Кино театрууд хөл хөдөлгөөн БАГАТАЙ байна

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Дэлхий нийтээрээ "Ковид-19" цар тахлын улмаас айдас түгшүүртэй хэдэн сарыг үдэж байна. Гэсэн хэдий ч хөл хориог бага багаар цуцалж, долоодугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн Онцгой комиссоос PC тоглоомын газруудаас бусад тоглоомын газар, үзвэр үйлчилгээ, кино театруудыг үе шаттайгаар нээх шийдвэр гаргасан билээ.

Залуусын хүсэн хүлээж байсан кино театрууд нээгдсэн ч халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн биелүүлж байгаа талаар тодрууллаа. 

Нийслэлд кинотеатрын хувьд “Тэнгис”, “Өргөө” гэсэн хоёрхон сонголттой байсан үе ард хоцорч, “Гэгээнтэн”, “Prime Cineplex” зэрэг кино театрууд нэмэгдэж, үйлчилгээний чанар, үнийн чөлөөт өрсөлдөөн бий болжээ. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үзвэр, үйлчилгээний бүх газруудад халдвар хамгааллын дэглэмийн дагуу 17 заалттай албан бичиг хүргүүлсэн. Тус журмын дагуу кино театрууд үйл ажиллагаагаа явуулах ёстой. 

"Тэнгис" кино театрын үүдэнд зогсох хамгаалагч залуу “Маскаа зүүж ороорой” гэсэн шаардлага тавьж байв. Амны хаалтгүй хүмүүсийг дотогш нэвтрүүлэхгүй байлаа. Мөн халуун хэмжигчээр шалгаж, гар ариутгагч шингэнээр үйлчилж байв. Үүдний хэсэгт гар ариутгагч болон нэг удаагийн амны хаалт бэлдэж тавьсан байлаа. Доторх бүх худалдааны газрын ажилчид амны хаалтаа зүүжээ. Театрт хөл хөдөлгөөн бага байв. Үйлчлүүлэгч нарын ихэнх нь амны хаалттай. Гэхдээ нэг хүн зүүгээгүй байхтай таарав. Явах хэсэгт “Covid-19 зай барь!!!” гэсэн бичгийг хоёр метр тутамд наасан байлаа. Кино үзвэрийн танхимд сандал хоооронд хоёр метрийн зайтай “Зай барь!  Covid 19-ийн төлөө хамтдаа” гэсэн бичиг наажээ.

Тасалбар авах хэсэг дээр хүмүүс зай барих дэглэмээ сахихгүй, нэгнийхээ шилэн хүзүү рүү өнгөлзөх нь энгийн зүйл бололтой. Бие засах өрөөний шал цэвэр, гарын шингэн саван, гар ариутгагч бүрэн байв. Кино үзэж явсан залуу “Бид халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байгаа. Гадаа халуун өдөр масктай явахад үнэхээр хэцүү байдаг. Дотор сэрүүхэн орчинд арай гайгүй” гэв. Энд Монголын уран сайхны гурван кино, Холливудын дөрвөн уран бүтээл гарч байгаа аж. Үнийн хувьд монгол кино том хүн 8000, хүүхэд 6000 төгрөгөөр, 2D гадаад кино том хүн 8000, хүүхэд 6000, 3D гадаад кино том хүн 9000, хүүхэд 7000 төгрөгөөр “Тэнгис” кино театрт кино үзэх боломжтой байна.

"Өргөө-2" кино театрт мөн л амны хаалтгүй бол оруулахгүй гэв. Урьдын адил дарааллаар шалгуулж ороод “Зай барьсанд баярлалаа” гэсэн бичгийг даган явсаар тасалбар борлуулах цэг дээр ирэв.

"Өргөө-2" кино театр харьцангүй хөл хөдөлгөөн багатай, амны хаалт зүүгээгүй хүмүүс мэр сэр ажиглагдана. Цар тахлын үеийн дэглэмд ажиллаж байгаа учраас ачаалал эрс багассан, тогтмол ариутгал цэвэрлэгээ хийж, үйлчлүүлэгчдэд дэглэм баримтлах шаардлага тавин ажиллаж байгааг кино театрын ажилчид хэлж байлаа.

Харин "Өргөө-1" кино театрыг гаднаас нь ажиглавал “Орохыг хориглоно” гэсэн туузаар төв хаалгаа хааж, засвартай байгаа болохоор зөвхөн хойд хаалгаараа үйлчилж байв. Халдвар хамгааллын дэглэмээ мөн л адил хэрэгжүүлж байлаа. 

Аль болох цаасан мөнгө ашиглахгүй картаар тооцоо хийх, бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар бүх үйлчилгээ зохицуулахыг хичээж байгаа гэж “Өргөө-1” кино театрын ажилтан хэллээ.

“Өргөө-1”, “Өргөө-5” кино театрт энгийн 2D бол 3D киног том хүн 8000 төгрөгөөр, хүүхэд 6000 төгрөгөөр, харин “VIP” суудлаас үзэхэд 10 мянган төгрөгийн үнэтэй байна.

Бүх кино кино театруудыг хоёр цаг тутамд ариутгаж, агаар сэлгэж байхыг хатуу анхааруулжээ. Кино театруудын суудлыг 1,5-2 метрийн зайтайгаар төлөвлөсөн бөгөөд хосоороо орж байгаа үйлчлүүлэгчдэд зориулсан суудал бэлдсэн байв. 

“Хүннү синема" театрын хувьд түр хугацаанд засвартай байгаа бөгөөд дараа долоо хоногоос үүд хаалгаа нээх ажээ. 

Юутай ч кино театрууд одоогоор тогтоосон дүрэм, журмыг боломжит хэмжээнд сахин ажиллаж байгаа юм байна гэдэг нь харагдлаа. Гэхдээ одоо хичээл, сургууль жигдрээд ирэхээр ачаалал нэмэгдэнэ. Гол нь тэр үед л яг энэ байдлаараа, бүгдийг нь маск зүүлгээд үйлчлэх нь чухал билээ. 

КИНО ТЕАТРТУУД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ (Эх сурвалж: ЭМЯ)
 

Байгууллагад
 

• Биеийн халуун үзэх

• Амны болон нүүрний хаалт зүүх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Үзэгчдийг суудал алгасаж суулгах

• Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх

• Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх

• Билетийн касс, худалдааны цэгүүдэд зай барих тэмдэглэгээ хийх

• Агаар сэлгэлт тогтмол хийх, нэвт салхилуулах

• Кино эхлэхийн өмнө танхимыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх

• Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх

• 1 л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

• Гар угаах орчинг бүрдүүлж гарын цаас, саван байлгах

• Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25 мл белизна (Хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх

• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах


Үйлчлүүлэгчдэд
 

• Амны хаалт зүүх

• Хүн хоорондын зай барих

• Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

• Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх

Б.ОТГОН-ЭРДЭНЭ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top