Дуучин Б.Гүрбадам "Дурлал шиг бүсгүй" тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Хөвсгөл нутгаас гаралтай хөрслөг бор залуугийн эр хангал цээжнээс халгилан урсах энхрий намдуухан, хонгор аялгуу энэ цагийн нийтийн дууны нэгэн өнгө  болон эгшиглэж байгаа билээ. Их Уул сумын уугуул Баянмөнхийн ууган хүү болж төрсөн Гүрбадам нь багаасаа дуу хууранд дуртай, дуулж явдаг хүүхэд байлаа. Дэнж байвал барилдчихдаг, дээл өмсвөл ханзалчихдаг шуундаа бяртай хүү өсөж том болсоор Сумын заан цол ч хүртэв. Дуунд дуртай чанар нь бөхийн дэвжээнээс түүнийг урвуулж тайзан дээр авчирсан юм.

Дуучин Б.Гүрбадам нь 2013 онд СУИС-ыг төгссөнөөсөө хойш 40 гаруй дууны уран бүтээл амилуулж, сонсогч түмнийхээ сонорыг мялаажээ. Энэ хугацаанд 15 дуу дүрсжүүлээд амжсан. “Дурлал шиг бүсгүй”,  “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ”, “Алтан нутаг”, “Монголоороо аялъя” зэрэг олон  бүтээл нь олны таашаалд нийцэж, дуулагдсаар явна. “Өр зүрхний ээж” нэртэй дуугаараа уран бүтээлийнхээ анхны гараагаа эхэлж байсан тэрбээр 2018 онын есдүгээр сарын 26-нд “Алтан нутаг” дуугаараа анхны цомгоо бүтээж, анхны тоглолтоо хийж байв. Навчис шаргалтсан намрын хонгор өдрөөр тоглолтоо хийсэн нь ч учиртай. Энэ өдөр түүний төрсөн өдөр тохиодог юм.  Төрсөн өдрөөрөө хийсэн тоглолтоо 21 аймгийг гороолж толилуулахад нь дуунд дуртай ард түмэн уухайлан дэмжиж уяран, уяран сонссон цаг саяхан. Тэр цагаас хойш “Морин хуур” наадамд 2013 онд “Бурхадын заяатай ээж, 2015 онд “Эхийн сэтгэл”, 2017 онд “Алтан нутаг” дуунуудаараа нийтийн дууны шилдгээр шалгарч байлаа.

Оюутан ахуй цагаасаа оюутны холбооныхоо тэргүүнээр ажиллаж байсан нийгмийн идэвхтэй уран бүтээлч маань 2014 онд Удирдлагын магистр хамгаалсан юм. МУГЖ О.Ичинхорлоо багш нь шавьдаа урлагийн хүн гэдэг олонтойгоо байж, олныхоо итгэлийг алдахгүй байхыг сургасан. Тиймдээ ч Б.Гүрбадам дуу бүхнийхээ ард аймаг орон нутагтаа өөрийн зүгээс тусламж үзүүлж, хандивын тоглолт  бүхэн дээр очиж сэтгэлийн гэгээ нэмдэг нэгэн. Цар тахал гарсны дараа Эрдэнэт хотын цагдаа нарт амны хаалт, амин дэм хандивлаж, ая дуугаа ч өргөж сэтгэл санааг нь дэмжиж, дархлааг нь дэмжиж байв. Дэлхий нийтээр дэлгэрсэн аюулт өвчинд зовниж, дэнсэлсэн ард түмнийхээ сэтгэлийн цангааг тайлж,  дархлааг нь дэмжихээр тэрбээр тун удахгүй тоглолт хийхээр төлөвлөжээ. Навчис шаргалтаж намар айлссан энэ сард түүний 30 насны төрсөн өдөр тохионо. “Дурлал шиг бүсгүй” дуугаараа цомгоо нэрийдэж, хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр нэгэнт бэлэн болжээ.

Б.Гүрбадам уран бүтээлч болоод хувь хүнийхээ хувьд найрсаг, энгийн даруу зантайн дээр нэгэн үеийнхэнээ нэгтгэж зангидаж чаддаг хүн. Энэ нь  “Харц хайрын толь”, “Монголоороо аялъя”, “Залуу нас”, “Эрийн гурван наадам” зэрэг дуунуудыг үеийнхээ уран бүтээлчидтэй хамтран дуулснаас нь харж болно. Соёлын тэргүүний ажилтан Э.Чулуунчимэг, Д.Найдандорж, Э.Чинбаяр, Б.Хандмаа, Г.Энхнаран болон залуу уран бүтээлч Б.Бердибек, Б.Анхтуяа нартай хамтарч олон уран бүтээл хийж үзэгчдийн хүртээл болгосон.  Түүний тоглолтод СУИС –ийн Бүжгийн сургуулийн бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож эгшиг дээр хөг нэмнэ. “Ub palace”-ын концертын их танхимд болох түүний тоглолтод дээрх уран бүтээлчид ирж ая дуугаа өргөнө гэдгийг дуулгахад таатай байна. Б.Гүрбадам нь дуучин СТА Г.Энхнарантай хамтарч  “Ганцхан чамдаа”, МУГЖ М.Бямбажавтай хамтарч  “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ”, СТА Э.Чулуунчимэгтэй хамтарч  “Харц хайрын толь” зэрэг дуунуудаа хоршин дуулах бол шинэхэн уран бүтээл болох “Залуу нас” дуугаа үе тэнгийн уран бүтээлчидтэйгээ дуулж үзэгч олондоо бэлэг барихаар зэхэж байна. Энэ сарын 26-ны өдрийн 19 цагаас болох “Дурлал шиг бүсгүй” тоглолтод 20 гаруй дуу дуулагдана. Тоглолтын тасалбар 25 мянган төгрөг бөгөөд 19001950-аас лавлаарай. Та бүхэн дуниартсан намрын  хонгор үдшийг “Дурлал шиг бүсгүй”-тэй болзож, дуунд уярч өнгөрүүлээрэй.

Тоглолтын талаарх мэдээллийг 88103034, 94112525-аас тодруулаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top