Н.Адъяасүрэн гишүүн нүүрс тээвэрлэх "C" зөвшөөрөл авахын тулд АВЛИГА өгсөн үү?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Номгон Санчир” группийн Ерөнхий захирал А.Адьяасүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж, гишүүн болоод байгаа билээ. Авто тээврийн салбарт 10 гаруй жил ажиллаж ирсэн гэх шинэ гишүүн Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт - БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийдэг таван аж ахуйн нэгжтэй. 

Тэгвэл А.Адьяасүрэн дээрх компаниуддаа нүүрс тээврийн "С" зөвшөөрөл авахаар бусдад авлига өгсөн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Тодруулбал, түүнийг Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээврийн зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн үндэсний газрын нэр бүхий албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар өмнө мэдээлж байсан.  

-Шаардлага хангаагүй 69, хангалтгүй 67, хангалттай 25 нүүрс тээвэрлэгч байгууллага байна-

Тэгвэл Авто тээврийн үндэсний төвөөс Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайгаас 215 км-т буюу Ханбогд сумын Хайрхан багын нутагт орших Цагаанхад суурьшлын бүс хүртэлх аж ахуйн нэгжүүдийн авто тээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ.

Энэхүү хяналт шалгалтыг “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас” болон “Зэрэглэл тогтоох хуудас”-аар гүйцэтгэж, илэрсэн дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх авто тээврийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнээс хамааруулан авто аж ахуй зэрэглэл тогтоон ажиллаж байна.

Тэгвэл энэ хүрээнд АТҮТ-ийн удирдлагууд өнөөдөр /2020.09.15/ дээрх аж ахуй нэгжийн 200 орчим төлөөлөлтэй уулзаж санал солилцож, тулгарч байгаа асуудлуудаа хэлэлцэж, шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтад нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэдэг 213 аж ахуйн нэгж хамрагдахаар төлөвлөгөөнд тусгагдсанаас 161 аж ахуй нэгж хамрагджээ. Үүнээс “Их” эрсдэлтэй буюу шаардлага хангаагүй 69 ААН, “Дунд” эрсдэлтэй буюу хангалтгүй 67 ААН, “Бага” эрсдэлтэй буюу хангалттай 25 ААН байгууллага шалгагдсан байна.

Шалгалтаар тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл үйлчилгээний ил болон дулаан зогсоол, техникийн үйлчилгээ, засварын байранд тавигдах шаардлага, авто тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөл, боловсон хүчний хангалт, тээвэрлэгч жолооч, инженер техникийн ажилтанд тавигдах шаардлага, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан эсэх зэргийг шалгахад дараах нийтлэг зөрчил илэрчээ. 

ТОДРУУЛБАЛ,

 

  1. Авто тээврийн хэрэгслийг байрлуулах зориулалтын зөвшөөрөгдсөн зогсоол, талбайгүй
     
  2. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг боловсруулаагүй
     
  3. Авто тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгах мэргэжлийн алба хүмүүсийг зохион байгуулаагүй
     
  4. Авто тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах техникийн үйлчилгээ, засвар хийх барилга байгууламжгүй
     
  5. Тээврийн хэрэгсэлд хийх техникийн үйлчилгээний хугацааг явсан бодит гүйлт эсвэл төлөвлөгөөт гүйлттэй уялдуулан тогтоогоогүй, мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ангилал, зэрэг, ажлын байранд тавих шаардлагыг бүрэн тогтоогоогүй, ажлын байрны тодорхойлолтыг гүйцэд боловсруулаагүй
     
  6. Авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын хувийн хэргийг бүрэн хөтлөөгүй
     
  7. Тээврийн хэрэгслүүдийг баталгаажуулсан холбоо мэдээллийн хэрэгслээр бүрэн хангаагүй
     
  8. Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд удирдлагын ажлын байр болон жолооч амрах, хооллох байргүй зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.


Шалгалтын явцад зэрэглэл тогтооход 111 аж ахуйн нэгж шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай Улсын байцаагчийн заалт бүхий албан шаардлагыг 25-90 оноогоор дүгнэгдсэн 148 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлжээ.

Шалгалтын дүн мэдээг олон нийтэд нээлттэй болгож, цахим хуудаст байршуулахаас гадна, “Тээврийн нэгдсэн систем”-ээс тавигдах шаардлага, дүн, оноог бүгд нээлттэй харах боломжтой гэдгийг энэ үеэр дуулгав. Мөн шалгалтад хамрагдаагүй 52 аж ахуйн нэгж, байгууллагад улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгохгүй байх шийдвэрийг танилцууллаа.

Тээвэрлэгч аж ахуй нэгуүүдийн зүгээс “Тээврийн нэгдсэн систем”-д холбогдосоноор төрийн байгууллагуудтай харилцах уялдаа холбоо сайжирч, ил тод болсон гэдгийг онцлон хэлж байв. Мөн энэхүү системээрээ дамжуулж жолооч нарын хариуцлагыг сайжруулах, тэднийг бүртгэлжүүлэх, чадавхижуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг цэгцлэх боломжтой гэдэгт нийт төлөөлөгчид санал нэгджээ. Ингэхдээ хариуцлагагүй, ажил хаядаг, давхар бүртгэлтэй, осол зөрчил гаргадаг, ёс зүйгүй, хэрэг зөрчилд холбогддог, согтууруулах ундаа хэрэглэдэг, хориотой бараа тээвэрлэсэн зэрэг хэрэг зөрчилд холбогддог жолооч нарыг “хар жагсаалт”-д оруулж, хариуцлагыг өндөржүүлэх тал дээр нийт аж ахуй нэгжүүд хамтран ажиллахаар болсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top