Монголын төр Ш.Батхүү нарын 40 сая ам.долларын өрийг төлөөд 16 сар өнгөрлөө

2020 оны 08 сарын 25

2010-2012 онд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг “Стандарт" банкны барьцаанд тавьсан өрөө жил гаруйн өмнө улсын мөнгөөр даруулсан “Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлоод байна.

 

Хуулийн процесс ийн шийдэлгүй үргэлжилж буйтай зэрэгцэн төрөөс төлж барагдуулсан 40 сая ам.доллар  төрийн дансанд хэзээ эргэн орох вэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй.

Сануулахад, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас  “Стандарт” банканд 40 сая ам.доллар төлж, олон жил яригдсан өрийг тэглэлээ гэх мэдээллийг 2019 оны дөрөвдүгээр сард албаны хүмүүс өгсөн. Тус үйлдвэрийн Эрсдэлийн сангийн мөнгө гэдэг нь улсын мөнгө гэдгийг хэлэх нь бараг илүүц болох байх л даа.

Хэрэв энэ өрийг төлөөгүй бол “Эрдэнэт Үйлдвэр”-ийн гүйлгээг царцаах, эрх бүхий албан тушаалтнуудых нь гадаадад зорчих эрхийг хязгаарлах, баривчлах, эд хөрөнгийг нь хураах эрсдэл байсан гэж дарга нар тайлбарласан юм.  

“Стандарт” банкны тодорхой хувийг БНХАУ-ын Аж үйлдвэр, худалдааны банк эзэмшдэг тул үйлдвэрийн баяжмалыг Хятадууд барьцаалах, “Стандарт” банк өр төлбөрөө гуравдагч этгээдэд шилжүүлэх зэрэг асуудлууд байсан тул 40 сая ам.доллар төлж, өрийг хаахаас өөр зам байсангүй гэж тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн нар хэлж байв.

Сайд дарга нарын хэлсэнчлэн дээрх эрсдэлүүд байсан учраас төрөөс 40 сая ам.долларын өр  төлж барагдуулжээ гэж ойлгож буй ч төлж барагдуулснаас хойш 16 сарын хугацаа өнгөрөөд байхад улсад нэг ч төгрөг орж ирээгүй байгааг сануулъя.

Мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэсэн үндэслэлүүдээр яллагдаж буй Ш.Батхүүгийн тухайд бизнесээ  дампуурсан гэж мэдэгддэг ч түүний хөрөнгөтэй холбоотой анхаарал татсан асуудлууд бий. Түүнийг анх яллагдагчаар татагдахад хураан, битүүмжилсэн гэх хөрөнгө нь алга болсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Түүнчлэн хураагдсан хөрөнгө нь хаачив гэдэг асуудлыг манай сэтгүүлч 2019 оны дөрөвдүгээр сард хөндөн, УИХ-ын нэр бүхий гишүүдээс байр суурийг нь тодруулж байв.

Өдгөө Хууль зүйн сайд болсон Х.Нямбаатар тухайн үед “Бид жилийн өмнө яг энэ асуудлыг хөндөж байсан. Гэхдээ дотор нь орж ажиллаагүй учраас нарийн мэдээлэл алга байна. “Эрдэнэт” үйлдвэр гадаад, дотооддоо хэрүүлтэй байгааг бүгд мэднэ. Гадаад өр төлбөрөө хамгийн зохистой бага хэмжээнд нь хэлэлцээ хийх замаар төлөхгүй бол өдөр тутам хүү, алданги тооцож байгаа. Дотооддоо байгаа асуудалд холбогдох хүмүүс нь гадагш явчихаагүй шалгагдаж байгаа болохоор тэднээс төлбөрийг нь барагдуулна. Төр эд хөрөнгийг нь хурааж авах, битүүмжлэх замаар улсыг хохиролгүй болгох чиглэлээр ажиллаж байгаа гэж ойлгосон” гэх мэдээлэл өгч байлаа.

Тэгвэл үүнээс гурван сарын дараа буюу 2019 оны долоодугаар сард Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийн жагсаалт ил болж байсан юм.

Одоо Хууль зүйн сайдаар ажиллаж буй Х.Нямбаатар сайдын хувиар ойлголтоо улам лавшруулан ажиллаж байгаа гэж найдаж байна.

Тодотгоход, хуулийн байгууллагаас   Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж буй бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлээ урвуулан ашигласан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан эсэхийн гэм бурууг хэлэлцэхээр хүлээгдэж буй юм.

Хуулийн дагуу холбогдогч этгээдүүдийн гэм буруу нь  гурван шатны шүүхээр эцэслэн тогтоогдсоны дараа эд хөрөнгийг нь  өр төлбөр барагдуулахад ашиглах ёстой. Харин тэр хүртэл “төрийн мөнгө уйлдаггүй” гэгчээр  40 сая ам.долларын өр дарж өгсөн төр нэг ч ам.доллар олж авч чадахгүй байх нь.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
харамсалтай(64.119.16.238) 2020 оны 08 сарын 26

ЭНЭ алдартай хулгайчууд шүүх, хуулийнхантай нийлчихжээ. ЯАЖ ийгээд хурлаа хойшлуулсаар хэдэн ч жил болов доо. ХУУЛИЙН байгууллагуудаа шударга бус албан тушаалтнуудаас цэвэрлээгүй цагт ажил урагшлахгүй юм байна.ХУУЛИЙН байгууллагууддаа ИХ цэвэрлэгээ хийгээчээ.

0  |  0
Ж(99.229.251.229) 2020 оны 08 сарын 26

Энэ мантуугаас төр хөрөнгөө буцааж аваад, чанга дэглэмтэй шоронд явуулбал таарна!!

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 25

mongoliin jinhen muu muuhai hymyys baina

0  |  0
Ан-ын гишүүн(202.179.24.62) 2020 оны 08 сарын 25

Батхүү далд эзнээ нуугаад тэр өөрийг нь аврана гэж бодож байгаа бол горьдосны гарз. Ийм хулгайч нар гэрчээ устгадаг нь энэ ертөнцийн бичигдээгүй хууль. Зоригийн хэрэг яагаад илрэхгүй байна гэвэл түүнд их хэмжээний мөнгө амалж хуурч хаа нэг газар аваачаад бодийг нь хөтөлсөн. Эцсийн эцэст эх орноо сонгож хэргээ үнэнээр ньхүлээж жинхэнэ эзкнээ нэрлэвэл тэр амьд үлдэнэ. Өөрөөр амьд үлдэх ямарч гарц байхгүй. Гэхдэ.э эрдэс баялгийн хулгайч нарын нэгэн адил эзнээ илчлэхгүй гүрийж байгаад л үхэл сонгох нь дээ. Эзэд нь эх орноос нь илүү үнэтэй, илүү өршөөлтэй юм байхдаа. Тэнэг үү дээ гэж Тэнэгээрээ ү

0  |  0
zochin(202.9.46.72) 2020 оны 08 сарын 25

hurdan shuugeed horiod hohirlug n ed horongoor n tolyuleechee !! shunaltai buzar yum

0  |  0
зочин(103.111.68.3) 2020 оны 08 сарын 25

энэ хулгайч нараас яаж мөнгөө салгаж авах вэ ,ичихгүй юмдаа үр хүүхдүүд байжл байна.

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 25

Yaaj hohiroloo baragduulah yum bol,shorond suugaad bolchino gej bodood bn uu,shoron bol huuli zurchsun shiitgel,harin mungu hulgailsan bol erguulj tuluh hohiroliig davhar baragduulah yostoi uuniig buh ger bul ah duu ni hurtel hamaarna,bugdii ni huraadag yum ter ameriked chini

1  |  0
Top