыг мэддэг байх ёстой.  Үндэсний их баяр наадмын тухай хуулийг нь мэдэхгүй, дүрэм журмыг нь дагахгүй зүгээр л бодож байгаа зүйлээ яриад байвал албан ёсны байж чадахгүй. Харин ч сүүлийн үеийн залуу тайлбарлагч нар маань статистик тал дээр их анхаардаг болсон нь сайшаалтай.

-Таны хувьд саяын наадмаар хамгийн сэтгэл хөдөлгөсөн барилдаан юу байв?

-Бөхөө үзээд, тайлбарлаад суухаараа мэдээж сэтгэл хөөрөл гаргалгүй яахав. Цолны даваа, уран гоё барилдаанууд, том цолтой бөхийг давж байгаа бага цолтнуудыг хараад ард түмэн яаж хөөрч, баярладаг билээ, тэдэнтэй л адилхан. Гэхдээ маш хүчтэй, өөртэйгөө эн тэнцүү хэмжээнд үнэлэгдэж байгаа бяртай сайхан залуучуудыг давж гарч ирээд тавын даваанд тунаад уначихсан Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдорж гээд залуу байна. Тэр залуугийн барилдааныг хараад дотроо битүүхэн харамсаад, өөрийн эрхгүй гонсойгоод сууж байлаа. Өнгөрсөн жил мөн л тавын даваанд тунаад уначихсан  юм л даа.

-Барилдааны үеэр гарсан сэтгэл хөдлөл тань бөх тайлбарлахад нөлөөлдөг үү?

-Аль болохоор өөрийн сэтгэл хөөрөл, гуниг харууслыг дарж ярих ёстой. Учир нь миний ярианаас маш олон хүн тэр наадмыг сонсож, үзэж байгаа. Өөрийнхөө бодож байгаагаа тулгаж ярих нь бөх тайлбарлагч хүнд байж болохгүй зүйл. Тухайн хоёр бөх барилдаж байхад хэн нэгнийг нь дөвийлгөх, нөгөөхийг нь доош нь хийх нь хориотой. “За манай энэ маань ч их тааруухан даа, энэ ч лут шүү дээ” гэдэг ч юм уу. Ингэж ярьж болохгүй. Дүрмэндээ ч мөн хатуу заагаад өгчихсөн байдаг.

-Та хэдэн жил бөх тайлбарлаж байна вэ?

-Би улсын баяр наадам болон бусад барилдааныг 13 дахь жилдээ тайлбарлаж байна.

-Ард түмний найдаж, итгэл хүлээлгэж байсан том цолтой бөхчүүд маань ихэнх нь тавын даваанд өвдөг шороодлоо. Энэ  талаар тайлбарлагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь бөх ч тэр аливаа зүйл үе үеэрээ цаг хугацаатай байдаг байх. Хэдийгээр том цолтой ч спортын амжилт нь тийм ч чамлахаар биш тохиолдлууд цөөнгүй байна. Судлаачид Монгол бөхийн хамгийн их амжилт гаргах оргил үеийг 20-35 нас гэж үздэг. 10-15 жил үргэлжилнэ гэж үздэг юм байна лээ. Тийм учраас энэ жилийн хувьд залуу аймгийн арслангууд, улсын цолгүй бөхчүүд олноороо дөрөв давж гарч ирсэн байгаа. 13 аймгийн залуу бөхчүүд дөрөв давсан. Түүнээс долоо нь улсын начин цол авч, хоёр нь шинээр улсын харцага цол авч байх жишээтэй. Монгол бөх маань ундаргатай тул залуу бөхчүүд хүчтэй гарч ирэх нь зүй тогтол юм даа.

-Залуу бөхчүүдийг хүчтэй гарч ирч байна гэж хэлж болох уу?

-Болно.

-Тайлбарлагч хүн мэдээж бөхчүүдийг хараад гаднаас нь шинждэг болов уу, та яаж шинждэг вэ?

-Би бөхийн спортод ойр явдаг хүний хувьд бөх хүнийг хувийн сахилга бат, ёс зүй талаас нь хардаг. Тэр хүн хичнээн өвөл, хаврынхаа барилдааныг тааруулаад, бэлтгэлээ сайхан хийчихсэн ч гэсэн нойргүйдэх ч юм уу, архи дарстай холбогдох зэрэг нь хэдэн сарын байтугай бүтэн жилийн бэлтгэлийг нь гөвдөг. Тэгэхээр бэлтгэл нь таарчихсан бөх хүн их л эмзэг болчихдог байгаа юм. Тийм учраас амжилтын оргилд тэмүүлж буй залуус маань хувийн сахилга бат сайтай, ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэгж ирсэн амжилт хэдэн үеэрээ дуурсагдаж явахын жишээ олон байдаг шүү.

-Нэрт бөх тайлбарлагч Шагдарын Чанарав гэж хүн байсан. Тэр хүний тайлбаруудыг бичиж буулгасныг уншихад их сонирхолтой байдаг. Жишээ нь “Сумьяабазар зааны гар сул яваад байна даа, ингэж байж гар ачуулах вий дээ, гар ачлаа.. гар ачаанд унахгүй гэж найдаж байна” гэдэг. Бөхийг яаж ингэж мэдэрч тайлбарлаж байна вэ?

-Ш.Чанарав гуай бол мэдэрч тайлбарлах тал дээр агуу хүн шүү дээ. Миний хувьд телевизээр төдийлөн бөх тайлбарладаггүй. Жишээ нь, хоёр бөхийг барилдаж байхад нь “Ийм барьцаас ингэдэг дээ, ийм мэх хийх гээд байна даа” гэж хэлэх нь хориотой. Яагаад гэвэл бөхчүүд маань сонсож байгаа учраас. Харин телевизээр, эфирээс тайлбарлаж байгаа хүмүүс энэ бүхнийг илүү их мэдэрч тайлбарлах шаардлагатай. Дээр нь Ш.Чанарав гуайн хувьд өөрөө бөхийн төрлөөр Монголдоо анхны дэлхийн аварга хүн. Олон шавь төрүүлсэн багш төдийгүй улсын начин цолтой бөх. Тэр утгаараа байнгын бөхтэй бэлтгэл сургуулилт, дасгалжуулалтаараа холбоотой байдаг учир ор барилддаггүй мань мэтээс бол хамаагүй илүү. Тэгэхээр телевизийн тайлбарлагч, талбайн тайлбарлагч хоёр ялгаатай.

-Монгол бөхийг үнэлэх таны үнэлэмж, бөхөөс суралцах олон зүйл байгаа байх. Тийм үү?

-Олон зүйл байна л даа. Бөх хүнийг бүдүүн баараг, хээгүй гэдэг утгаар нь хардаг. Миний бөхийг харах өнцөг арай өөр. Арав гаруй жил тогоонд нь ороод, өөрөө удирдах албанд нь ажиллаад, тайлбарлаж, нөхөрлөж ирсэн хүний хувьд би сайхан монгол эр хүнийг бөхөөр л төсөөлдөг. Бөхчүүд маань бие хааны хувьд том, булчин шөрмөс нь өгөгдөлтэй хүч чадалтай мөртлөө барилдаанаас бусад үед тэрийгээ гаргадаггүй тийм эрхэм чанартай. Тэрнээс биш хаа нэг газар хүнтэй маргалдахаараа би бөх гээд л илүүрхээд байдаггүй, ёс жудгаа эрхэмлэдэг. Ялж ялагдаад сурчихсан, нөхөрлөхөд нөмөр түшигтэй, үг даадаг. Бөх хүнд ийм сайхан давуу чанарууд байна.  Өнөөдрийн хувьд хорин хэдхэн настай залуу, улсын том цолтой болчхоод ам авна гэж байгаа юм. Энэ нь тухайн хүнээс бие дааж шийдвэр гаргах чадварыг шаардаж байгаа хэрэг. Ам авах гээд алхаж явахдаа би хэнийг нь авбал давах уу, тэр дунд өөрийнх нь найз, нутаг усных нь  насаар ах бөхчүүд ч бий. Тэр бүхнийг бодож байж тухайн үед бие даасан шийдвэр гаргах хэрэгтэй болж байна гэсэн үг. Энгийн эр хүн атаархмаар сайхан чанарууд олон бий.

-Бөхтэй холбоотой сайхан дурсамжаасаа хуваалцвал?

-Бөхтэй холбогдсон хүний хувьд хамгийн бахархалтай, дурсамжтай үйл явдал нь 2011 онд юм уу даа. Тэр жил Монгол Улсад дөрвөн тэгш ой тохиосон сайхан жил болсон. Наадам ч их хөл хөдөлгөөнтэй, нүсэр болсон. Наадмын  дараа намрын эхэн сард дахин давтагдашгүй сайхан үйл явдал болсон нь Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 6016 бөхийн бүтэн долоо хоногийн барилдаан. Ахмад нь 85 настай аймгийн арслан цолтой хүн ирж байсан. Тэдэнд давж амжилт гаргая гэж улайрахаасаа илүү тэр сайхан ёслолд оролцъё гэсэн чин сэтгэл байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр олон бөхчүүдийг жагсааж бүртгэхийн тулд төв цэнгэлдэх хүрээлэнд 6016 дарцаг хатгаад, нэг дарцгийн хажууд нэг бөхийг зогсоож байсан. Харин дуу өсгөгчөөр ярьж бөхчүүдийг жагсаах үүрэг надад оноогдсон. Ний нуугүй хэлэхэд их түгшиж байсан. Тэр олон хүнийг жагсааж, дэвүүлэх маш хэцүү гэж би төсөөлж байсан. Гэтэл 15 минутад жагсаачихсан. Тэгэхээр судлаачдын ярьдгаар Монгол бөхийг цэргийн гурван эрдмээс үүсэлтэй гэдэг нь үнэний ортой юм байна гэдгийг ойлгосон. Сайхан үйл явдал болсон шүү.

-Хэдийгээр өдөр бүр яриад байдаггүй ч бөхөд хайртай олон хүмүүс бий. Тэдэнд хандаж үг хэлэхгүй юу?

-Монгол бөх гэдэг зүгээр харвал хоёр нүцгэн хүний ноцолдоон мэт боловч агуулгын хувьд маш том өв соёл. Орчин цагийн залуус маань уламжилж ирсэн гайхалтай сайхан өв соёлоо улам түүчээлэн баяжуулж гүн хүндэтгэлтэй хандахыг хүсч байна. Монгол бөхийн хөгжил монгол хүн бүрээс шалтгаална, тэрнээс биш хэсэг бүлэг барилдаад явж байгаа хүмүүс болон бөхийн холбооны хүмүүсээс шалтгаална гэж ойлгох нь учир дутагдалтай.  Монголчуудын л өв соёл юм чинь надад хамаагүй гэж болохгүй байхаа. Та бүхэн  минь бөхөө дээдэлж, зөв талаас нь шүүмжилж цэвэр ариунаар нь үлдээхэд нь анхаарч байгаарай л гэж хэлье дээ.

 

А.ЗОЛЗАЯА

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.187) 2023 оны 12 сарын 22

Хар тамхичин хулгайч цаана нь байнаа

0  |  0
Ккк(66.181.161.92) 2020 оны 07 сарын 21

Ene mene bkhoos holdoj zailahgvvm baih daa

0  |  0
Khosoo (64.119.26.221) 2020 оны 07 сарын 21

Mundag shuu minii naiz

0  |  1
Хэнтий(100.15.93.159) 2020 оны 07 сарын 20

Юун улаан жорлонгийн хажууд зураг авахуулах дуртай юм бэ

0  |  0
Пүрэв-Очир(66.181.161.47) 2020 оны 07 сарын 21

Сайхан ярилцлага болжээ. Аргагүй л ажлаа мэддэг залуу юм даа

0  |  1
zochin(192.82.72.222) 2020 оны 07 сарын 20

Saihan yariltslaga boljee. Argagui l bukhtei oir, bukhiig meddeg hun bna.

0  |  0
иргэн(202.9.46.211) 2020 оны 07 сарын 20

ЗОДГОО ТАЙЛСАН БӨХЧҮҮД НАЙРААНД ОРОХ ГЭЖ Л БАРИЛДДАГ БИЗ ДЭЭ, ТАЙЛСАН ЮМ БОЛ ТАЙЛСАН ШИГ ТАЙЛААД НОГООН ДЭВЖЭЭНД ДАХИЖ ГАРАХ ХЭРЭГГҮЙ

1  |  0
Жигмэд(66.181.177.242) 2020 оны 07 сарын 20

Хуцаад байхын бөхийн холбооноос шууд хамаарна шдээ

0  |  0
Элбэг(203.91.115.47) 2020 оны 07 сарын 21

Сайхан ярилцлага болжээ.

0  |  1
Top