Энжи: Ирээдүйд алдартай жүжигчин болохыг мөрөөддөг

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

“Авьяаслаг монголчууд” шоунд 2016 онд дөрөвхөн настайдаа оролцож ард түмний хайртай охин болсон А.Эрдэнэцэцэг буюу дуучин Энжи өдгөө том сурагч болсон. “Зүгээр л инээмсэглэ” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр “Boom boom”, “Crush”, “Ээж тандаа” зэрэг дуунуудаа клипжүүлээд амжсан билээ. Хичээлийн шинэ жилээрээ хөөр баяр дүүрэн байгаа түүнтэй цөөхөн хором хөөрөлдлөө


-Миний дүү аль сургуульд сурдаг вэ, хичээлийн шинэ жилдээ бэлэн үү, хэр догдолж байна даа?

-Би “Тольт” бүрэн дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Маш их догдолж байна. Цар тахлын улмаас хүүхдүүдийг ангидаа цөөн тоогоор бас зайтай суулгана гэсэн. Тийм болохоор сайн найзуудтайгаа нэг ээлжинд багтаж чадах болов уу гэж эмээж байна. Гэхдээ манай хичээл наймдугаар сараас эхэлсэн болохоор цөөхөн хүүхэд ирсэн. Маргааш бүх хүүхэд ирнэ гэж бодохоор гоё байна.

-Хичээл нь ороогүй удсан болохоор ангийнхнаа их санасан уу?

-Маш их санасан. Найзуудаа санахаараа найзуудын групп чатаар видео дуудлага хийгээд ярьдаг байсан. Би гуравдугаар ангидаа салааны дарга байсан. Уран бүтээл гээд заримдаа хичээлдээ очдоггүй байсан болохоор сайн дарга байж чадаагүй. Энэ жил дахиад дарга болох эсэхээ мэдэхгүй л байна.

-Ямар хичээлдээ хамгийн их дуртай вэ?

-Монгол хэлний хичээлдээ дуртай. Яагаад гэвэл би үлгэр, ном унших дуртай. Бас дуу хөгжимд дуртай. Даанч коронагоос болоод дуу хөгжмийн хичээлийг танхимд орохгүй нь жаахан харамсалтай.

-Цахимаар хичээллэх ямар байсан бэ, хичээлээ ойлгож байсан уу?

-Зарим үед тоглолттой болохоор хичээлээ үзэж амждаггүй байсан. Орой ирээд хичээлээ нөхөж үзэх үе байсан. Ангид хичээл ороход ойлгоогүй зүйлээ багшаасаа асуучихдаг байсан бол цахимаар асуух боломжгүй нь тиймхэн санагддаг байсан.

-“Авьяаслаг монголчууд” нэвтрүүлэгт орж байсан үеэ санадаг уу?

-Жаахан байсан болохоор сайн санадаггүй. Ээж минь баярлаад уйлж байсныг л санаж байна.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Жүжигчин болохыг мөрөөддөг. Дэлхийд алдартай жүжигчин болохын тулд сайн суралцаж байгаа. Амьсгалын дасгал, хэл яриа хөгжүүлэх дасгалаа тогтмол хийдэг. Манай нагац ах Мөөнөө /Мөнхбат/ жүжигч­ний мэргэжилтэй болохоор надад жүжигчин хүнд байх ёстой чадваруудыг заадаг.

-Жүжигчин болохоороо ямар дүрийг бүтээх юм сан гэж боддог вэ?

-Төрөл бүрийн дүрд хувирахыг хүсдэг. Ямар дүрд хувирахаа том болж байгаад л шийднэ дээ. Гэхдээ би есөн нас хүрч байгаадаа итгэхгүй байгаа. Хөгшрөөд ч байгаа шиг санагддаг /инээв/. Ер нь хүүхэд нас хамгийн гоё нас шүү дээ.

-Миний дүү саяхан “Crush” дуугаа гаргаж үзэгчдийн хүртээл болгосон. Хүмүүс уран бүтээлийг нь хэрхэн хүлээн авч байна вэ?

-Энэ дуугаа хавар Цэргийн баяраар гаргах байсан боловч коронавирус дэгдээд хойшлогдсон. Клипээ Монголынхоо бүх хөөрхөн аавуудад зориулсан. Аав минь хөдөө гагнуурчин хийдэг. Ээж минь дэлгүүр ажиллуулдаг. Би ер нь гэр бүл, ээж, аав гээд хайртай бүхэндээ зориулсан дуутай болсон. Тун удахгүй найзууддаа зориулсан дуу хийнэ гэж бодож байгаа. Хүмүүс хүүхдийн нүүрийг битгий буд, хүүхдийг хүүхдээр нь байлга гэж их шүүмжилдэг. Нүүрээ будахгүй байх нь тайзаа, үзэгчдээ хүндлэхгүй байгаа юм шиг санагддаг. Тийм учраас тайзаа хүндэлж бага зэрэг нүүр будалт хийдэг. Аливаа зүйлд сайн, муу магтаал шүүмжлэл байж л хүн илүү сайн хичээдэг болохоор би шүүмжлэлд эмзэглэдэггүй. Бас урмын үг хэлдэг хүмүүстээ баярлалаа.

-Дууных нь клип их өнгөлөг, чамин гоё юм аа. Ер нь чиний хувцаслалт, үс засалт, дууны клип, үгэн дээр хэн анхаардаг вэ?

-Дуулалт тал дээр “Мотив” хамтлагийн Б.Сайнаа ах миний багш. Клипний санаа, болон дууны үг зэргийг миний ээж, эгч, ах нар бүгд ярилцаж байгаад хийдэг. Хувцсыг маань Мөөнөө ах зураг дизайныг нь гаргаж, “Авшиг” гээд брэндийн Заяа эгч урлаж өгдөг. Миний ард бүжиглэж байгаа бүжигчдийн нэг нь миний төрсөн ах. Хайртай дотнынхоо хүмүүсийнхээ дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байгаадаа маш их баярладаг.

-Ямар хамтлагийн дуу сонсох дуртай вэ?

-Гадаадаас гэвэл “Black pink” хамтлагт дур­тай. Лиса, Жэнни хоёр нь маш их таалагд­даг. Монголынхоос “Wasabeis” хамтлагт дуртай.

-Хичээлийнхээ хажуугаар уран бүтээл гээд явахаар ядардаг уу?

-Хүн дуртай зүйлээ хийж яваа болохоор ядардаггүй. “Boom boom” дуугаа хоёр жилийн хугацаанд хамгийн удаан хийсэн. Яагаад гэхээр би ядрахаар хөлийн судас хагараад байсан. Тиймээс хэт их ачаалал өгч болохгүй гэж эмч хэлсэн. Гэртээ гурил, махнаас өөр орцтой хоол идэж болохгүй гээд дэглэм бариад удаан байсан болохоор маш их уйдсан. Ядаж байхад Хүүхдийн баяр таараад бүгд баярлаад явчихсан болохоор эгчийгээ гадаа гарч тоглоё гэж гуйгаад л. Эгчийнхээ үгэнд ороод дэглэмээ барьсны эцэст хөл маань зүгээр болсон л доо.

-Тэгвэл  ямар баярт дуртай вэ?

-Бүх л баяр гоё. Түүн дотроос Хүүхдийн баярт илүү дуртай. Бас төрсөн өдрөө тэсэн ядан хүлээдэг. Гэртээ бялуу идээд л.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би зав муутай байдаг болохоор хүүхэл­дэйн кино үзээд байж чаддаггүй. Харин “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг уншиж байгаа. Алисагийн адал явдлыг уншаад түүн шиг адал явдалтай учрахыг хүсдэг. Яг л Алисагийн мөрөөдөл шиг миний мөрөөдөл биелээд байдаг нь сонин.

-Томчуудад хандаж юу хэлэхийг хүсдэг вэ?

-Агаар ус, байгаль орчноо битгий бохир­дуулаач ээ гэж хэлмээр байна. Томчуудыг гудамжинд шүлсээ хаях, байгальд хогоо хаяхад хүүхдүүд бид маш их эмзэглэдэг. Хүүхдүүд бид эрүүл агаарт өсөх ёстой. Би л лав том болохоороо өнчин  ядуу хүүхдүүдэд туслах юм сан даа гэж мөрөөддөг.

-Үе тэнгийхээ хүүхдүүдийг ямар байгаасай гэж боддог вэ?

Зарим хүүхдүүд муухай үг их хэрэглэдэг. Ухаантай, соёлтой байгаасай гэж хүсдэг. Бас байгаль дэлхий, ан амьтдад хайртай байгаасай гэж боддог.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярцэнгэл(66.181.190.236) 2024 оны 12 сарын 26

Үнэхээр хайртай.♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️Чи хатан шүү

2  |  1
Батцэцэг (202.55.188.82) 2024 оны 12 сарын 26

Энэ дуу ёстой гоё байна

4  |  1
Зочин(66.181.185.221) 2024 оны 12 сарын 26

Би энжиг шүтдэг одоо 11настай. Бас ыи ч бас тийм бодолбайдаг шүү .

9  |  1
Зочин(192.82.68.94) 2024 оны 11 сарын 29

Хүүхдээрээ хүүхэн болсон санагддаг. Хүүхдийг хүүхэдээр нь байлгалдаа...

5  |  2
Bolor(202.9.46.151) 2024 оны 12 сарын 26

Хүний хүүхдийг муу хэлэх нь хаашаа юм гэхдээ үзэхээр өмнөөс нь ичээд байдаг юм

6  |  2
Top