-Токиог бүхэлд нь усанд булхуулаад ч хамаагүй ХАМТДАА Л БАЙМААР....-
Өнөөдөр Улаанбаатар хотод 14 хэмийн дулаан, усархаг бороотой байна. Энэ бороо гурав дахь өдрөө ийнхүү орж буй. Магадгүй намрын тэргүүн сар гарсан болохоор ч тэр үү уйтай чиг, усархаг чиг бороо дүүрэн гуниг хотод минь авчирчээ. Ус туучин алхах борооны шүхэртэй хүмүүс цар тахлын үеийн зай барих дэглэмийг хүссэн хүсээгүй мөрдөх агаад зөрж өнгөрөх нэгнийгээ эл өнгө алагласан шүхэр хийгээд цувны юүдэнгийн доор үл мэдэгхэн гунигтай харцаар харж байгааг андахгүй. Гэлээ гэхдээ энэ бороо Токио хотыг бүхэлд нь усанд булхуулсан шиг хоёр сарын турш орохгүй гэдгийг хэн хүнгүй мэдэх ажээ. Юу? Тийм зүйл болсныг мэдээгүй гэж үү? Гүүглээс хайлт хийх гэж яарч, эсвэл үргэлж мэдээ үздэг өвөө, эмээгээсээ гүйж очиж асуугаад хэрэггүй шүү. Энэ бол тэдний мэдэх тийм түүх биш ээ. Энэ бол Шинкай Макатогийн бидэнд дэлгэсэн нэн шинэ түүх.
2019 оны долоодугаар сарын 19-нд нээлтээ хийсэн Шинкай Макатогийн зургаа дахь бүрэн хэмжээний аниме, түүнийг дэлхийд таниулсан бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон бүрэн хэмжээний анимегийн жагсаалтыг тэргүүлэгч “Your Name” (君の名は, Дуудлага: Kimi no Na wa) буюу “Чиний нэр”-ийн дараа хийгдсэн гэдгээрээ хэн бүхний сонирхлыг татаж хүлээж асан бүтээл болох “Weathering with You” (Япон: 天気の子, дуудах: Tenki no Ko, орчуулга. "Цаг агаарын охин") нээлтээ хийсэн даруйдаа Японы 358 театрт 1,159,020 тасалбар борлуулж, эхний гурав хоногт 1,643,809,400 иен (ойролцоогоор 15.22 сая доллар) олж шинэ дээд амжилт тогтоон, өдгөө 14.06 тэрбум иенийг дотоодын зах зээлээс, 193.1 сая долларыг дэлхийн зах зээлээс олж бүх цаг үе хамгийн их ашиг олсон бүрэн хэмжээний аниме жагсаалтын 5-р байрт жагсах болжээ. Олон амжилт гаргасан энэхүү бүтээл гэхдээ хүн бүхний хүсэн хүлээж байснаас ихээхэн ондоо болсон байв.
Ахлах сургуулийн сурагч, 16 настай Моришима Ходака бүрхэг тэнгэрийн өчүүхэн чөлөөнөөс тусах нарны гэрлийг даган явсаар, тэгэх тусам улам амьдран буй газраа орхин одохыг яаран тэмүүлсээр далайн эрэгт тулан явах газаргүй болсон ч мөнөөх гэрэл далай дээгүүр тэнүүчлэн алсран одож буй тухай зүүдэлснээсээ хойш гэрээ орхин алс холын Токио хотыг зорихоор шийднэ. Усан онгоцоор явах замдаа хүчтэй шуурганд тавцангаас шидэгдэхийн даваан дээр нь Сүга Кэйсүки гэх хижээл эр түүнийг авардаг. Хожим нь Ходака түүний үеэлтэйгээ хамт ажиллуулдаг хачин жигтэй үзэгдлийн тухай нийтлэл бичдэг жижиг редакцид ажиллаж, толгой хоргодох болно.
Онгоцноос дөнгөж буусан Ходакад Токиод очих газар байсангүй, гэрээсээ авч гарсан багахан мөнгөөрөө дэн буудалд амьдран, цагийн ажил олж хийнэ хэмээн найджээ. Гэвч 16 настай хүүхдийг ажилд авах газар хаана байх вэ. Мөнгөгүй, ажил хайсаар өлсөж туйлдсан Ходакад МакДоналдст нэг охин нууцаар бургер өгнө. Тэр охин бол саяхнаас тэнгэр цэлмүүлэх чадвартай болсон Хина гэгч агаад Ходака дараа нь түүнийг клубт ажиллуулахаар хүчлэх танхай этгээдүүдээс хогийн савнаас олсон буугаар сүрдүүлэн авардаг. Ингэж л тэр, өөрийгөө 16 нас хүрсэн гэх ч үнэндээ 14 настай, саяхан ээж нь нас барснаас дүүгээ харж халамжлах, гэр орноо авч явах үүргийг өөртөө хүлээсэн тэнгэр цэлмүүлэгч Хинатай цуг газар дэлхийг өөрчилсөн гайхалтай түүхийг бичиж эхэлдэг.
Хинагийн гайхалтай чадварыг мэдсэн Ходака захиалгаар тэнгэр цэлмүүлэх үйлчилгээ үзүүлж, мөнгө олох санаа сэднэ. Хинагийн дүү Наги тэр гурвын энэ сонирхолтой бизнест эхэндээ хүмүүс төдий л итгээгүй ч харсаар байтал нүдний өмнө зузаан хар үүлс ярагдан нар гарч тэнгэр цэлмэхийг харсан хүмүүс энэхүү үйлчилгээг захиалдаг болж, сүүлдээ Жингү Гайэны галын наадамд зохион байгуулах албаныхан хүртэл тэдэнд ханддаг. Энэ зуур Ходака хэдийн Хинад хайртай болсноо мэднэ.
Гэвч тэнгэр цэлмүүлэгч буюу хүмүүний хүслийг тэнгэрт уламжлагч өөрөө тэнгэрт өргөл болох учиртай агаад тийн аргадуулсан тэнгэр хүмүүсийн хүслийг ёсоор болгоодог ажээ. Хина энэ бүх хугацаанд аажмаар ус болон тунгалагшиж байлаа. Ийнхүү Ходака сонголт хийх ёстой болов. Бүхэл Токиог 800 жилийн өмнөх шиг нь усанд живүүлэх үү, эсвэл хайртай эмэгтэйгээ өөрийг нь алдалгүй мөшгих цагдаа нараас мултран (Хогийн савнаас олсон буу нь гэмт хэрэгтнийх байсан, мөн гэрээсээ зугатсан тул эрэн сурвалжилж байв), усан дуслууд загас болон наадах, аварга үүлэн луунууд хүржигнэн нисэлдэх тэнгэрт хүрч очин аврах уу.
Шинкай Макато модерн дэлхий, өндөр хөгжлийн эрин үе ямар эмзэг гэдгийг харуулж, нэг их удалгүй байгаль дэлхий буцаад хэдэн зууны өмнөх үедээ очихыг бүтээлээрээ зөгнөжээ. Энэ талаараа агуу Хаяао Мияазакигийн үзэл бодлыг өөрийнхөөрөө тээж, нээж чаджээ. Хүн төрөлхтөн, ард түмний аливаа соёл буюу уугуул мэдлэгийг орчин үетэй үргэлж холбож чаддаг мэргэжлийн зохиолчийн хүний нарийн ур чадвар, судалгаа биднийг ахиад л бишрүүлнэ. Мөн Hyperrealist түвшний дүрслэл нь хэтийдээд тэнгэрээс унах дусал бүрийг амьдруулж, нарны гэрлээр наадах нь үзсэн бүхний сэтгэл зүрхийг огшоож алмайруулав.
Үнэхээрийн романтик, дэврүүн хайрын энэ түүх Radwimps -ийн буюу Ёжиро Нодагийн дуутай хоршоод ирэхээр, дууны үг, ая бүр нь сэтгэлд ёстой л гэнэт асгарах бороо шиг орж, үерлүүлж үзэгчээ нулимс мэлмэрүүлэх хөөрхий нэгэн болгодог нь эгээ л хэвээр. Түүний хайрын түүхүүдийн ард үргэлж үлддэг гэгээн хүсэл, гэрэл цацраасан чин сэтгэлийн урам зориг нь бидэнд амьдралд эгэн итгэх хүч өгч чаддаг нь одоо үеийн залуу хүн бүхний түүнд татагддагийн, түүнийг хайрладагийн шалтгаан билээ. Бидний тамирдаж байгаа эрин үед амьдрахаар хичээж буй өөдрөг сэтгэлтнүүд гэдгийг харж, ойлгож, түүнд л зориулж туурвидаг ШИНКАЙ МАКАТО (新津 誠)-д баярлалаа.
どうもありがとう!!!
Ходака хэлнэ: Цэлмэг тэнгэр харахгүй байсан ч хамаагүй. Цэлмэг тэнгэрээс илүү чи надад хэрэгтэй. Цаг агаар галзуурч байсан ч хамаагүй!!!
Х.Буянбат
Сэтгэгдэл ( 0 )