Ш.Батхүүг МӨНГӨ УГААСАН, Г.Алтанг НОТЛОХ БАРИМТ УСТГАСАН хэргээр шүүнэ

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.  

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.05/ "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Шүүх хурлыг 10:00 цагт товлосон. Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүнэ.

Харин "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлээ урвуулан ашигласан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан эсэхийн гэм бурууг дэнсэлнэ. 

Хэрэв уншигчид санаж байгаа бол "Жаст"-ын Ш.Батхүү нарын Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээлсэн өрийг нь багасгаж, 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн байдаг. Тус үйлдвэрийн удирдлагууд болон Засгийн газрын зүгээс дээрх мөнгийг "Жаст"-ын Ш.Батхүүгээс ямар нэгэн хэлбэрээр гаргуулж авахаа удаа дараа илэрхийлдэг. Тухайн үед Засгийн газарт "Жаст"-ын Ш.Батхүүгийн гэх 52 тэрбум төгрөгийг битүүмжилсэн талаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирүүлсэн бөгөөд түүний дараахан АТГ-аас Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болгосон билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumurtulga Tumruu(202.9.46.143) 2020 оны 08 сарын 08

Altan Nyamdorj nar bol huzuu holooroo mon sanhuu \nturiivch neg khumuus ter bichig barimtiig ustagsan hun bol Nyamka bj bolzoshgui orondoo huuli zasdag hun shdee ene Nyamdorj

0  |  0
Dalii dorvoduud (59.153.113.243) 2020 оны 08 сарын 06

Dalii dorvoduud nymdorj altan sain shalgaa

0  |  0
сара(192.82.70.150) 2020 оны 08 сарын 07

арай дэ....шүүх үнэн зөвийг нь ол...балиар эмгэн

1  |  0
Top