УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиас хойш "нойрмог" байсан улс төр өнгөрсөн долоо хоногийн даваа /2020.08.17/ гарагаас сэрж эхэллээ. Гэхдээ ээлжит бус чуулганыг нээсэн гэхээсээ илүүтэй түүгээр хэлэлцэж байгаа хэд, хэдэн асуудал тэднийг сэрээсэн хэрэг. Эрх баригч намаас эхлээд сөрөг хүчин, улс төрийн гуравдагч тоглогч нам хүртэл ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа асуудалд ил болон далд хэлбэрээр байр сууриа илэрхийлж, улстөржлөө. Түүгээр ч зогсохгүй нам харгалзахгүй парламентын эмэгтэй гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг бүлгийн хэмжээнд ажиллахаа хүртэл мэдэгдэв. Энэ бүхнээс илүү өнгөрсөн хугацаанд олон удаагийн мэдэгдлээрээ төсөвт тодотгол хийхгүй гэдгээ "ам бардам" илэрхийлж байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвөө тодотгож оруулж ирсэн нь өнгөрсөн долоо хоногийн улс төрийн үйл явдлын гол сэдэв, олон нийтийн анхаарлын төвд байлаа. Үүнээс гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ч улс төрийн хоёр том намын хооронд улстөржих гол сэдэв байсан гэхэд болно. Ингээд шинэхэн парламентын ээлжит бус чуулганыг нээсэн эхний долоо хоногт өрнөсөн улс төрийн онцлох үйл явдлын заримыг нь тоймлон хүргэж байна.
-ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ, ХИЙХГҮЙ-
Нэгэнт эрх баригч намынхан Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийхээр оруулж ирсэн. Тэд төсөвт тодотгол хийх болсон шалтгаанаа дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай холбон тайлбарлаж байгаа билээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын оруулж ирсэн төсвийн тодотголд дурдсанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 оны эхний зургаан сарын байдлаар 4,358.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 1,212.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт саарч, оны эцэст төсвийн орлого буурах нөхцөл үүссэнтэй холбоотой аж. Тйимээс Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгээ Сангийн сайд онцолж байгаа юм. Түүнчлэн шаардлагатай өөрчлөлтүүдийг төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 2,170.7 тэрбум төгрөгөөр буурч 10,729.3 тэрбум төгрөг болно гэж тайлбарлаж байна. Харин эрх баригч намын оруулж ирсэн төсвийн тодотголыг сөрөг хүчин болон бие даагчид эсэргүүцэж байгаагаа чуулганы хуралдаанаар илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өмнө нь баталж байгаагүй алдагдалтай төсөв болж байгааг анхааруулсан бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Чингис” бондын өртэй тэнцэх хэмжээний төсөв батлах гэж байгааг сануулсан билээ.
-ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ УГТСАН УЛСТӨРЖИЛТ-
Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сард болно. Энэ ч утгаараа улс төрийн хоёр том намын хооронд ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь улстөржих гол сэдэв байв. Сөрөг хүчний зүгээс тус хуулийн төслүүдийг ирэх аравдугаар сард нээлтээ хийх УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн, батлах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа бол эрх баригч намын зүгээс эсрэг тайлбарыг хэлж байгаа юм. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны үеэр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, реформ хийх, 2020 оны намрын ээлжит чуулганаар нухацтай хэлэлцэх саналыг илэрхийлэв. Улмаар УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан тав хоногийн завсарлага аваад байна.
-НАМ ХАРГАЛЗАХГҮЙ БҮЛГИЙН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАНА-
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 13 эмэгтэй нэр дэвшигч парламентын гишүүнээс сонгогдон ажиллаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тэдний 11 нь МАН-аас, үлдсэн хоёр нь АН-аас сонгогдсон. Тэгвэл тэд өнгөрсөн долоо хоногт нам харгалзахгүй бүлгийн хэмжээнд ажиллахаа мэдэгдэж, мэдээлэл хийсэн. Тус бүлгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахална. Тэрбээр "УИХ-ын даргатай зөвшилцөн албан ёсны бүлэг байгуулсан. Энэ бүлгээрээ дамжуулан нийгмийн өмнө тулгамдсан олон асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэх, үр дүнд хүрэх зорилготой ажиллана. Бүлэг хуралдаж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлсон. УИХ-ны сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзаж байхад бидэнд захисан, хүээлгэсэн үүрэг даалгавар байдаг. Энэ хүрээнд арав гаруй гол асуудалд суурилан ажиллах төлөвлөгөөгөө гаргаж байна. Бүх гишүүн арав гаруй үндсэн үйл ажиллагаандаа багаараа оролцоно. Асуудлыг дундаа орхигдуулахгүйн үүднээс дор бүртээ судалж байгаа чиглэлээрээ ахалж ажиллах зохион байгуулалтад орсон" хэмээн тайлбарласан байдаг. Тэд бизнес эрхлэх боломж, боловсрол, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, хүний хөгжлийн цогц бодлого, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг арав гаруй асуудалд манлайлж ажиллахаа илэрхийлээд байгаа юм.
-ҮНДСЭН ХУУЛИЙН 6.2 ДАХЬ ЗААЛТ ДУУЛИАНЫ ГОЛ СЭДЭВ БАЙЛАА-
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлан, улмаар энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж, мөрдөж байгаа билээ. Олон нийтийн зүгээс тус хуулийн хэсэгт "Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" гэж заасан нь гадны иргэдэд газар нутгаа зарах боломжийг нээж өглөө хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон МАН-ын бүлгийн зүгээс Төрийн ордонд бүх талыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Төрийн нийтийн өмч гэдэг тодорхойлолтыг тайлбарлах нь зөв байх. Төрийн нийтийн өмчийг хэрхэн ашиглах вэ гэдгийг Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар тодруулсан гэж ойлгож болно. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурлана гэж. Алсын хараа гэж баталлаа, ард түмэндээ өгөөжтэй бодлого хэрэгжүүлнэ гэж заалаа. Одоо ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулна. Энэ нь уул, ус болон байгаль дэлхийдээ хохиролгүй байна гэсэн үг. Үр өгөөжийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үедээ шударга тэгш хүртээнэ гэж заасан. Зөвхөн хэсэг бүлэг, цөөн хүн үр өгөөжийг нь хүртэх биш нийт ард түмэндээ хүтээмжтэй байхад чиглэнэ гэдэг агуулгыг хуульчилсан юм. Энэхүү агуулгаар бусад холбогдох хууль нь өөрчлөгдөх учиртай. Одоо боловсруулалтын шатандаа явна. Төрийн нийтийн өмч гэдгийг айхтар буруу зүйл гэж бодоод байна. Гадныханд газар зарах гэж байна гэсэн ташаа, худал мэдээлэл тарааж байгаа юм. Үүнийг бид ТЕГ, ЦЕГ болон хуулийн байгууллагаар шалгуулсан. Тийм мэдээлэл ор үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Төрийн нийтийн өмчийг хэн нэг нь санаанаасаа зохиосон юм биш. Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэхэд гарсан үг" хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн асан Д.ЛҮНДЭЭЖАНЦАН "Үндсэн хууль бол маш их маргаан мэтгэлцээний дундуур гарсан. Харин ч нуруутай гарсан гэж боддог. Зохион байгуулагдсан ард түмнийн төр гэж нэрлэдэг. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон УИХ бол ард түмний төлөөлөл. Үүнээс илүү төлөөллийг гаргаж чадахгүй байна. Төрийн өмч гэдэг нэрээр 1992 оноос явж ирсэн. Төрийн өмчийг УИХ-аас авахуулаад л лиценз тараагаад явсан. Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдгийг тодруулмаар байна гэх яриа их явсан. Хэд хоног ярьсан. Төрийн өмч гээд хэлчихсэн чинь эзэн нь улсаа мэдэж, иргэн нь усаа хашдаг гэдэг шүүмжлэл гараад байсан юм. Ард түмний өмч гэхээр тэр 3.2 сая иргэн яаж цуглах юм. Эндээс улбаалж төрийн нийтийн өмч гэж нэрлэсэн юм. Төр нь шийдвэрээ гаргана, харин иргэдээсээ асууна гэдэг утгаараа оруулж баталсан. Харин бусад зүйлийг нь холбогдох хуулиараа тодорхой болгож өгнө гэж ярьцгаасан юм" гэдгийг тодотгосон байдаг.
Сэтгэгдэл ( 0 )