Э.Уянга: Бэлхүүсний бүжиг нурууны хамгийн сайн дасгал болдог

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

Орчин үеийн залуусын өнгө төрхийг төлөөлж яваа, гал цогтой бэлхүүсний бүжгийн багш бүсгүй, МУИС-ийн аэробекийн шигшээ багийн тамирчин Э.Уянгыг өнөөдрийн дугаартаа онцолж байна. Тэрбээр Азийн аварга шалгаруулах аэробекийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан авьяаслаг нэгэн юм.

-Хүмүүс эрүүл байхын тулд хөдөлгөөндөө их анхаардаг болжээ. Бэлхүүсний бүжиг биеийн бүх хэсгийг ажиллуулах идэвхтэй хөдөлгөөн байж чадах уу?

-Тэгэлгүй яах вэ, бэлхүүсний бүжиг бол бүжгийн төрлүүд дундаа хамгийн их өөх шатаадаг бүжигт тооцогддог. Бэлхүүсний бүжиг гэдэг утгаараа бэлхүүсийг хамгийн их тураадаг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өгснөөр хоолыг хурдан шингээж , бохирдлыг гадагшлуулахад чухал үр нөлөөтэй. Үүнээс гадна спиннинг, фитнесийн дасгалуудыг гаднын ямар нэгэн хэрэгслүүдийн тусламжтай хийдэг бол бэлхүүсний бүжиг нь зөвхөн өөрийн дотоод энергээр булчингуудыг ажиллуулдаг учраас илүү их хөлөрч, үр дүнтэй байдаг. Бэлхүүсний бүжиг гэхээр зөвхөн бэлхүүсээрээ нарийхан байна гэж ойлгож болохгүй. Харин ч булчинлаг, чанга биетэй уян налархай, нуруу цэх, биеэ зөв авч явдаг болно. Бэлхүүсний бүжгийн ялгарах гол онцлог нь Араб, Египтээс гаралтай бөгөөд бүсгүйчүүдийн бие галбирыг төгс цогцлоож өгдөг. Монгол охидын биеийн онцлог нь нарийхан хөлтэй, тааз жижигтэй байдаг бол бэлхүүсний бүжгээр хичээллэвэл биеийнхээ галбирыг өөрчлөх боломжтой.

-Залуухан, ид гоо сайхнаа гайхуулж яваа охид энэ бүжгийг их бүжиглэж харагдах юм. Тэгэхээр энэ бүжгийг залуу насны бүжиг гэж ойлгож болох уу?

-Бэлхүүсний бүжгээр сонирхогчид, анхан, дунд шатныхан, мэргэжлийн гээд олон төрлөөр дэлхийд маш олон эмэгтэй хичээллэж байгаа. Тэгэхээр бага насны хүүхдүүд сонирхогч маягаар хичээллэж болно. Ихэвчлэн 17-35 насны эмэгтэйчүүд энэ бүжгээр хичээллэдэг боловч хүсвэл ямар ч насныхан бүжиглэх боломжтой.

-Бэлхүүсний бүжиг эрүүл мэндэд олон эерэг нөлөөтэй байх?

-Ялангуяа бүсгүйчүүдэд олон давуу тал бий шүү. Оффист удаан суугаад нурууны муриилттай, суулттай болсон хүмүүс гэнэтхэн үсэрч харайгаад, зумба хийгээд, төмөр өргөөд байж болохгүй. Зөөлөн, хөнгөн хөдөлгөөн буюу доргилт өгдөггүй бэлхүүсний бүжгийн дасгалуудыг хийх хэрэгтэй. Хамгийн гол нь хүнд биш, ачаалал бага хэр нь үр дүн сайтай. Нурууны хамгийн сайн дасгал бол бэлхүүсний бүжиг. Үүнээс гадна эмэгтэйчүүдэд үтрээний булчин чангалах номер нэг дасгал болдог. Эмэгтэй хүн таазаараа хөдлөхдөө үтрээ хэсгээ чангалдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн нууцхан асуудлыг хүртэл давхар шийдэх ач тустай байх нь.

-Турах, галбиржих фитнесийн дасгал хөдөлгөөнүүд ихэнх нь тоног төхөөрөмж шаардагддаг. Бэлхүүсний бүжгийн техникийг сурчихвал хамгийн хямдхан галбиржих арга юм шиг санагдаж байна?

-Мэдээж, тийм шүү. Гэрийнхээ аль нэг буланд л аяа сонсоод бүжиглэх боломжтой. Талбай бага шаардана. Заавал фитнест очоод л хувцсаа солиод, эсвэл маш үнэтэй тоног төхөөрөмж худалдаж авах ямар ч шаардлагагүй. Хамгийн гол нь эхний удаа мэргэжлийн багш дээр биечлэн ирж, бэлхүүсний бүжгийн арга техникийг зөв сурчих юм бол цаашид хаана ч идэвхтэй хөдөлгөөнтэй байх боломжтой. Хүмүүс хөдөлгөөний техникээ анхнаасаа буруу сурвал бөөр өвдөх муу нөлөөтэй, мөн техникүүдээ ахиулж сурах боломжгүй.

-Анх бэлхүүсний бүжгээр хичээллэх болсон түүхээсээ хуваалцвал?

-Би гурван настайгаа бүжиглэж эхэлсэн. Анх цэнгээнт бүжиг бүжиглэж тэмцээн уралдаанд маш их оролцдог идэвхтэй хүүхэд байсан. Тухайн цаг үед ямар бүжиг тренд болж байна, тэрийг л сонирхож бүжиглэдэг байсан. Ахлах ангидаа гудамжны бүжгээр нэг хэсэг хичээллэсэн. Нэг удаа сургуулийн урлагийн наадам болоход би гоцлол бүжиг бүжиглэх хэрэгтэй болсон. Тэр үед би кинон дээрээс бэлхүүсний бүжгийг хараад, оролдоод үзье гэж бодоод анх бүжиглэж байсан. Тэгэхэд л надад маш гоё санагдсан. Хамгийн гол нь үзэгчдийн сэтгэл хөдлөл, найзууд, багш нарын маань хүлээж авч байгаа байдал надад урам хайрласан. Өсвөр насны хүүхэд байсныг ч хэлэх үү, бүгд намайг магтахаар урамшаад энэ бүжигт дурлаж байсан. Тэгээд л би мэргэжлийн багштай болъё гэж шийдээд Н.Баярмаа багш дээр очиж байсан. Одоо бол би өөрийгөө бэлхүүсний бүжиггүйгээр төсөөлөхгүй.

-Энэ бүжгийг бүжиглэхэд их задгай хувцас өмсдөг шүү дээ. Ичиж сандрах зүйл байдаг уу?

-Бэлтгэлийн хувцас тийм ч задгай биш. Тоглолтын хувцас яах аргагүй задгай хувцас л даа. Хөх, бэлхүүс, гуя гээд л эмэгтэйлэг бүх хэсгийг гаргасан хувцастай бүжиглэдэг. Гэхдээ би анхнаасаа л ерөөсөө ичиж байгаагүй. Харин ч өөрийгөө хайрлаад, эмэгтэй хүн гэдгээ илүү мэдэрдэг. Эмэгтэй хүн өөрийгөө “Би чинь ямар үзэсгэлэнтэй юм бэ” гэж харах боломжийг бэлхүүсний бүжиг олгодог болов уу.

-Бэлхүүсний бүжгийг хэдэн жилийн хугацаанд хэчнээн хүнд заасан бэ?

-Би багшлаад гурван жил болж байна. Над дээр ирж бэлхүүсний бүжиг сурсан бүх хүмүүсийн нэгдсэн групп одоогийн байдлаар 3500 хүнтэй болсон байна. Тэдгээр хүмүүсийн дотор сонирхлоороо аль эсвэл бүжиг сурах гэж, галбиржиж турах гээд л янз янзын л зорилготой хүмүүс байдаг. Өсвөр насны охид зөв бие галбиртай болж өсөх гэж ирдэг бол идэр насны бүсгүйчүүд ажлын хажуугаар стрессээ зөв тайлах, хөдөлгөөний дутагдлаа арилгах, нөгөө нэг нууцхан хүсэл нь нөхөртөө бүжиглэж өгч хайрыг нь татах гэх мэт олон зорилготой ирдэг. Харин нас тогтсон эмэгтэйчүүд шинэ мэдрэмж авах, залуудаа хийж үзээгүй зүйлээ одоо хийж үзье гээд ирдэг.

-Хэрэв коронавирус гараагүй байсан бол та өдийд бэлхүүсний бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж байх байсан. Таны цаашдын зорилго юу вэ?

-Коронавирус гараагүй байсан бол 2020 онд Энэтхэгийн Дубай хотод зохион байгуулагдах “Дэлхийн бэлхүүсний бүжгийн фэстивал”-д оролцох байсан. Олимп шиг дөрвөн жилд нэг удаа зохиогддог. Миний хувьд тэр тэмцээнд явахын тулд бүхий л тал дээр өөрийгөө бэлдэж байсан. Гэхдээ энэ тэмцээн цуцлагдахын сацуу дэлхийн гайхалтай бүжигчдийн онлайн хичээлийг үзэж туршлага судлах боломж бий болсон. Гэсэн хэдий ч хэзээ нэгэн цагт вирус дуусна. Багшийнхаа шийрийг хатаана гээд л бэлхүүсний бүжгийн дэлхийн аваргын тэмцээндээ бэлдсээр л байна даа.

А.ЗОЛЗАЯА

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МГЛ(66.181.161.102) 2021 оны 02 сарын 09

Энэтхэгийн Мумбай хот. Арабын нэгдсэн эмиратын Дубай хот

1  |  0
Э.Уянга(64.119.17.195) 2021 оны 02 сарын 09

Сургалтанд маань хамрагдах хүсэлтэй бүсгүйчүүд маань 89612198 утсаар холбогдоорой Bellydancer Uka гээд Facebookes хайвал мэдээллүүд гарч ирнээ

2  |  0
Э.Уянга(64.119.17.195) 2021 оны 02 сарын 09

Арабын Дубай хот шүү ххэ

1  |  0
mgl emegtei(77.87.228.70) 2020 оны 08 сарын 14

Klub n haana bdg we? zaalgamaar bn

1  |  0
Э.Уянга(64.119.17.195) 2020 оны 08 сарын 14

Баярлалаа.Маш олон хүмүүсийн асуудаг асуултуудыг асууж цэгцтэй нэгтгэн ярилцлаа

1  |  0
1(202.70.34.98) 2021 оны 02 сарын 09

Сайхан бүсгүй юмаа

1  |  0
(66.181.168.131) 2020 оны 11 сарын 04

Wow

1  |  0
Top