Дараагийн хүн нь Д.ДАМБА-ОЧИР

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Шүүх байгууллага олон жил дамнасан авлига, албан тушаалын олон гэмт хэргийг эцэслэж, зохих шийтгэлийг нь оноож байна. Үүнийг хэдхэн сарын дотор С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Б.Хурц, Г.Эрдэнэбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт ял оноосон үйл явц гэрчилнэ.

Энэ нэрс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэргээр ял сонссон УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа нараар үргэлжилнэ. Шүүхээс Г.Солтанд гурван жил, Б.Ундармаар 2.8 жилийн ял оноосон билээ. 

Тэгвэл ялын тогтоолоо уншуулах дараагийн хүн нь УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир гэдэг нь тодорхой болж байх шиг.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр (2020.08.12) Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч долоо хоногоор хойшиллоо. Учир нь, шүүгдэгч Д.Дамба-Очир өмгөөлөгчөөсөө татгалзжээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Дамба-Очирын шинэ өмгөөлөгчид хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацааг олгосон байна. Өөрөөр хэлбэл, түүний шинэ өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ нэр холбогдсон 10 хавтаст хэрэгтэй долоо хоногийн хугацаанд танилцахаар боллоо. Ингэснээр шүүх хурлыг ирэх долоо хоногийн лхагва гарагт 09:00 цагт товлосон юм.

Өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг шүүх хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон байдаг.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 11 хонож байхад нь буюу өнгөрсөн даваа гарагт хувийн баталгаа гаргаж, батлан даалтад гаргасан байна. Хэдийгээр шүүгдэгч Д.Дамба-Очир өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж тайлбарладаг ч түүнтэй ижил Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний зээл авсан Г.Солтан, Б.Ундармаа нар ял авчихлаа. Үүнээс харахад дараагийн хүн нь яах аргагүй Д.Дамба-Очир байх нь.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зам(202.70.37.34) 2020 оны 08 сарын 14

чанаргүй зам барьж улсыг их хохироосон нөхөр. шоронд хий

0  |  0
Со ах(202.179.25.94) 2020 оны 08 сарын 13

ДамбаОчирыг бол буудан хороох хэрэгтэй.

0  |  0
Top