Шатрын Их мастер, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч А.Энхтуул энэ сараас БНХАУ-ын Шанхай хотын 2800 гаруй сурагчтай Шатрын академид ахлах түвшиний дасгалжуулагчаар ажиллаж эхэлжээ.
Тус академид багшлахын тулд бүтэн жилийн хугацаанд сонгон шалгаруулалт болон бусад сургалт, шалгуурыг давсан байх шаардлага тавьдаг.
Их мастер А.Энхтуулын хувьд 2015 онд 21 настайдаа Арабын нэгдсэн Эмират улсад урилгаар ажиллаж байсан туршлагатай билээ.
Тэрбээр энэ сонголтынхоо талаар "Манай оронд өмнөх он жилүүдийг бодвол шатрын спорт харьцангуй хурдтай хөгжиж буйд баярлаж байгаа ч дэлхийд хүчтэй буюу мэргэжлийн өндөр түвшинд өрсөлдөх хэмжээний стандартыг бүрдүүлэхэд урт хугацааны бодлого хэрэгтэй гэж үздэг хүний хувьд БНХАУ-д ажиллах боломжийг алдахгүйг хичээсэн. Анх есөн настайдаа шатар сонирхох хэмжээнд клубийн сургалтад явж, улмаар 10 настайгаасаа тогтмол хичээллэж эхэлснээс хойш 16 жилийг ардаа орхижээ. Нэгэнт “Их мастер” хэмээх эрхэм хүндэт цолонд хүрч, гадаад, дотоодын олон тэмцээнд “Их мастерын хэмжээнд” амжилттай оролцож, нэр төртэйгээр хөдөлмөрлөж хүрсэн цолоо өдийг хүртэл хамгаалж ирсэн. Иймд идэвхитэй тоглогчийн замналыг орхиж, хойч үеэ бэлтгэх, ирээдүйн шатрын хөгжилд хөрөнгө оруулах, дэлхийн түвшинд өрсөлдөх бодлогыг мэргэшүүлэх зорилго өвөртлөн энэхүү цоо шинэ замыг сонгосон. Би шатарчин хүний хувьд 70 гаруй орноор шатар тоглож байсны хувьд, эх орноо төлөөлөн олон улсын шатрын байгууллагуудад ажилласан ба ажиллаж буйн хувьд уг спортод маань дэлхийн аль ч оронд олонтаа тохиолддог санхүүгийн асуудлуудаас болж ямар их боломжгүй мөртлөө авьяастай шатарчид ард хоцордгийг мэднэ. Ялангуяа, манай улсын өсвөрийн шатарчид сүүлийн жилүүдэд “бор зүрхээрээ” явж байгаа мөртлөө маш өндөр амжилтуудыг гаргасаар байгаа нь тэдний эцэг, эхчүүдийн нөр их хөдөлмөр шингэсэн “Хүүхдийнхээ төлөө” гэх сэтгэл, харин “Хүүхдүүдийнх нь шатрын төлөө” гэх сэтгэлтэй салшгүй холбоотой гэж боддог. Өнөөдрийн Монголын шилдэг шатарчдын ихэнхийх нь ажил, амьдрал өсвөрийн шатарчдын эцэг, эхчүүдийн хөрөнгө оруулалтаар хэмжигдэж байгаа гэвэл хатуу ч гэлээ хилсдэхгүй байх аа. Миний бодлоор, бид шатраар өндөр хөгжсөн улс орны туршлага, стратегийн гол бодлогоос суралцаж, нийтийнхээ болон ирээдүйн шатрын тууштай хөгжлийн төлөө хамтарч ажиллах зангилаа шаардлагатай байгаа гэж харж байна. Шилдэг шатарчид нь ар гэртээ, ахуй амьдралдаа зоволгүй шатраа тоглодог, өсвөрийн шатарчид нь эцэг, эхийн боломжоос хамаарахгүй тэмцээнд оролцдог “зөв” тогтолцоог бий болгохын төлөө “тогоон дотроо чанагдсан” залуу хүний хувьд бие сэтгэлээ зориулан дээрхийг бүтээх “гүүр” нь болохын төлөө БНХАУ-д ажиллах замыг хэсэгтээ сонголоо. Эх оронд маань шатрын спорт үндэсний хэмжээнд болон мэргэжлийн түвшинд хөгжихийн төлөө хичээцгээе" хэмээн хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хог хужааг сонгодог нь юу ч юм очиж очиж хэлэх ч үг алга даа.
чи монгол хүн бол эх орондоо шатрын их хөгжилд хүчээ өргөхгүй яасан юм бэ? очиж очиж Хятад улсыг сонгосонд харамсаж байна..хятадаас өөр оронд ажиллаж байгаа бол чамаар бахархах байлаа. наанаас хурдан өөр оронд , эсвэл эх орондоо ирж ажиллана уу?\n
мундаг охин юмаа, амэилт хүсье