ХХААХҮЯ-ны Бэлчээр ашиглалт зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадоржоос хадлангийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 19 дүгээр тогтоол гарсан. Тогтоолын дагуу аймаг, сумдын Засаг дарга нар захирамж гаргаж, орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орон нутгийг бүсчилж, Онцгой комиссын хурлыг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд сайд оролцож байна. Бэлчээрийн даацийн дүнгээр нийт бэлчээрийн 50 хувьд нь хүрэлцээтэй, 25 хувьд нь 1-3 дахин хэтэрсэн, үлдсэн 25 хувьд нь гурваас дээш хэтэрсэн дүн гарсан. Тэгэхээр наймдугаар сарын сүүлээр хур бороо элбэг орсон. Бэлчээрийн ургацын хувьд 60 хувьд нь сайн, 30 хувьд нь бага, 10 хувьд нь муу гэдэг дүн гарсан. Отроор өвөлжиж, хаваржих малчдын судалгааг авсан. Энэ жилийн хувьд 16386 өрхийн найман сая гаруй толгой малыг отроор өвөлжүүлэх хүсэлт ирсэн. Гэхдээ тэднийг бүгдийг нь отроор өвөлжүүлэх боломж байхгүй. Бэлчээрийн даацтай нь уялдуулж тодорхой тооны малыг отроор өвөлжүүлэх ажлыг зохион байгуулна" гэж ярилаа.
Түүнчлэн "Хадлан бэлтгэх ажил удааширч байна. Учир нь, хур бороо их орж байна. Хур бороо татраад ирэхээр хадлангаа хэвийн авч эхэлнэ. Бэлчээрийн даацаас малын тоо, толгой хэтэрч байгаатай холбоотойгоор аль аймгаас хэчнээн тооны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ жил 23-25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )