Хүүхдүүд буугаар тоглож байгаад ЗУРГААН НАСТАЙ ОХИН суманд өртөж, амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Хөвсгөл аймагт өнгөрсөн амралтын өдөр зургаан настай охин бууны сумны шархтай эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, эл хэрэг өнгөрсөн бямба (2020.09.26) гарагт болсон бөгөөд талийгаач охин тухайн үед ахтайгаа тоглож байсан байна.

Түүний ах найман настай, эрэгтэй Б гэртээ байсан галт зэвсгээр оролдож байгаад сум алджээ. Сум зургаан настай, эмэгтэй дүү болох Д-г онож, эмнэлэгт хүргэгдсэн ч охин шархаа даалгүй амьсгал хураасан аж.

Хэргийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна. 

Галт зэвсгийн тухай хуулиас

 14 дүгээр зүйл, Галт зэвсгийг хадгалах тухайд
 

  • Галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгалах ба галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална.
     
  • Галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд галт зэвсгийг зориулалтын төхөөрөмжилсөн өрөөнд, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгална.
     
  • Иргэн, хуулийн этгээд арав, түүнээс дээш тооны галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд галт зэвсгийг сумнаас тусад нь зориулалтын шүүгээнд хадгална.
  • Галт зэвсгийг хаяж, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд энэ талаар мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
     
  • Монгол Улсад галт зэвсэг, сум худалдах төв байгууллага нь буудлага үйлдэх байгууламж /тир/-тай, аюулгүй байдлыг хангасан дохиолол, хяналтын телекамераар тоноглогдсон ажлын байр болон агуулах, галт зэвсэг, сум тээвэрлэх тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлтэй байна.
     
  • Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон зориулалтын агуулахад галт зэвсэг, сумыг тус тусад нь хадгалах бөгөөд үйл ажиллагаагаа явуулдаг байр нь харуул хамгаалалттай байна гэж тус тус заажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top