Ялын ШИНЭ ТӨРӨЛ буюу "ЦАХИМ ГАВ"

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Засгийн газрын өнөөдрийн /2020.09.16/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталлаа. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж тооцоолжээ. 

Тэгвэл гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог. Харин үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж үзнэ.

ҮҮНД
 

  • Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг,
     
  • Үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг,
     
  • Бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг,
     
  • Ноцтой хохирол гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг тус тус ойлгоно.
     

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж үздэг бол хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж үздэг байна. 


Гэмт хэргийн хор хохирлоос нь шалтгаалж тухайн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял онооно. Өөрөөр хэлбэл, манай улсад ялын дөрвөн төрөл үйлчилдэг. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг батлаад байна.

Засгийн газраас баталсан тогтоолтой холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуулийн хэрэгжилт хоёр удаа хойшилж байсан. Тэр хуулийг 2021 оноос хэрэгжүүлнэ. Тиймээс тооцоо, судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Энэхүү ял хэрэгжснээр хүн ажил эрхэлж, гэр бүлтэйгээ байх боломж бүрдэж байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг онооно. Хүн амь, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оноохгүй. Гагцхүү зам тээврийн осол, болгоомжгүй хүний биед халдсан зэрэг хүнд онооно. Улаанбаатар хотод мэдээллийн ганцхан төв ажиллана. Ойролцоогоор жилд 1080 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноодог судалгаан дээр үндэслэсэн. Жишээ нь, оюутан хүн хөнгөн ял авлаа гэхэд энэ ялыг оноох юм. Өөрөөр хэлбэл, гэр сургуулийнх нь хооронд явах замыг нь татна. Хэрэв зааж өгсөн чиглэлээс гарсан тохиолдолд хорих ялаар солигдоно. Цахим гавыг хөл, гарт нь зүүнэ. Шүүх, шүүгдэгчийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, ялыг сонгох байдлаар хуульчилж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүсэж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top