“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирлыг ТУЗ нь огцрууллаа

2020 оны 09 сарын 11


Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд болох “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” хоёр өчигдөр (2020.09.10) далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлд хамтын ажиллагааны шинэ санамж бичиг байгууллаа.

Үүнтэй зэрэгцэн “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэрийг компанийн ТУЗ-өөс гаргасан тухай мэдээллийг “Рио Тинто” албан ёсоор өглөө.

“Рио Тинто” групп өнгөрсөн тавдугаар сард  Австралийн Пилбара мужийн Жуканы хавцалд уул уурхайн тэсэлгээ хийх явцдаа уугуул австраличууд болох абориген үндэстний үүх түүхтэй холбогдох 40 гаруй мянган жилийн настай агуйг дэлбэлсэн асуудал өнгөрсөн хугацаанд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм.

Олон улсын  соёлын өвийг хамгаалах зөвлөлөөс “Рио Тинто” группийн үйл ажиллагаанаас үүдсэн асуудлын талаар албан ёсны дүгнэлт бүхий тойм  мэдээллийг наймдугаар сарын 24-нд гаргасан. Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа явуулсны улмаас хүн төрөлхтний үнэт соёлын өвүүдийн нэгийг устгалаа гэж соёл судлаачид тайлбарлаж байгаа юм.

“Рио Тинто” группийн зүгээс хэрэг явдал үүссэнээс нэг сарын дараа уучлал гуйж, улмаар удирдах түвшний хүмүүсийнхээ шагналт цалинг бууруулах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байсан.Гэхдээ энэ нь хариуцлага хүлээх  түвшинд хангалттай шийдвэр биш гэдэгтэй ТУЗ нэгдсэн байр сууринд хүрч, Жан Себастьян Жакийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. ТУЗ-өөс түүний ажлыг үргэлжлүүлэн авч явах хүнийг тодруулах ёстой. Гэхдээ дэлхийн олон улс орныг хамран үйл ажиллагаа явуулдаг группийн  үйл ажиллагааг тогтвортой хадгалах үүднээс шинэ Гүйцэтгэх захирал тодорхой болтол  буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл Жан Себастьян Жак Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах аж. Учир нь удирдлагын түвшний хүмүүс хариуцлага хүлээх буухиа зөвхөн түүгээр тогтохгүй. Группийн Төмрийн хүдрийн салбар хариуцсан гүйцэтгэх захирал Крис Солсбери ирэх арванхоёрдугаар сарын 31-нд  ажлаа хүлээлгэн өгөх юм.

“Рио Тинто” компаниас өгч буй албан мэдээлэлд соёлын үнэт өвд халдсан зохисгүй үйл явдлыг дахин гаргахгүй гэж тодотгосон байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.41) 2020 оны 09 сарын 12

Манай монголын уурхайн ТУЗ юу хийдэг вэ

1  |  0
Top