АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.05/ "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.
Шүүх бүрэлдэхүүн талуудын хүсэлтийг харгалзан үзэж, шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг энэ сарын 24-ний өдрийн 10:00 цагт товлолоо.
"Жаст"-ын Ш.Батхүү нарын зургаан хүнийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
ХУРАЛ ХОЙШИЛСОН ТООГООРОО ГИНЕССИЙН НОМОД ОРЧИХ ВИЙ ДЭЭ.