ФИБА U17 ур чадварын тэмцээний Азийн сонгон шалгаруулалтад оролцсон Монгол Улсын шигшээ баг Ливан улсын багийг 115:118 (Бага оноотой нь хожих дүрэмтэй) харьцаатайгаар хожиж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа.
Монголын багийн хувьд урьдчилсан хэсэгт 12 багтай өрсөлдсөн бөгөөд хэсгээс 2-р гарч Ливан (Lebanon) Улсын багтай таарсан.
Ливаны багийн хувьд А хэсгийн 1-р байраар гарч онооны рекорд хийсэн хүчтэй баг байлаа.
Нөгөө эрхийн төлөө Иран болон Тайланд улсууд өрсөлдөж, 124:124 оноогоор тэнцсэн ч Тайланд улсын баг илүү оноо авсан учир 15:19 харьцаагаар Ираныг хоиж, дэлхийд өрсөлдөх эрхээ авчээ.
ФИБА-гаас (5х5) U17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Ковид-19 цар тахалаас болж цуцалсны улмаас Дэлхий даяар энэхүү ФИБА U17 ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.
ФИБА-гийн 2020 оны 5х5-ын U17 насны Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан байсан 15 улс дээр Африк, Америк, Европ тив тус бүрийн Урьдчилсан хэсгээс нэг, Ази-Далайн орнуудыг нийлүүлсэн тул хоёр эрх олгож, нийт Дэлхийн шилдэг 20 баг ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ур чадварын тэмцээнд өрсөлдөнө.
Тэдний нэг нь Монгол Улс болж байгаа гайхалтай мэдээг дуулгаж байна. ФИБА U17 Дэлхийн аварга багийг шалгаруулах ур чадварын тэмцээн ирэх 2020 оны наймдугаар 18-23-ны өдрүүдэд болно.
Сэтгэгдэл ( 0 )