Дараагийн олимпийн наадмын бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна

2020 оны 07 сарын 20

Өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын Олимпын хороон 136 дугаар чуулганы үеэр зөвхөн "Токио-2020" Олимпийн наадмаас гадна дараагийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороодын төлөөлөл тайлангаа тавьж, шинэ мэдээллээ хуваалцжээ.

"Бээжин-2022" Өвлийн Олимпийн наадмын хувьд ихэнх уралдаан тэмцээн явагдах заал танхим бэлэн болж, энэ оны сүүлээр гэхэд тамирчдын тосгон болон үндсэн цэнгэлдэхийн барилгын ажил дуусна гэдгийг мэдэгдлээ. Өнгөрсөн 12-р сард нээгдсэн сайн дурын ажилтны бүртгэлд одоогоор 840 мянган хүн бүртгүүлээд байгаа аж.

"Парис-2024" Олимпийн наадмын хувьд, хүүхэд залууст Олимпийн наадмын ач холбогдол, үнэ цэнийг түгээх ажилд ихэд анхаарч, онлайн сувгуудыг ашиглан хагас сая хүнд хүрсэн шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Мөн ус спорт, бадминтоны тэмцээн явагдах барилгын ажлууд эхэлжээ.

"Милано Кортина-2026" Олимпийн наадмын хувьд нэр дэвшигчийн статусаас шилжилт хийж, Зохион байгуулах хороог өдөр тутмын үйл ажиллагаатай болгон өөрчилсөн байна. Шинэ сайтаа ашиглалтанд оруулж, зарим түншлэлийн ажлуудыг хэрэгжүүлж эхэлснээ онцолжээ.

"Лос Анжелес-2028" наадам ч мөн адил зохион байгуулах хороогоо байгуулж, гурван оффист 65 ажилтантай болсон байна. Тэд дотоодын хүүхэд залуусын спортын хөгжилд зориулж ОУОХ-ны тусламжтайгаар 160 сая долларын хөрөнгө оруулалт хийх болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top