Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтан Ц.Цолмонбаатар, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр дараах мэдээллийг өгөв.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:
-Өнгөрсөн 14 хоногийн байдлаар гурван удаагийн зөрчлийн мэдээлэл НОБГ-т ирсэн. Тодруулбал, иргэн Д, Б нар тус бүр хоёр ширхэг тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлж, зөрчлийг арилгуулсан. Мөн нийслэлийн иргэд Туул, Хэрлэн голд амарч зугаалж явах үед усанд осолдох тохиолдол ихээхэн гарч байна. Иймд НОБГ өнгөрсөн зургаадугаар сарын 15-аас аравдугаар сарын 15 хүртэл завьт эргүүлийг ажиллуулж байгаа. Энэ хугацаанд 280 орчим иргэнийг усны ослоос авран хамгаалав. Одоогийн байдлаар усанд нэрвэгдсэн гурван иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа явуулж байна. 11 настай хүүхдийг авран хайх ажиллагааг түр зогсоогоод байгаа бөгөөд энэ сарын 25-наас хүч нэмэгдүүлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ.
Энэ сарын 4-нд 25 настай эмэгтэй Тэрэлжид усанд осолдсон мэдээллийн дагуу 200 орчим хүнтэй эрлийн баг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Мөн 25 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голд толгойгоо угаах гэж байхдаа ус руу унасан дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Завьт эргүүлийн ажилтнууд амарч зугаалж яваа иргэдэд анхаарал болгоомжтой байх, хүүхэд, багачуудад тавих хараа хяналтаа сулруулахгүй байх заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )