ШШҮХ-гийн техник, технологийг 19 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

БНСУ-ын “Койка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар 2020 онд хэрэгжүүлэх төсөлд “Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл” шалгарч, судалгааны баг 2020 оны 1 дүгээр улиралд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байсан боловч дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” цар тахлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ.

“Койка”-гын Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Хэйн-Нан, орлогч дарга Су Бу-Ён нар 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр тус хүрээлэнд зочилж “Ковид 19” цар тахал бүрэн намдаагүй байгаа хэдий ч нийт долоон сая ам доллар буюу 19 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2020-2023 онд хэрэгжих Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодист хийх шинжилгээний лаборатори, Дижитал шинжилгээний лаборатори, Бичиг баримт болон мөр судлалын лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжээч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах ажлаа эхлүүлэх болсныг мэдэгдлээ.

Түүнчлэн лабораториудын засвар, тохижилтын ажил, тоног, төхөөрөмж нийлүүлэлт, хор судлал, мансууруулах бодис, ДНХ, дижитал, бичиг баримт, сэтгэл судлал, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, зам тээврийн осол болон шүүх эмнэлэг зэрэг чиглэлээр албан хаагчдыг БНСУ-д сургалтад хамруулах мөн БНСУ-аас улсаас мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top