О.Оюунцэцэг: Монголд хөшөө дурсгалд хөрөнгө зарцуулдаг нь харамсалтай

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

“Оогий хийлс” болон “Оогий Эдү” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, Австралийн “АйТи” компанийн Глобал пи ар захирал, Австрали Азийн бизнес консулын ТУЗ-ийн гишүүн, МҮОНТВ-ийн Австрали дахь сурвалжлагч, хөдөлмөрч дайчин бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Олонбаярын Оюунцэцэг гэдэг. Уншигчид түүнийг "Оогий" брэндийг үүсгэн байгуулснаар нь илүүтэй танина. 


-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?

-Миний аав ээж баруун аймгаас гаралтай, Улаанбаатар хотын хүмүүс. Олон жил жижиг бизнес эрхэлж буй энгийн сайхан хүмүүс дээ, 40 гаруй жил ханилсан, хөтлөлцөөд ажилдаа явдаг сайхан буурлууд бий. Миний бага нас Баянзүрх дүүрэгт өнгөрсөн. Хожим Бага тойрогт амьдардаг байсан. Миний хувьд Улаанбаатар хотын унаган охин. Зөвхөн Улаанбаатар хот гэхээсээ илүү Монгол Улсын иргэн гэдгээрээ гадаадад улсад, гадны хүмүүст багахан танигдсан. Одоо Австралийн Сидней хотод хүүтэйгээ болон ханьтайгаа амьдарч байна даа. Сэтгүүлч, пи ар мэргэжилтэй. Австралийн Баруун Сиднейн Их Сургуулийг болон Сиднейн технологийн их сургуульд энэ мэргэжлээрээ мастерт суралцсан.

-Багадаа ямар хүн болохыг мөрөөддөг байсан бэ, тэр мөрөөдөлдөө хүрч чадсан гэж боддог уу?

-Би хүүхэд байхдаа нэвтрүүлэгч болохыг хүсдэг байлаа. Бичих авьяастай, уран уншлага, монгол хэл, математик, түүхийн хичээлүүддээ сайн хүүхэд байлаа. Анх нэвтрүүлэгч болсныхоо дараа би бол зөвхөн нэвтрүүлэгч хийх хүн биш сурвалжлагч, сэтгүүлч хүн юм байна гэдгээ ойлгоод сэтгүүлчээрээ хэсэг ажилласан. Монголд үндэсний телевиз, Ийгл телевизд ажиллаж байгаад Австралид Баруун Сиднейн жижиг телевизд ажиллаж байсан багахан туршлагатай. Хүүхэд байхаасаа л гутал цүнхэнд дуртай байсан. Санамсаргүй байдлаар энэ мөрөөдөл маань биелэлээ олж өөрийн гэсэн гутал цүнхний брэндтэй болсон. Хамгийн гол нь хөлд эвтэйхэн, эрүүл мэндэд ээлтэй материалтай, загварлаг, өнгөлөг, боломжийн үнэтэй гутал цүнх байдаг ч болоосой гэдэг бүсгүй хүний хүсэл маань энд хүргэжээ.

-Эх орноосоо хилийн чанад руу хөл тавих шалтгаан юу байв, анх ямар итгэл тээж явсан бэ?

-Хамгийн анх Австралид сурах зорилготой ирсэн. Мастертаа сурч дуусаад Монгол руугаа буцах төлөвлөгөөтэй байсан. Хэзээ ч үлдээд амьдарна гэж төлөвлөж байгаагүй. Хувийн амьдрал маань бүтэлгүйтэж, хүндхэн үеийг ганцаараа мөлхөж, уйлж, унаж, босож өнгөрөөсөн маань надад эмэгтэй хүн өөрөө хүчирхэг байх ёстой юм байна гэсэн ухаарал өгч, илүү хичээснээр Австралид өөрийн карьераа эхлэх шалтгаан, сэдэл, эхлэл болсон байх.

-Анх гадаадад очоод хэцүү байсан уу, ямар бэрхшээл танд тулгарч байсан бэ?

-Англи хэл сайн мэдэхгүй маань анхны бэрхшээл байлаа. Арван жилдээ хэдэн ч жил үзсэн үнэхээр бусадтай Англиар ярилцаж чадахгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй, бусдын юу гэж хэлж байгааг гүйцэт ойлгохгүй байсан. Харин дараагийн бэрхшээл бол Боловсролын системийн зөрүү. Австралид хичээлдээ ирэхдээ тухайн өдөр орох хичээлд зориулсан бүх материал, номоо уншчихсан ирдэг. Тэр бүх линк нь сургуулийнхаа вебсайтаар ороод өөрийнхөө нэр кодоор нэвтрэн орсны дараа харагддаг. Хайж олно гэсэн үг. Тухайн хичээлийн цаг дээр сэдвийн дагуу хэлэлцэх, багш тайлбарлах, хоорондоо ярилцах зарчмаар хичээл ихэвчлэн ордог. Мөн орчинтойгоо дасах, ажлын зарчмыг ойлгох, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож түүнд хариу үйлдэл хийхдээ эерэг зөв байх, тухайн сэтгэлзүй дээр тулгуурлан гэрээ хэлэлцээрийг мэргэжлийн түвшинд хийх гэх мэт зүйлс байсан. Дараагийн суралцах ёстой зүйл татварын бодлого, хуулийн хэрэгжилт, хуулийн мэдлэгтэй байх зэргээр бага багаар суралцсаар байна даа.

-Та одоо загварын төрөлд хүч үзэж, өөрийн гэсэн брэндээ үүсгэн байгуулан ажиллаж байгаа. Анх энэхүү гараагаа хэрхэн эхэлсэн бэ?

-Австралийн корпорэйт орчинд ажиллаж байхдаа цалингаа цуг­луулж маш өндөр үнэтэй, загварлаг цэнхэр өнгийн туфли худалдаж авсан маань хөлд маш эвгүй хагас цаг ч гутал дээрээ зогсох боломжгүйгээр өвтгөн, маш өндөр үнээр шийтгэл худалдан авсан тэр мэдрэмж маань “Оогий” брэндийг бий болгосон. Загварлаг, хөлд эвтэйхэн, боломжийн үнэтэй өндөр өсгийт хийвэл зах зээл нь байгааг олж харсан ч анхны төлөвлөгөө маань зөвхөн хөлд эвтэйхэн, загварлаг, онцгой гутал хийх л байсан. Хийх явцдаа материалын ялгаа, онцлогийг судалж, ямар чухалыг нь мэдсэн тул хамгийн сайн чанарын франц тугалын арьсаар бүх бүтээгдэхүүнийхээ дотор талыг, гадна талыг нь махыг нь хүнсэнд хэрэглэх зорилгоор өсгөсөн матар, могой, үхрийн арьсаар хийж эхэлсэн. 2019 оноос эхлэн цагаан хоолтон хүмүүс хөлд эвтэйхэн, загварлаг мөртлөө амьтны гаралтай бүтээгдэхүүн ороогүй гутал хийж өгөөч гэсэн санал ирүүлсэн. Үүний дагуу торон материалтай гутал хийж туршиж үзсэн. Харамсалтай нь бид ул болон дотор талын доод хэсгийг үхрийн арьс, ширээр хийхээс өөр арга байгаагүй. Өөр веган шийдлүүд байсан ч хамгийн их химийн бодис хэрэглэгддэг, олон жилийн эдэлгээгүй материалууд байсан нь эко системд хор хөнөөлтэй байсан юм. Гэсэн хэдий ч бид тэдэнд зориулсан хамгийн төгс шийдэл олохоор ажиллаж байна. Бидний хувьд Монголын нүүдэлчин уламжлал, ан агнах ёс, арьс мах бүхий л зүйлийг хэрэглэх экологид ээлтэй уламжлал ёс зүйг эрхэмлэдэг. Дэлхий дахинаа буцаад энэ уламжлалыг хамгийн байгальд ээлтэй хэмээн үзэж эхэлсэн. “Оогий” брэнд Авст­ралид багахан танигдаж олны танил хүмүүс, бизнес, корпорэйт орчныхон, спортын одууд хэрэглэж эхэлсэн. Манай хөрш айлын 60 настай хөлний эмч эмэгтэй “Оогий” брэндийн спорт өндөр өсгийтийг өмсдөг. Тэр хүний хөлний урд хэсэгт яс ургасан асуудалтай байсан тул 20 жил өндөр өсгийт өмсөөгүй байж байгаад ийнхүү найман см өсгийтэй туфли өмсдөг болоод жил гаруй болж байна. Түүний үйлчлүүлэгч хэд, хэдэн бүсгүй манай үйлчлүүлэгч болсон. Энэ бяцхан зүйлс намайг улам аз жаргалтай болгож байна. Багийнхнаараа бахархах сэтгэл төрүүлдэг.

-Таны хувьд амжилт гэдэг ямар үнэ цэнтэй вэ?

-Амжилт гэдэг нь ердөө л ажил, амьдрал, хувийн орон зай, нийгмийн харилцаа гэх мэт зүйлсээ тэнц­вэр­­жүүлж сурах гэж боддог.

-Залууст хандаж юу гэж хэлэхийг хүсдэг вэ?

-Төгс хүн гэж хаана ч байхгүй. Гэх­дээ өөрийнхөө төгс хувилбар нь байгаарай. Боловсрол, хүн чанар, ёс зүй, ур чадвараар жигүүрлэн хүссэн оргилдоо хүрээрэй. Мөн дэм дэмэндээ явахад дэлхийгээр дүүрэн боломж бий. Өөрөө амжилтын үзүүрээс атгасан бол бусдадаа гүүр нь, луужин нь болж яваарай л гэж хүсье.

-Гадаад орноор явж байхад монгол хүний дутагдалтай болон авууштай чанарыг юу байна гэж хардаг вэ?

-Бид багаар ажиллах чадвараа улам сайжруулж, "би" гэсэн үзлээ дарж, бусдад болон ажилдаа илүү хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. Хүндлэл, хүндлэлийг авчирдаг. Мөн илүү эерэг орчныг бүрдүүлдэг. Манай “Оогий сурагч” зөвлөх хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс болон Монгол Улсын аймаг сумдаас хүүхдүүд оролцдог. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн 2-3 хэлтэй, харилцааны ур чадвар өндөр болсон байна лээ. Энэ хүүхдүүдээ зөв чиглүүлээд өгөхөд маш гэгээлэг ирээдүй бидэнд байгаа харагддаг.

-Танай “Оогий Эдү” боловсролын хөтөлбөр зөвхөн хүүхдүүдэд чиглэсэн зөвлөх хөтөлбөр үү?

-Манайх сурагчдад зориулсан зөвлөх хөтөлбөрөөс гадна австрали, монгол багш нартай англи хэлний цогц онлайн сургалт явуулдаг. Үр дүн маш сайн байгаа. Хоёр сарын хөтөлбөр эхлэхэд ярьж чадахгүй уйлж байсан хүү­хэд төгсөхдөө Австрали багш нартайгаа шууд ярьдаг болоод төгсөж байсан. Анх уйлахад нь бид нар бүгд сандралдаж байсан ч төгсөхөд нь маш их бахархсан. Мөн манайх Австрали улс руу сургалт зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Бид Австралийн гурван фарм руу Монголоос ажилтан илгээх тал дээр гэрээ хэлэлцээрийн шатанд явж байсан боловч коронавирус болоод түр зуур зогсонги байдалд байна. Ямартаа ч дэлхий даяар энэ вирусний тархалт намжихаар ажил маань үргэлжлээд явах байх гэж найдаж байна.

-Гадаад  болон монгол залуусын сэтгэлгээ, хандлагын ялгаа их ажиглагддаг байх?

-Гаднын улсад хүмүүс өөр өөрсдийн харилцааны хязгаараа мэддэг. Ажил дээр ч хувийн амьдрал дээр ч. Бусдаас юу асуух, үгүйгээ мэддэг. Тэр нь буцаад нийгмийнх нь бүрдэлтэй холбоотой байх. Монгол залуусын хувьд ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар өндөртэй. Шинийг санаачлахдаа болон сэтгэхүйн хурд сайтай санагддаг.

-Цаашид эх орондоо өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн ажлын байрыг нэмэг­дүүлэх бодол хүсэл байдаг уу?

-Би Монголынхоо Гутлын Үйлдвэрийг дахин сэргээх нууц мөрөөдөлтэй. Зөвхөн "Оогий" брэнд бус дэлхийн том, жижиг бүхий л брэндийн гутлын захиалгыг нугалдаг. “Монголд Үйлдвэрлэв” гэсэн шошготой гутлуудыг дэлхийн томоохон дэлгүүрүүдээр харахыг хүсэж байна. Энэ нь ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, монголын үнэлэмжийг дэлхийд нэмэгдүүлэх давуу талтай. Гутлын үйлдвэр барихад зөвхөн тоног төхөөрөмжөөс гадна ажилчдаа сургах, ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах, түүхий эдээ Монголдоо боловсруулах гэх мэт асуудлууд хөндөгдөнө. Үүнд мал аж ахуйгаа илүү сайжруулах, чанаржуулах бодлого хэрэгтэй. Энэ бүхэн нэг сумаар олон туулай буудах өгөөжтэй төсөл юм. Даанч Монголд үйлдвэрлэл бус хөшөө дурсгалд илүү хөрөнгө оруулдаг нь харамсалтай. Үнэндээ энэ төсөл хэрэгжих боломж байгаа.

-Эр хүнийг та юугаар нь үнэлж дүгнэдэг вэ?

-Надад дүрэмт хувцастай залуус илүү таалагддаг. Ёс зүйтэй, эрүүл саруул, боловсролтой хүнлэг хүнд дуртай. Миний хань маш сайн залуу бий. Монголд хайртай, монгол зүрхтэй.

-Цар тахлын үед гадаадад байгаа монголчууд хүнд байдалд ороод байгаа, таны хувьд энэ үеийг эергээр хэрхэн даван туулж байна, нийгмийн нөхцөл байдал ямар байна?

-Монгол руу явах шаардлага надад байсан уу, байсан. Гэхдээ тусгай нислэгт багтаагүй. Миний хамт өссөн эгч маань бурхны оронд одож, ээжийн маань бие тааруу эмнэлэгт ойрхон, ойрхон хэвтээд жаахан хэцүү үе байсан. Үнэндээ арын хаалга, мөнгө төгрөгт дулдуйдаж нэг ч гэсэн хүний орон зай эзэлж явахыг хүсээгүй. Надаас өөр, хүнд асуудалтай, хүндэтгэх шалтгаантай хүмүүс нь тусгай нислэгт багтаасай гэж хүссэн. Гадаадад, Монголд хаа ч байсан бид талцаж хуваагдалгүй бүгд монголчууд гэдгээ үргэлж санах хэрэгтэй. Монголчууд яг сүү шигээ сайхан сэтгэлтэй. Гадаадад байгаа хүмүүс маань жаргалдаа умбасандаа тэнд сурч, ажиллаж, амьдарч байгаа юм биш шүү. Бүгд асар олон цагаар ажилладаг. Олсон бүхнээ эх орон руугаа, ар гэр рүүгээ л илгээдэг.  Ямартаа ч бүх зүйл сайхан болох байх аа.

-Хүү нь монгол хэлээ сурч байна уу?

-Тиймээ, хүү маань монгол хэлтэй монгол хүүхэд. Хүүхэд эхлээд эх хэл дээрээ чөлөөтэй сэтгэж сурах хэрэгтэй. Хоёр, гуравдагч хэлийг хажуугаар нь сурч болох ч унаган хэл заавал тухайн улсын тусгаар тогтнолын илэрхийлэл болсон “эх хэл” нь байх ёстой. Крис бид хоёр хүүдээ “Монгол хэл бол чиний бэлэг юм” гэж зааж сургаж, монгол хэлний тусгайлсан гэрийн цагтай болсон нь ч учиртай. Ирээдүйд гарах хүүхдүүддээ ч эх хэл, соёлоо өвлүүлэн үлдээх үүрэг биднийх.

-Таныг дэлхийн спортын алдартнуудад гутал хийж өгсөн гэж сонссон.  Нууц биш бол ямар хүмүүс байна вэ?

-Бид Японы сумочид болон Австралийн рагби тоглогч байсан Робби Фара, Английн хөнгөн атлетикийн тамирчин, олимпын хоёр удаагийн мөнгөн медальт Дуэйнэ гэх мэт гайхалтай тамирчдад гутал хийж өгдөг. Мөн Австралийн супер уралдааны машины нисгэгчдэд гутал хийж өгөхөөр болоод байна. Австралид морин спорт өндөр хөгжсөн. Морин уралдааны нийгэмлэгийн ерөнхийлөгч үзэсгэлэнт Анжела Бэлл манай гутлаар гоёдог нь бахархууштай.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батчимэг(66.181.161.127) 2020 оны 09 сарын 05

Товч бөгөөд тодорхой сайхан нийтлэл болжээ. Бахархахгүй байхын аргагүй мундаг шүү. Цаашдийн ажилд нь амжилт хүсье.

0  |  0
оюуна(202.126.90.125) 2020 оны 09 сарын 05

энэ доор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ямар аймшигтай хар толобнууд вэ бүр нян бактер үржүүлж байгаа байхдаа. Нээх гоё бахархал омогшил төрөөд алга ташиж байтал доошоо дэмий уншиж яана да

0  |  0
оюуна(202.126.90.125) 2020 оны 09 сарын 05

энэ доор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ямар аймшигтай хар толобнууд вэ бүр нян бактер үржүүлж байгаа байхдаа. Нээх гоё бахархал омогшил төрөөд алга ташиж байтал доошоо дэмий уншиж яана да

1  |  0
Amjilt huseyee hj buteej bgaagaa demjne shu(66.181.161.100) 2020 оны 09 сарын 04

Маш их бахархаж байна үнхээр өгөөжтэй сайхан ярилцлага байна.Мундаг бүсгүйдээ Амжилт хүсэе Хамгийн сайн сайхныг хүсэе

0  |  0
зочин(66.181.179.182) 2020 оны 09 сарын 04

АЛЦГАР ВЭ

0  |  0
Аззаяа(117.111.12.253) 2020 оны 09 сарын 04

Дээрх ярилцлагыг уншаад Оогийгоор бахархах сэтгэл төрж байхад доорх коммэнт уншаад манайхан бие биедээ сайхан үг сайхан бодлоор хандаж чаддаггүй бэртэгчин арчаагүй нь харагдаж байна. Хийж чадаж байгаадаа дургүй, муулж өө хайж суудаг энэ нийгэм хэдий болтол үргэлжлэх вэ өө хайя гэвэл бурхан ч өөтэй байдаг юм бусдыг дэмжиж эерэг байцгаая чиний хүрч чадаагүйд хүрсэн нэгэндээ бүү атаархаж бай Оогийдоо амжилт хүсье!

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 07

ene hynii geed baihaar um baigaa umuu bygdeeree evgui hol ovdohoor baidag l gutaluud baina, eh ornoo byy muul....gadnii hyntei suuj l yldsen baina, ternees bish neeh ilyy gaihuulaad baih um alga, gadaadad olon mundag yavaa hymyys baidag ted niited oorsdiigoo hezeech gaihuulj haruuldaggui , heniigch tanihgui....ted ar ger, mongoldoo nemer bosloor baidag odoo ch tus nemer bolj baigaa.

1  |  6
Энхбат(66.181.161.15) 2020 оны 09 сарын 07

Хөшөө дурсгал бас үйлдвэрлэл мөн!!! Соёлын боловсролгүй бол хүн сармагчин мэт, Үүнийг сайн ойлго хар малаа!!!!

1  |  6
Энхбат(66.181.161.15) 2020 оны 09 сарын 07

Хөшөө дурсгал бас үйлдвэрлэл мөн!!! Соёлын боловсролгүй бол хүн сармагчин мэт, Үүнийг сайн ойлго хар малаа!!!!

1  |  5
Иргэн(119.40.98.177) 2020 оны 09 сарын 03

Гадаадад бүр их мөнгө зарцуулдаг ш тээ

0  |  1
gg(66.181.168.8) 2020 оны 09 сарын 09

ulam ih amjilt husye, Mongol ulsiinhaa hugjild huvi nemree oruulaarai

3  |  0
Top