Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиад (англиар IOI)-д монгол сурагч амжилттай оролцож, Монгол Улсын анхны алтан медалийг авчирсан мэдээ өнөөдрийн онцлох үйл явдал байлаа.
Тус олимпиадад дэлхийн 88 орноос шалгарсан сурагчид оролцсоноос “Сант” сургуулийн сурагч Амарын Нямдаваа алтан медаль авсан юм. Түүний хувьд өнгөрсөн жил мөн тус олимпиадаас Монгол Улсын анхны мөнгөн медалийг хүртэж байжээ. Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас алт, мөнгөн медаль хүртсэн анхны монгол сурагч А.Нямдаваа өнөөдрийн манай ОНЦЛОХ ЗОЧИН болж байна. Түүний ярилцлагыг хүргэе.
-Монгол сурагчдын хувьд, монгол хүүхдүүдийн хувьд та өнөөдөр бахархал болж байна. Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Би “Сант” сургуулийн арванхоёрдугаар ангид сурдаг. Намайг Амарын Нямдаваа гэдэг.
-Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцож, Монголын анхны алтан медалийг хүртлээ. Нийт хэдэн хүүхэд оролцсон бэ?
-Энэ удаагийн олимпиадад 88 орны 350 орчим хүүхэд оролцсон.
-Өнгөрсөн жил яг энэ олимпиадаас та мөнгөн медаль хүртэж байжээ. Энэ бас Монголын хувьд анхны мөнгөн медаль байсан юм байна. Олимпиадын хувьд өмнөх жилийнхээс ямар ялгаатай байв?
-Өнгөрсөн жил Азарбайжанд зохиогдсон. Тийшээ явах нислэгийн тийз, цагийн зөрүү гээд хүндрэлтэй зүйлс байсан. Энэ жилийн хувьд цахимаар болсон учраас илүү амар байлаа.
-Олон улсын олимпиадад оролцоход ямар шалгуур, шаардлага тавьдаг вэ?
-Мэдээлэл зүйн олимпиадын комисс гэж байдаг. Энэ комиссоос улс улсын хэмжээнд олимпиад зохион байгуулж, дотооддоо шалгарсан дөрвөн сурагчид Олон улсын олимпиадад оролцох эрх олгодог. Улс бүрээс дөрвөн хүүхэд оролцоно гэсэн үг. Энэ жилийн хувьд манайхаас Ш.Билгүүдэй, Б.Бадрангийх, Б.Хангал бид дөрөв оролцсон.
-Олон улсын олимпиадад оролцоход хүндрэлтэй зүйл байдаг уу?
-Энэ олимпиад 32 дахь жилдээ зохиогдож байгаа. Олимпиадад оролцохдоо өмнөх жилүүдийн алдаагаа засаад явдаг. Хүндрэлтэй зүйл байдаггүй.
-Олон улсын олимпиадад хэзээнээс оролцож эхэлсэн бэ?
-Гуравдугаар ангидаа анх Тайваньд болсон IMC гээд математикийн олимпиадад оролцож байсан. Тэр үед бага ангийн багш н.Батцэнгэл намайг бэлтгэж оролцуулсан.
-Та олон улсын олимпиадын хэдэн медальтай вэ?
-Монголын олимпиадын хувьд тоогоо алдсан. Харин олон улсын тэмцээнээс авсан есөн медаль байдаг. Ер нь багш нар маань намайг нэгдүгээр ангид байхаас л тооны олимпиадад бэлтгэж эхэлсэн. Хамгийн анх нэгдүгээр ангидаа дүүргийн математикийн олимпиадад түрүүлж байсан.
-Яагаад математик, мэдээлэл зүйн чиглэлийн хичээлийг түлхүү сонирхож, судалдаг вэ?
-Бусад хичээлтэй харьцуулахад ойлгоход илүү амар санагддаг. Жишээлбэл, физикийн хичээл дээр гэхэд томъёо цээжлэх хэрэгтэй байдаг. Харин математикийн томъёог цээжлэх шаардлагагүй, бодолтоор гаргаж авах боломжтой. Би есдүгээр ангид байхдаа “Сант” сургуулийн А.Батжаргал багшийн мэдээлэл зүйн олимпиадын гүнзгийрүүлсэн бэлтгэлийг сонирхоод, сурч эхэлсэн. Сурах тусмаа улам их сонирхох болсон.
-Олимпиадны бэлтгэлдээ өдөрт хэдэн цагийг зарцуулдаг вэ?
-Компьютерийн ард суух бүрд бэлтгэл болж байдаг.Зав гарах бүрдээ багийнхантайгаа тоо бодно.
-Бэлтгэлээ хаана хийдэг вэ. Орчин ямар байх нь чухал байдаг вэ?
-Онлайн тэмцээнүүд долоо хоног бүр болдог. Тэмцээнд оролцохдоо өөр улсын хүүхдүүдтэй танилцаж, туршлага солилцдог. Онлайнаар холбогдож, хамт бэлтгэл хийдэг. Одоохондоо олимпиадныхаа цагийн хуваарьт тааруулж унтаж, сэрэхээ зохицуулж байгаа. Олимпиад Монголын цагаар ихэвчлэн 19:00 цагаас 00:00 цагийн хооронд болдог. Оройтож унтдаг учраас өглөө 11:00 цагийн үед сэрдэг.
-Математик, мэдээлэл зүйн хичээлийн алинд нь илүү сонирхолтой вэ?
-Бодлогынхоо хариуг батлаад дуусдаг учраас математикийн бодлогууд илүү баталгаатай байдаг. Мэдээлэл зүйн хувьд таагаад бичсэн ч хамаагүй зөв байвал болчихдог.
-Бусад хичээлдээ анхаарч чадаж байна уу?
-Олон улсын олимпиадад бэлтгэл хийхдээ хичээлийн жилийн төгсгөлд цөөн хоногийн чөлөө авдаг. Тиймээс хичээлээс хоцрогддоггүй. Бүгдийг нь сайн сурахыг хичээдэг.
-Урам зориг авдаг зүйл юу вэ?
-Өрсөлдөгчөөсөө эрч хүч авдаг гэж хэлж болно. Бусад орнуудын сурагчдын бодлого бодож байгааг хараад илүү их зүйл хийх ёстой юм шиг санагддаг.
-Хамт өрсөлдсөн гаднын сурагчидтай холбоотой байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн жил оролцсон хэд хэдэн сайн хүүхэд бий. Америкийн Willam Lin гээд энэ жилийн олимпиадад мөн нэгдүгээр байранд орсон хүүхэд хамгийн мундаг нь санагддаг. Би лав хэзээ ч түүнийг гүйцэхгүй байх.
-Та юуны орд вэ?
-Матрын орд
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Ихэнх цагаа бэлтгэл хийхэд зарцуулдаг. Хааяа интернэтээс бичлэг үзэж, тоглоом тоглодог.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын том. Нэг дүүтэй. Дүү маань долоодугаар ангид сурдаг.
-Математик, мэдээлэл зүйн хичээлээр гүнзгийрэн суралцаж байгаа үеийнхэндээ юу гэж зөвлөмөөр байна?
-Зарим багш нар математикийн томъёог заавал цээжлэх ёстой гэж үздэг. Харин миний бодлоор тухайн томъёо хэрхэн бий болж байгаа, хэрхэн хэрэглэгддэгийг сурах хэрэгтэй. Ингэвэл цээжлэх шаардлагагүй, ойлгоход илүү амар байдаг.
-Бодлогынхоо хариуг гаргаж чадахгүй, бухимдах тохиолдол гардаг байх. Ийм үед стрессээ яаж тайлдаг вэ?
-Хариуг нь гаргаж чадахгүй үедээ хаяад өөр зүйл хийдэг. Хэсэг хугацааны дараа дахиж бодож үздэг. Зургаан сарын дараа бодлогынхоо хариуг гаргаж байсан тохиолдол ч бий.
-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ. Цаашдын зорилгоо хуваалцаач?
-Одоохондоо тодорхойлоогүй байна. Гэхдээ IT чиглэлээр сурч, мэргэжил эзэмшинэ гэж бодож байгаа. Их сургуульд ороод, мэргэжлийн ойлголттой болсныхоо дараа шийднэ. Одоогоор АНУ, Канад, Английн их сургуулиуд руу сурах хүсэлт явуулахаар төлөвлөж байгаа.
-Таныг одоо математикийн олон улсын олимпиадад мөн оролцох гэж байгаа гэсэн. Энэ нь хэзээ вэ?
-Олимпиаддаа оролцоод дууссан. Хариу нь хоёр хоногийн дараа гарна. Хариугаа хүлээж байгаа.
-Амжилт хүсье, танд.
Ярилцсан: Б.ХОНГОРЗУЛ, Э.НАНДИНЦЭЦЭГ
Сэтгэгдэл ( 3 )
Mundag bna. Amjilt ... zuv saihan husel temuuleltei huuhed
Миний хайртай уеэлийн терсен Хуу шуу дээ. Цаашдаач Амжилт бутээлээр арвин явна даа.
mundag huud bayat hurge, sain mergejilten boloh ni todorhoi