Ган, төмөрлөгийг дотооддоо үйлдвэрлэж эхэлбэл бүтээн байгуулалтын өртөг 20 хувиар буурна

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

 “БТЕГ” ХХК нь 2004 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дахь Баянгол нэртэй газарт геологийн нарийвчилсан хайгуулын ажлыг явуулж, төмрийн хүдрийн нөөцийг тогтоон улмаар нийт 1406 га газарт 2007 оноос өнөөдрийг хүртэл төмрийн хүдэр олборлон баяжуулж, экскпортлох үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа аж. Тус компани нь уул уурхайн үйл ажиллагааг тухайн бүс нутагт байгаль орчин хамгаалах, биологийн нөхөн сэргээлтийн ажилтай нягт уялдуулан төлөвлөлтийн дагуу тасралтгүй авч хэрэгжүүлдэг аж.

“Баянгол” уурхайн төмрийн хүдрийн нийт тогтоогдсон нөөц 132 сая тонн ба таамаглаж буй нөөц ойролцоогоор 150 сая тонн хүрэх магадлалтай гэв. Жилд 6 сая тонн олборлодог ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү танилцуулж байв. Тус компани уурхайгаас олборлосон төмрийн хүдрээр ширэм үйлдвэрлэх үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд барихаар төлөвлөж байгаа аж.

Компани төмөр зам, авто зам, харилцаа холбоо, цахилгаан хангамж, уул уурхайн техник, тоног төхөөрөмж, 1100 хүний багтаамж бүхий уурхайн цогцолбор амьдрах орчныг бүрдүүлж дэд бүтцээ цогцоор нь бүрэн шийджээ. Нийт ажилчдын 60 хувийг нь Сэлэнгэ аймгийн иргэд байдаг бол үүнээс 300-400 орчим нь Ерөө сумынх аж. "БТЕГ" ХХК 15 жилийн ойгоороо уурхайчдын Баянгол уурхайн цогцолбор Хотхон нь 16 мянган м.кв талбай бүхий 18 объекттой, 15 мянган м.кв талбай бүхий зам талбай гадна тохижилтыг хийж, ашиглалтад оруулжээ. Соёл урлаг, спорт заал, ресторан, эмнэлэг, банк, фитнесс танхим, саун зэрэг объектууд ажилчдыг гадагш орж, гарахгүйгээр бүх цогцолбороор дамжин явах боломжтой шилэн байгууламжаар холбож өгсөн байна. Энэхүү бүтээн байгуулалт нь ажилтныхаа эрүүл ахуй , эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах болон нийгмийн баталгааг хангахад ихээхэн эерэг нөлөөтэй аж. Тус компанийн ажилчид 20/10 хоногийн ростертой ажилладаг бөгөөд ажлын бус цагаараа биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрэн бүрдүүлсэн бөгөөд гэр бүлийн ажилчдын байрыг хүртэл байгуулж өгчээ. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, тав тухтай орчин бүрдүүлж өгснөөр тогтвортой суурьшилтай ажиллаж байгаагаас гадна ажлын бүтээмж сайжирч байгааг Баянгол уурхайн гүйцэтгэх захирал Ж.Мөнхбаатар хэлж байлаа.

"БТЕГ" компанийнхан олборлолтын үйл ажиллагаатай зэрэгцүүлэх ойжуулалтад гол анхаарлаа хандуулж иржээ. Орон нутгийн ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран жилд 10-15 га-д тариалсаар өнөөдрийн байдлаар  140 га талбайд нийт 300-350 мянган тарьц суулгасан байна. Мөн 28 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нарын албаны хүмүүс Баянгол төмөр замын үйл ажиллагаатай танилцав. Баянгол төмөр зам нь өөрийн төмрийн хүдрийн ачилтаас гадна бусад компанийн уул уурхайн болон өөр төрлийн ачааг өөрийн төмөр замаар тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд дунджаар жилд 5 орчим сая тонн ачааг  “УБТЗ” ХНН-д дамжуулдаг аж. Энэ нь Монгол Улсын нийт төмөр замын тээврийн ачаа эргэлтийн 30 орчим хувийг эзлэдэг байна. Цаашид өөрийн төмрийн хүдэр болон бусад ачааний нийт захиалага 30 хувиар өсөх урьдчилсан ачааны хэмжээ төлөвлөгдсөн гэв. Үүнээс гадна Баянгол төмөр зам нь өөрийн эзэмшлийн вагоноор  “УБТЗ” ХНН-ийн бусад өртөө зөрлөгөөс 2019 онд 2,5 сая тонн ачааг экспорт болон дотоодын тээвэрт тээвэрлэхээр төлөвлөөд буй аж.

Харин Төмөртэйн ордын хувьд, 229 сая тонн нөөцтэй бөгөөд жилд  нийт 5 сая тонн хүдэр олборох хүчин чадалтай. Тус уурхай 2014 онд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Сүүлийн 6 жилд хоёр уурхай 28 сая м/куб хөрс хуулж, 11 сая тонн хүдэр олборложээ. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 10 мянган тонн цувимал, 1 сая тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн байна.

Бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр Гангийн бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, өнөөдрийн байдлаар жилд 500 мянган тонн ган импортоор авч байгааг УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлж байв. Энэ тоо 2025 он гэхэд 1 саяд хүрэх прогнозтой байгаа бөгөөд энэхүү хэрэгцээг дотооддын үйлдвэрлэлээр хангахыг Засгийн газраас зорьж байна. Манай улс жилд 8.4 тонн хүдэр, хүдрийн баяжмалыг экспортоор гаргаж байгаа ба үүнийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож, дотооддоо боловсруулдаг болохын төлөө Засгийн газраас анхаарч, үйлдвэр байгуулахад тулгарч буй газар, эрчим хүчний асуудалд төрийн зүгээс дэмжих юм. Гангийн үйлдвэр байгуулж, дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл өртөг 20 хувиар буурч, үүнийг дагаад хямд үнэтэй орон сууцнуудыг иргэддээ хүргэх боломжтой юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top