БОКС: Энэ өдөр монголчууд ОЛИМПЫН АВАРГАТАЙ болж байв

2020 оны 08 сарын 24

"Бээжин-2008" зуны ХХIХ олимп монголчуудад тун ээлтэй наадам болж өнгөрсөн.

Монгол Улсаас Олимпын анхны аваргын алтан медалийг Найдангийн Түвшинбаяр 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр хүртэж, монгол түмнийхээ магнайг хагартал баярлуулж байсан бол үүнээс 10 хоногийн дараа монголчууд хоёр дахь алтан медалиа хүртсэн юм.

Энэ түүхэн өдөр өнөөдөр /2020.08.24/ тохиож байна. МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган 12 жилийн өмнө энэ өдөр олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж, "ОЛИМПЫН АВАРГА" хэмээх эрхэм алдрын эзэн болсон. Тэрбээр зуны XXIX олимпийн наадмын боксын тэмцээний 54 кг-д хүч, хурд, ур чадвараа сорихдоо эхний тойрогт Мексик улсын боксчин Оскар Вальдезийг 15:4 -өөр, хоёрдугаар тойрогт Ирландын боксчин Жон Жо Невинийг хоёр удаа хүнд цохилтод /нокдаун/ оруулж 9:2-оор тус тус ялж, дараа нь Ботсван улсын тамирчин Хүмисо Игкополенгийг 15:2-оор илүүрхэн ялсан юм. Улмаар хагас шигшээ тулаанд Молдова Улсын боксчин Вячеслав Гожаныг 15:2-оор мөн л илт давамгай ялсан юм.

Олимпийн аварга Э.Бадар-Ууганы хувьд 13 настайгаасаа дасгалжуулагч Д.Ганзориг /Монгол Улсын гавьяат дасгалжуулагч/-ийн шавь болж боксын спортоор хичээллэж эхлэн, 10 жил энэ спортоор уйгагүй хичээллэн амжилтаа ахиулсаар, 2008 онд Бээжингийн зуны ХХIХ олимпийн наадмаас хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирж, боксын спортоор олимпийн алтан медаль хүртсэн анхны тамирчнаар тодорч монголчуудаа баярлуулсан алдартан юм.

"ОДТОЙ АВАРГА". Э.БАДАР-УУГАН БААТАРТ ЗОРИУЛСАН КЛИП

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.241) 2020 оны 08 сарын 24

2008 оны олимп эхлэхээс өмнө алтан медаль авах нь тодорхой болчихсон дэлхийд чансаагаараа тэргүүлсэн тамирчин байсан шүү. Гэмтлийг нь буруу оношлосон гэж ярьдаг юм билээ. Хэрвээ дахин тоглох боломж байсан бол амжилт гаргах байсан тамирчин гэж боддог шүү.

0  |  0
Top