Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.25/ ээлжит мэдээллээ өгсөн.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 19900 багш өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд хичээл, сургуульдаа хэрхэн хамрагдах сургалтадаа хамрагдсан. Энэ өдрүүдэд үлдсэн найман аймаг нь сургалтаа зохион байгуулна. Ингэснээр бүх багш, ажилчид нэгдсэн мэдээ, мэдээлэлтэй болж байгаа юм. Энэ хичээлийн жилд нийслэлээс гадна зургаан аймаг нэгдүгээр ангийн элсэлтийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлж зохион байгуулж байна. Зарим сургууль өөрсдөө бие дааж, цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Нийт 377 сургууль нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутгийн нэгдүгээр ангийн элсэлт 54 хувь, нийслэл 60 хувьтай байна. Наймдугаар сарын 28-ний өдөр гэхэд элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа дуусна" гэв.
Түүнчлэн "Дүрэмт хувцсыг 140 цэгээр зарж байна. Нөөц хангалттай байгаа болохоор санаа зовох хэрэггүй. Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нийт сургуулийн 80 хувь нь хоёр удаагийн халдваргүйжүүлэлтийг хийсэн. Гар угаалтуурыг нэмж байршуулсан. Цаашид нь орчин, нөхцөлийг сайжруулна. Халуун хэмжигч, ариутгалын бодисын зардлыг гаргасан зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Сургуулийн нээлтийн үйл ажиллагаа уламжлалт ёсоор явагдахгүй. Гэхдээ хичээл, сургууль нь хэвийн үргэлжилнэ" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )