С.Одбаяр: “Хэлгүй жим” киногоороо эх оронч үзлийг залууст хүргэхийг зорьсон

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 10

“Этик” продакшны жүжигчин С.Одбаяр КУДС төгссөнөөсөө хойш гурав дахь уран бүтээл дээрээ ажиллаж байгаа билээ. Нэг сургуулийн бүтээгдэхүүн болсон шижигнэсэн зургаан залуу тус продакшныг үүсгэн байгуулж, Монголын кино урлагт "тэсрэлт" хийсэн уран бүтээл бүтээхээр ханцуй шамлан орсон байна. Тун удахгүй нээлтээ хийх “Хэлгүй жим” хэмээх уран сайхны киногоо бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. Шинэхэн уран бүтээлийнх нь талаар С.Одбаяр буюу Одитой хөөрөлдлөө.


-Уран бүтээл өндөр үү. Юуны өмнө өөрийгөө уншигчдад маань товчхон танилцуулаач?

-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын унаган хүүхэд. 1989 онд төрсөн. 10 жилээ нутагтаа төгсөөд КУДС-д 2008 онд элсэн орж, 2012 онд төгссөн. Төгсөөд кинонд дуу оруулагч хийхийн хажуугаар уран бүтээлч ах нартайгаа нийлж кино хийх хүсэл сонирхолдоо хөтлөгдөн өргөн дэлгэцийн кино урлаг руу татагдан орсон доо. 

-“Этик” пропакшнаа хэдэн онд байгуулав. Анхны уран бүтээл нь ямар нэртэй кино байсан бэ?

-“Этик” пропакшнаа 2018 онд байгуулсан. Этик гэдэг бол урлагийн ёс зүй гэсэн утгатай. Хамгийн анх “Хүний цаана” хэмээх уран бүтээлээ олны хүртээл болгож байсан. Уг кино нь хүнийг гаднаас нь өнгөцхөн бүү дүгнэ. Тэр хүний дотоод сэтгэлд хэн ч байж болно гэсэн санааг агуулсан. Миний хувьд өвөрмонгол залуугийн дүрд тоглосон. Дараагийн уран бүтээл нь “Цуурхал” гэдэг нэртэй. Цахим гэмт хэрэг, цахим хэрэглээг зөв ашиглах тухайд хүүхэд залуучуудад үлгэр дуурайл, сургамж болохуйц, сэдэл өгөхүйц кино болсон. Энэ кинонд ахлах дэслэгчийн дүрд тоглосон. 

-“Этик” продакшнд харъяалагддаг уран бүтээлчдээ танилцуулаач?

-Манай захирал СТА А.Энхжин, найруулагч, зохиолч, жүжигчнээр Г.Даваазул, жүжигчнээр Ж.Батбаяр, З.Төмөрхүү, А.Баярхүү болон миний бие ажиллаж байна. Бүгдээрээ КУДС-ийн төгсөгчид. Даваазул, Батбаяр бид гурав нэг анги.

-Тун удахгүй нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа “Хэлгүй жим” кинондоо та ямар дүр бүтээв, киноныхоо талаар товчхон танилцуулна уу?

-Энэ сарын 28-ны өдөр нээлтээ хийх гэж байгаа энэхүү бүтээл маань түүхэн кино гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257 дугаар ангитай хамтарч тус киногоо хийсэн. 1990-ээд оны үед социалист нийгмийн байгууллаас ардчилсан тогтолцоонд шилжсэн үед улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрсэн цаг үе байлаа. Энэ цаг үед Монгол Улсын хойд хилд цагийн байдал ихээхэн өрнөлттэй байсан ба тухайн үед Хөвсгөлийн хэсэгтэй хил залгаа оршин суух буриад зон олны амьдрал ч хүнд хэцүү байжээ. Буриад түмний амьдрал ийнхүү хүндэрсэнээс хил зөрчиж, хулгайн ан хийх, байгалийн баялаг хууль бусаар ашиглахыг санаархаж, удаа дараа улсын хил зөрчиж байсан үе байлаа. Энэ үед хилийн 0257 дугаар ангийн дугаар салбарт алба хааж байсан ахлах дэслэгч Д.Цоодол, ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй манаа улсын хил хамгаалах тушаал авч, үүрэг гүйцэтгэж байх үедээ улсын хил зөрчигчдийг саатуулах арга хэмжээ авсан боловч хүч давуу этгээдүүдтэй таарч амь насаа алдсан бодит үйл явдлаас сэдэвлэн хийгдсэн кино юм. Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэсэн хилчдийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор уг киног бүтээсэн. Киноны гол дүрд Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Соёлын тэргүүний ажилтан А.Энхжин, М.Дорждагва, Д.Хосбаяр болон залуу жүжигчин Г.Даваазул нар тоглосон. Энэ кинонд залуусын хайр дурлал, эх оронч сэтгэл гээд бүхий л зүйлсийг шигтгэж оруулсан тун сонирхолтой кино болсон. Миний хувьд эсрэг талын дүрийг бүтээсэн.

-Эсрэг талын дүр ч гэсэн өөрийн гэсэн онцлог чанартай, дотоод зөрчилтэй байдаг. Нарийн яривал авах ч юм бий дээ?

-Тэгэлгүй яах вэ. Би бусдаас өөр дүр бүтээхийн тулд бодсон л доо. Энэ дүрийг тодотгохын тулд амьдрахын төлөө ажлаа хийж яваа гэдэг үзэл санааг илүү харуулсан. Гавъяат жүжигчин Ц.Төмөрхуяг манай омгийн удирдагчийн дүрийг бүтээсэн. Ц.Төмөрхуяг ахыг харахаар л жүжигчин биш омгийн ахлагч гэдэг хүний нүдээр намайг удирдаж чаддаг. Хүнийг харцаараа өөрийнхөө атмосферт оруулж чаддаг гайхамшигтай хүн. Мөн Соёлын тэргүүний ажилтан М.Дорждавга ах Монгол талын малчин хүний дүрийг бүтээсэн. Энэ хоёр жүжигчдээсээ бид багаараа суралцаж байсан даа.

-Киног үзсэнээр үзэгчдэд ямар бодол, бодрол үлдээсэй гэж бодсон бэ, нэр нь сонин санагдлаа. Яагаад энэ нэрийг өгөх болсон бэ?

-Нэрийг нь тайлбарлачихвал киноныхоо нууцыг тайлчих гээд байна. Та бүхэн ирж үзээд ойлгож, мэдрэх болно. Хүмүүст хүргэх гээд байгаа санаа нь хилийн цэргийн аж амьдрал, ар талынх нь амьдралыг бодитоор ойлгуулах, залуу хойч үедээ эх оронч сэтгэлгээг суулгах, цэрэгт явахыг уриалах, нэг нэгнээ хайрлах, үнэнч шударга байх сэтгэлийг мэдрүүлэхийг зорьсон. Монголын талын гурван цэргийн дүрд жүжигчин Д.Хосбаяр, Г.Даваазул, Л.Сумъяабазар гэдэг гурван сайхан залуу тоглосон. 

-Монголын кино урлаг ямар түвшинд явж байна гэж хардаг вэ. Таны хувьд үнэлж явдаг залуу жүжигчдээсээ нэрлээч гэвэл?

-Нэг үеэ бодвол өөрчлөгдсөн. Хэн нь юу хийж байгаа нь олны нүдэн дээр ил байна шүү дээ. сүүлийн үед “О&I”, “Фантастик” продакшны залуус маш чадварлаг, шинэлэг зүйл хийж байна. Бидний өмнөө тавих ёстой зорилго нь зогсолтгүй, залхуурахгүй байх хэрэгтэй.

-Этик гэдэг ёс зүй гэсэн үг гэж та ярианыхаа өмнө хэлсэн. Ер нь уран бүтээлч хүний ёс зүй ямар байх ёстой вэ?

-Уран бүтээлч хүн хамгийн эхэнд хэн байснаа мартаж болохгүй. Хоёрдугаарт шударга байх ёстой гэж боддог. 

-Цаашид ямар уран бүтээл дээр түлхүү ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Өргөн дэлгэцийн бүтээлээ хийсээр байх болно. Уг нь коронавирус дэгдэхээс өмнө “Амур” гэдэг цуврал кино хийж байсан нь зогсонги байдалд орчихсон. “Амур” зочид буудалтай хамтраад хийж байсан юм. Гэтэл тусгаарлалтын байр болчихлоо шүү дээ. “Хэлгүй жим” киноны зураг авалтаа Хөвсгөл аймагт ноднин хийгээд дууссан. Он гаргаад нээлтээ хийх гэж байтал коронавирус гарсан. Кино маань 13-аас дээш насныхан үзэх боломжтой. 28-ны өдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийгээд Улаанбаатарт байгаа бүх кино театруудаар толилуулна. 29, 30-ны өдрөөс аймаг орон нутгийн театруудаар гарна. Та бүхэн хүрэлцэн ирж тухлан үзээрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.198) 2020 оны 08 сарын 11

залуустаа баяр хүргэе, хилийн цэргүүдээ алдаршуулж, мартагдаж байгаа баатарлаг үйл хэргийг нь дэлгэцээр дамжуулж нийтэд сурталчилж байгаа нь сайн хэрэг. Цаашдын уран бүтээлд амжилт хүсье дүү нартаа

1  |  0
Top