"Оймс" Н.Баярсайхан нарыг ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02


Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Баярсайхан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга/, шүүгдэгч Э.Аззаяа /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /хахууль авах/-ийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ш.Тэгвандан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Элдэв-Очир /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/, шүүгдэгч С.Бүрэнтөгс /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Уг шийтгэх тогтоолд улсын яллагч эсэргүүцэл бичсэний дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж, Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан.

Уг магадлалд шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан, анхан шатны шүүх хуралдаанаар буцааж шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Баярсайхан, Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт товлосон бөгөөд уг шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч С.Бүрэнтөгсийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нь “...Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АХМАД НАСТАН(103.80.210.18) 2020 оны 09 сарын 02

ТӨРД ЧАДВАР МУУТАЙ ИДЭЖ УУХЫН ДОН ШҮГЭЛСЭН ЦҮНХ БАРИГЧ НАР ИХЭССЭН НЬ ЭМГЭНЭЛТЭЙ. ИХЭНХ НЬ ӨРӨВДӨЛТЭЙ ЦҮНХ БАРИГЧ, МЭРГЭЖИЛ МЭРГЭЖЛЭЭР НЬ ТУХАЙН АЛБАН ТУШААЛД НЬ ДЭВШҮҮЛЖ БАЙМААР. БАС НАСЫГ НЬ ХАРГАЛЗАЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. ЯАМ ,АГЕНТЛАГТ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЧИХЭЭД ТЭД НЬ ӨӨРСДИЙГӨӨ МЭДЭХГҮЙ БӨӨН ИХ ЗАН.

0  |  0
Top