Хөшөө, суваргад зардаг мөнгөө хөрөнгө оруулалт болгомоор

2020 оны 09 сарын 22

Хөдөө тал минь суваргаар дүүрэн, сумын төвүүд маань хөшөөгөөр баян болох цаг нүүрлэжээ. Уул даваа, гүвээ бүхэн дээр ямар нэг суварга босгосон байх нь элбэг. Нутгийн иргэдээс бусад зам зуурын хүмүүст бол юуны тухайтад суварга залсан нь төдийлөн ойлгомжгүй.

Аймаг, сумын төвүүдэд очиход түүхэн хүний хөшөө хэд хэдээрээ ярайна. Босоо, суугаа, цээж олон хөшөөнүүдийн дийлэнх нь мөн л тэр хавийн оршин суугчдын мэдэх нэгний дурсгал. Хөшөөгүй сум нэрлэ гэвэл гарын арван хуруунд багтаж мэднэ. Саяхан нэг танил маань ярьсан юм. “Хөшөө чулуу элбэгшээд шөнийн харанхуй, үдшийн бүрийгээр ганц нэгээрээ сумын төвөөр явахад чимээгүй хот дунд байгаа мэт энд тэндээс хүний дүрс өнгийх нь эвгүй” гэж. Алдартан олонтой газар бол алсдаа хөшөөгөөр хүрээлэгдэх шинжтэй.

Нэр төртэй, гавьяатай хүмүүсээ алдаршуулах нь нутаг усныхны бахархал гэдэг нь зүй ёсны хэрэг. Харин тус бүрт нь сайхан, муухай хөшөө босгоно гэвэл нэгд, хөрөнгө мөнгөний гарлага, хоёрт, нээрээ л жижигхэн газарт олшроод ирвэл чимээгүй хот маягийн таатай бус сэтгэгдэл төрүүлж мэдэхээр.

Дээр үед бол сум бүр таван хошуу эцэг мал юм уу, хургатай хонь, унагатай гүү, буга, баавгайн баримал дүрсээр гоёдог байв. Тэд одоо бүгд нураад арилсан. Сүүлдээ хурдан морь, улс, аймгийн цол чимэг бүхий бөхийн хөшөө, баримлаар өрсөлддөг боллоо. Хожмоо алдартай хүмүүсийнхээ хөшөөг урлаж өрсөлддөг болсон. Тэгээд зогсохгүй тэр газрын лус савдаг, шүтэж тахидаг бурхан, гайгүй нохой хүртэл хөшөөтэй. Арай л одоохондоо буг, чөтгөрийн хөшөө алга. Яваандаа бий болохыг үгүйсгэхгүй. Нэг хоёрын зэрэг түүхэн алдарт хүний хөшөө байхад болохгүй зүйлгүй ч олшроод ирэхээрээ “оршуулгын газар” мэт санагдаад эхэлдэг нь аргагүй.

Аймаг, сумын төсвөөсөө хугаслаж, ард иргэдийн хандивын мөнгөөр нэмэрлэж сүртэй, сүргүй, төстэй, төсгүй хөшөө урладаг нь элбэгших атал төвдөө ганц төө цардмал замгүй, сургууль, цэцэрлэг нь гадаа модон жорлонтой, төсвийн байгуулагуудынх нь дээвэр хуурчихсан суурин газрууд байсаар. Уг нь тэр хөрөнгөө сум, сууриныхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам талбайн тохижилтод нэмэрлэдэг, гудамж, талбайгаа алдартнуудынхаа нэрэмжит болгочихвол болоод явчихмаар. Нэртэй, төртэй хүмүүсийнхээ хөргийг Соёлын төвдөө залж, нэг газар цэгцтэй цогцолбор байгуулаад нэр усыг нь сийлчихвэл олон хөшөөнөөс хавьгүй дээр санагдана.

Сүүлийн үед аялал жуулчлал хөгжүүлэх нэрийн дор улсын төсвийн хөрөнгө уул хөндийн энд тэнд босгосон бетон хөшөөнд цацагдах шинжтэй. Дундуур нь мэдээж төсвөөс нь мөнгө унагадаг цавчаа явж таарна.

Сүүлийн үеийн жишээ нь Хэнтий аймгийн нутагт босгож буй Андлалын хөшөө, цогцолбор. Андууд гэдэг нь духаараа мөргөлдөж өөд өөдөөсөө ширүүн харсан хоёр эр. Андлаад байгаа юм уу, агсралдаад байна уу гэдгийг гаднын жуулчин хараад таашгүй. Тэр мэт олон хөшөө Эзэн богд Чингис хааны нутагт цуварч босох төлөвтэй.

Уг нь үйл явдлын тайлбар танилцуулга, хэн хэн хэзээ ямар гавьяа байгуулсан, ямар нэртэй газар аль талд байгаа, тэнд юу болж өнгөрснийг ойлгомжтой зурж харуулсан ганц цэвэрхэн ханан хөшөөг түүхт газрын босгон дээр байгуулаад, нутаг ус нь онгон дагшнаараа, түүнийг үзүүлж харуулдаг тусгай өндөрлөг цэгүүдтэй байвал хийц муутай хөшөө суваргаар хайран газар орны сүрийг дарж сүйтгэж байснаас хавьгүй дээр мэт.

Энэ зуур Хэрлэн барс хотын цамхгийг орчин цагийн тоосго, бетоны дор “булшилсан”, Цогтын цагаан балгас, Хар бухын балгасын тоосгыг сугалж хашаа хороонд нэмэрлэсэн, буган чулуун хөшөөнүүд булгарч ойчсон, хадны дүрс зургууд дээр мунхаг хүмүүс нэр усаа сийлсэн гээд хэрэг дээрээ бусдад нүүр бардам үзүүлэх учиртай жинхэнэ түүхийн дурсгалууд сүйрсээр. Үүнийг анзаарч, элдэв цогцолбор нэртэй эрээвэр хураавар овоолго босгох мөнгөө эдгээрийг додомдоход нэмэрлэх нь илүү үр дүнтэй баймаар. Соёлын яамтай болсон юм чинь үүнд хойшид анхаарах биз ээ хэмээн найдах үлджээ.

Хөшөө, суваргад үрдэг мөнгөө хөрөнгө оруулалт болгож сум, орноо хөгжүүлэх нь хавьгүй илүү үр дүнтэй нь ч маргаангүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.28) 2020 оны 09 сарын 22

Андлал нэртэй ижил хүйстэний хөшөө бүиээх хөрөнгө гаргадаг Хэнтийн 3 БАЛАЙ даа хэл.

0  |  0
Top