ДАНЗАНГИЙН ЛХАСҮРЭН
(1951-2020)
Ховд аймгийн Дарви сумын уугуул Данзангийн Лхасүрэн 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр 69 насандаа өвчний учир таалал төгсөв. Тэрбээр 1951 онд Хөвхөрийн гол гэдэг газар мэндэлж, 1969 онд Эдийн засагч мэргэжлээр сургууль төгсөөд цэргийн алба хааж, 1974 оноос ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн мэдлэг чадвар, нэр хүндтэй санхүүч байв.
Д.Лхасүрэн нь 1974-1980 онд Улсын материал техник хангамжийн харъяа газруудад ахлах, ерөнхий нягтлан бодох, санхүүгийн хэлтсийн дарга; 1980-1984 онд Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаанд санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан; 1984-1991 онд Улаанбаатар хотын Октябрийн районы сургууль, цэцэрлэгийн нэгдсэн аж ахуйн төвд ерөнхий нягтлан, улмаар нийслэлийн төр, захиргааны төв хэвлэл “Улаанбаатар” сонины ерөнхий нягтлангаар ажиллаж байв.
Тэрээр тухайн цаг үедээ өмч хөрөнгө бүртгэлийн тооцоонд тавих хяналтыг сайжруулах арга замыг сайжруулж, байгууллагын тайлан балансыг компьютерийн нэгдсэн системээр гаргах ажлыг эхлүүлж, яамны хэмжээнд туршлага нь түгж байсан шинэчлэгч, шилдэг боловсон хүчин байв.
Д.Лхасүрэн нь МЗЭ-ийн гишүүн зохиолч бөгөөд “Гал өнгө”, “Нүцгэн сар”, “Уужим сэрүүн” (2 дэвтэр) зэрэг яруу найргийн ном, “Хадагт хар” тууж, “Нохойн дуудлага”, “Их уулын домог”, “Уужим сэрүүн Алтай” зэрэг өгүүллэгийн номууд туурвин уншигчдын хүртээл болгосон нь утга зохиолын хүрээнд ихэд үнэлэгддэг, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” медалиар шагнуулсан сайн уран бүтээлч юм.
Мөн тэрбээр Ховд аймгийн Дарви сумын нутгийн зөвлөлийн идэвхтэй гишүүдийн нэг байж, нутгийн зөвлөлийн “Сутайн олхонууд” сониныг улирал бүр эрхлэн гаргаж, төрөлх сумынхаа 90 жилийн ойд зориулсан “Суут алдартнуудын нутаг” номыг уран бүтээлч нөхдийн хамтаар эмхэтгэн гаргасан гавьяатан юм.
Талийгаачийн хүн чанар, нутаг амь, ноён нуруу, холч саруул ухаан, өгөөмөр сэтгэл, өмөг түшиг, билиг авьяас, хөдөлмөрч чанарыг бид мөнхөд бахдан дурсах болно.
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
ГЭР БҮЛ, АХАН ДҮҮС, ҮР ХҮҮХЭД, НАЙЗ НӨХӨД НЬ
Сэтгэгдэл ( 0 )