Өлгий хот БЕЙРУТ шиг болох дөхжээ

2020 оны 09 сарын 16

Өнгөрсөн наймдугаар сарын 4-нд Ливаны нийслэл Бейрутын боомтод хүчтэй дэлбэрэлт болж 170 гаруй мянган хүн амь үрэгдэж, 6000 илүү хүн гэмтэж бэртэн хотын барилгын тал нь сүйдэж, орон гэргүй бологсдын тоо 300 мянгад хүрснийг уншигчид санаж байгаа.

Засаг захиргааны ажилтнуудын хариуцлагагүй, хэнэггүй зангаас энэ хэрэг үүдэлтэйг олон улсын хэвлэлүүдээр тухайн үед шуугиж байсан. Боомтын агуулахад олон жил хадгалагдаж байсан 2.75 тонн аммонийн нитрат руу оч үсэрсэн нь  гамшигт дэлбэрэлтийн шалтгаан болсон. Ливаны гаалийн ажилтнууд 2013 оны сүүлээр  ОХУ-ын эзэмшлийн “Rhosus” усан онгоцноос энэхүү бодисыг хураан аваад устгалд оруулалгүй “мартаж” орхисноос уг гамшиг тохиосон байдаг. Хил залгаа Кипр улсад дэлбэрэлтийн долгион мэдрэгдсэн гэхээр ямар хэмжээний сүйрэл болсон нь ойлгомжтой.

Хэрхэн энэ бодис Бейрутын боомтын агуулахад “хэвтэх” болсон нь ч хувь заяаны шоглоом гэлтэй. ОХУ-ын иргэн И.Гречушкины мэдлийн уг онгоц Молдавын далбаан дор Гүржийн Батумын боомтоос Мозамбикийг зорин хөдөлсөн байдаг. Гэвч хөдөлгүүрт нь гэмтэл гарсны улмаас арга буюу Бейрутад зогсож, цааш хөдлөх боломжгүй болсны улмаас ачиж явсан 2.75 тонн аммонийн нитратыг ливанчууд боомтын агуулахад “хямгадан” үлдээгээд мартаж орхисон нь гай тарьсан хэрэг.

Холын холд болсон явдлыг эргэн дурдахын учир гэвэл Монгол Улсад, тодруулбал Баян-Өлгий аймагт иймэрхүү хэрэг мандах магадлал байсныг саяхан олж илрүүлсэнд байгаа юм. Ердөө хэдхэн хоногийн өмнө, энэ есдүгээр сарын 9-12-нд Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг тус аймагт ажилласан байна.

Ингэхдээ ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-тай хамтран химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын нөхцөл байдалтай танилцах үед бүр социализмын үед буюу 1988 онд аймгийн цэвэрлэх байгууламжид ашиглахаар аваачсан 39 баллонтой хлорын шингэн хийг хадгалсаар байгааг илрүүлжээ.

Бейрутын аммонийн нитратыг 2013 оноос хадгалсан бол Баян-Өлгийд “мартагдсан” хлорын шингэн хий даруй 32 жил дарагд­сан байна гээд төсөөлөөд үз. Муугаар бодоход баллон хагарч шингэн хий ямар нэг хэмжээгээр алдагдсан, цаашлаад дэлбэрсэн бол Өлгий хот, хаяа залгаа Бугат, Сагсай сумын иргэд гамшигт өртөх магадлал өндөр байжээ.

Хлорын хийг дайн байлдаанд хэрэглэж байсан түүх бий. Дэлхийн I дайны үер буюу 1915 онд Бельгийн Ипр хотын орчимд Германы цэргийнхэн Францын цэргийн эсрэг хлорын хий ашигласан байдаг. Аравхан минутын дотор олон мянган цэргийн амьсгал боогдож, үлдсэн нь ухарч байжээ. Түүний дараахан Канадын цэргийн өөдөөс мөн л хлорын хий ашиглаж, 2000 цэргийн аминд хүрч байжээ.

Баян-Өлгийд 32 жил хадгалж байсан хлорын хий ийм л аймшигтай “химийн зэвсэг” юм. Яагаад, ямар учраас ХХ зууны 80-аад оны үеийн хлорын хий XXI зууны 20 он хүртэл дараастай байсны шалтгаан нь мөн л дарга, мэргэжилтэн, хариуцлагатнуудын хэнэггүй, хариуцлагагүй байдлаас үүдэлтэй. Яг л Бейрут шиг.

Энэ зуур нийтийн он тооллоор зуун, мянган дамнаж, нийгмийн тогтолцоо ч солигдсон байна шүү дээ.  Өөр бусад аймгуудад ч иймэрхүү аймшигт зэвсэг хуучны агуулах саванд “нуугдаж хоцорсон” байхыг үгүйсгэхгүй.

Тун яаралтайгаар аймаг, дүүргүүдийн онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан, бүр тагнуулынхныг ч оролцуулан шалгалт хийхэд гэмгүй болжээ. Тэгэхгүй бол нэг л өдөр Монголд Бейрутынхтай ижил нөхцөл байдал үүсвэл яана. Баян-Өлгий аймгийн Өлгий хот гэхэд Бейрут болох дөхсөн байна шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.186) 2020 оны 09 сарын 16

П.Оюунчимэг гэж зартай луйварчин авгай гэнэт Баян Өлгийд ажиллаад л байгаарай

1  |  0
Зочин(43.228.129.86) 2020 оны 09 сарын 16

Эх сурвалж нь Хүний эрхийн комиссын Баян-Өлгий аймагт ажилласан тайлан

0  |  0
к к к(192.82.65.93) 2020 оны 09 сарын 16

Наад хасгууд чинь биднийг устгах нь дээ

1  |  1
Z(202.9.46.186) 2020 оны 09 сарын 16

худлаа гэсэн шүү

1  |  0
Top