Х.Нямбаатарын зүтгүүлсэн хуулийг ХЭН ЗАХИАЛАВ

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн халааг авсан Х.Нямбаатарын санаачилсан хууль шинэ парламентын босго давалгүй уналаа. Ард нь тэр хуулийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хэн захиалав гэх хардлага үлдэж байна. Учир нь, өнгөрсөн долоо хоногийн даваа /2020.08.17/ гарагт нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулган маргааш /2020.08.28/ хаалтаа хийнэ. Харин ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Х.Нямбаатар сайд яаравчлан оруулж ирж, парламентаар батлуулахаар зүтгүүлсэн нь дээрх хардлагыг төрүүлэх гол шалтгаан болов. 

Хоёрхон хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн эрх мэдлийн хүрээг нэмжээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь танхимын бүрэлдэхүүнийг батлах, сэлгэх эрхтэй болох юм. Үүнийг парламентын олонх дэмжсэнгүй, хуулийн төслийг төрхөмд нь буцаах шийдвэрийг гаргалаа.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийг боловсруулж, батлуулахаар оруулж ирсэн шалтгаанаа хяналтын шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг хангах гэж тайлбарлажээ. Түүний ярьж байгаагаар өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа гэнэ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг нь хуулийг санаачлах үндэслэл болжээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаж өгсөн байна.

Тэгвэл УИХ-ын өнөөдрийн /2020.08.27/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын оруулж ирсэн дээрх хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр гишүүд Х.Нямбаатар сайдын эсрэг байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах, хооронд нь сэлгэх эрхийг өгөх гэж байна. Шүүх хараат бус байна гэдэгт шүүгч шүүгчээсээ хараат бус байх ч ордог. Шүүгч нараас авсан судалгаагаар шүүгчид хамгийн их нөлөөлөл үзүүлдэг хүмүүс нь шүүгчид өөрсдөө гэж гарсан. Одоо бид үүнийг баталгаажуулах гэж байна. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг шинэ хонгилын хаанаар зарлах гэж байна. Энэ юунд бэлтгээд байгаа юм. Ямар хүмүүсийн асуудал Улсын Дээд шүүх дээр удахгүй очих гээд тэнд хонгил үүсгээд байна. Хэний захиалгатай хууль вэ" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ  "Х.Нямбаатар аа, таны хуульд гараа дүрдэг явдал чинь хэрээс хэтэрч байна. Та 2015 онд хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож бууруулсан. Үүнээс болоод 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. Хөөн хэлэлцэх заслаа гэж шоудсан. Гэтэл сэргээсэн хэргээс ял авсан хүн нэг ч байхгүй. Та хууль өөрчлөх ажлаа хуульчийн нүдээр биш цэвэр улстөрчийн нүдээр хардаг юм байна. Битгий шүүх, хуулийн байгууллагын тогтолцоог эвдээд бай" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Ямартай ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчдад нь буцаав. Харин одоо Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн эрх мэдлийг нэмэх нь хэнд ашигтай, хэний захиалга байв гэх хардлага үлдэж, хариулт нэхэж эхлэв бололтой.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(122.201.22.207) 2020 оны 08 сарын 31

Ер нь бол хувь хүний нүдээр хэлж, ярьж байгааг нь харахад мэдлэг тааруу, боловсрол нимгэн, гадаадын туршлага энэ тэрээс судалсан, уншсан зүйлгүй, мэддэггүй нөхөр санагддаг шүү

3  |  0
Зочин(66.181.185.198) 2020 оны 08 сарын 31

Дандаа шүүгч хэрэгтэй дарагдаад гэдэг.цагдаагийн боогоод өгсөн бэлэн хэрэг шийдэж чаддаггүй бол халаач. .шүүгч хэрэгээ дийлэхгүй гэж нэхэмжлэгэт төлбөр өндөр тогтоож төлбөрөө дийлэхгүй ардууд хохироосон.өрөө авна гэхээр хугацаа дууссан болгож ард түмэнг луйварчидтай нийлж лжйвардуулсан.дэлхтйд нүдээ аньсан ч авдаг хууль үйлчилдэггүй няибаатар мэддэггүй луйварчинтай хам сайд

2  |  1
Зочин (66.181.185.198) 2020 оны 08 сарын 30

Энхбаатар дандаа хурал эхэлмэгц сандарч түүхий хууль захиалгаар батлуулах гэж оролддог.16 онд эрүү ,захиргааны хууль шахаж хөөн хэлэлцэх хуулийг захиргааны хэрэгийн хуулиар батлуулж улсыг хохироосон .одоо бас хонгилын баталгаажуулах гэж гүйж явна

1  |  0
laweyr(192.82.74.20) 2020 оны 08 сарын 30

Энэ нямбаатар гэж дандаа л өмнөх яамны сайдын санаачилсан гэж байхын .Хууль зүйн сайд нямбаатараа эрүүгийн хууль зассан нэртэй гурван жил боллоо хуулиндаа өөрчлөлт оруулсаар байгаад буцаад хуучин хуультайгаа ижилхэн болчихлоо битгий хууль мэдэхгүй байж хуулиар тоглоод бай ард нь олон хүний амьдрал шийдэгдэж байдаг гэдгийг мэдхүү

2  |  0
Tt(192.82.75.171) 2020 оны 08 сарын 30

Bolovsrolgui hulgaich

2  |  1
зочин (64.119.24.153) 2020 оны 08 сарын 30

иргэний хэргийн танхим гэж ажлаа дийлэхгүй хэдэн жил болох болж дээ шүүгч нар гэж бүтэлгүй хэдэн гайта й авгай нараас болж хүмүүс хохирох юм даа

2  |  0
Дугар(202.21.113.82) 2020 оны 08 сарын 30

МАН доторх Женкогийн хүн эзнийхээ даалгаврыг л биелүүлсэн байна шдээ. Шүүхийг гартаа оруулчихвал хэрэг нь байхад хэрэг нь олддог гэсэн зарчим утгаараа хэрэгжихгүй гэж үү\n\n

1  |  1
Top