ТОЙМ: Валютын нөөц 770 сая ам.доллароор буурч, ТӨГРӨГ СУЛРАХ дарамттай байна

2020 оны 09 сарын 29

2020 он гарсаар коронавирусний тархалт улс орнуудад газар авсан нь эдийн засгийн идэвхжилийг бууруулсан. Монгол Улсын тухайд ч эдийн засгийн нөхцөл хүндэрч, экспорт саарч, валютын орох урсгал муудсан нь төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрахад голлон нөлөөлсөн.

Түүнчлэн  эдийн засгийн идэвхжилийг сэргээн, төсвийн орлогын тасалдлыг нөхөх үүднээс ашигт малтмалын экспортыг сэргээх чиглэлийн арга хэмжээнүүд авсан нь төлбөрийн тэнцлийн үзүүлэлтийг сайжруулж, улмаар төгрөгийн ханш харьцангуй тогтворжиход нөлөөлж байна.

Гадаад валютын сүүлийн дуудлага худалдаануудыг харахад банкуудын ам.долларын эрэлт буурч буй юм. Тов ёсоор өнөөдөр /2020.09.29/ гадаад валютын ээлжит дуудлага худалдаа болох ёстой.

Манай улсын гадаад валютын албан нөөц долоодугаар сарын тооцооллоор 3.6 тэрбум ам.доллар байгаа юм. Төв банкны ерөнхийлөгч хэлэхдээ “Бид эдийн засаг сэргэж, суурь үзүүлэлтүүд сайжирсан өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлогын төлөвийг зохистой түвшинд хадгалж, хэт халалтаас сэргийлж, 4.3 тэрбум ам.долларын валютын нөөц хуримтлуулсан нь огцом шокийн энэ үед тус болж байна. Гэхдээ валютын нөөц хязгаартай тул экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн дөрөв,  тавдугаар саруудад Хятадын эдийн засаг, аж үйлдвэрлэл хүлээлтээс хурдан сайжирч, манай нүүрсний тээвэр сэргэж байгаа нь сайн хэрэг. Төв банк алт худалдан авах замаар нөөцөө нэмэх, экспортлогч компаниудтай хамтран ажиллах, олон улсын байгууллагууд, донор орнуудтай хэлэлцээр хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр маш эрчимтэй ажиллаж байна” гэсэн байгаа юм.

Тэгвэл “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлд Монгол Улсын гадаад валютын урсгалыг хэрхэн тооцож, тоймлон  тусгасныг  хүргэе.

Төлбөрийн тэнцэл наймдугаар сарын төсөөллөөр энэ ондоо 540 сая ам.долларын алдагдалтай, гадаад валютын албан нөөц 770 сая ам.доллароор буурах, 2021 онд 500 сая ам.долларын ашигтай байна гэсэн тооцооллыг үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.

Төлбөрийн тэнцлийн 2020 оны нийт орох урсгал нь 10.9 тэрбум ам.доллар, нийт гарах урсгал 11.4 тэрбум ам.доллар, 2021 оны нийт ороx урсгал нь 12 тэрбум ам.доллар, нийт гарах урсгал 11.6 тэрбум ам.доллар байхаар байна.

Гадаад валютын нийт ороx урсгал 2020 онд өмнөх жилээс 2.4 тэрбум ам.доллароор буурах төлөвтэй байна.

 

  • Валютын орох урсгалын бүтцийг харвал:  
  • Экспортын орлого 6.4 тэрбум ам.доллар
  • Үйлчилгээний орлого 0.6 тэрбум ам.доллар,
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллар
  • Гадаад зээл 2.1 тэрбум ам.доллар гэсэн дөрвөн гол бүтэцтэй байна.

 

 Ковид-19 цар тахлын хязгаарлалтын улмаас дэлхийн нийтэд болон дотоодод эдийн засгийн үйл ажиллагаа удааширч, гадаад худалдаа эхний долоон  сарын гүйцэтгэлээс тооцоход экспортын нийт орлого өмнөх оноос 750 сая ам.доллароор буурч, 6.4 тэрбум ам.доллар байх тооцоо гарчээ.

Үүнд: чулуун нүүрсний экспортын орлого өмнөх оноос 1 тэрбум ам.доллароор, зэсийн баяжмалынх 200 сая ам.доллароор, боловсруулаагүй нефтийнх 220 сая ам.доллароор, ноолуурынх 180 сая ам.доллароор тус тус буурч байгаа бол алт тушаалт нэмэгдэн, алтны экспортын орлого өмнөх оноос 1.1 орчим сая ам.доллароор нэмэгдэх хүлээлттэй байна.

Цар тахлаас сэргийлэн хил хаасан, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний орлого буурснаар үйлчилгээний гадаад валютын орлого өмнөх оноос 600 орчим сая ам.доллароор, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт удааширч Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 170 сая ам.доллароор, бусад ААН-ийн Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 140 гаруй сая ам.доллароор, өмнөх онд 730 сая ам.долларын бонд гадаад зах дээр шинээр арилжаалж байсан бол энэ онд шинээр бонд арилжаалахгүй тул гадаад бондын ашиглалт 730 сая ам.доллароор тус тус буурах хүлээлттэй байна.

Гадаад валютын нийт гарах урсгал 2020 онд өмнөх жилээс 1.4 тэрбум ам.доллароор буурахаар байна. Гарах урсгал нь:

 

  • Импортын төлбөр 5.3 тэрбум ам.доллар
  • Үйлчилгээний зардал 2.1 тэрбум ам.доллар,
  • Гадаад зээл, бондуудын үндсэн өр, хүүгийн төлбөр 3.1 тэрбум ам.доллар
  • Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн хөрөнгө оруулалтын ногдол ашгийн төлбөр 0.2 тэрбум ам.доллар зэргээс бүрдэж байна.

 

Нефтийн бүтээгдэхүүний төлбөр, хөрөнгө оруулалтын импорт буурч импортын төлбөр 2020 онд өмнөх оноос 680 гаруй сая ам.доллароор буурахаар байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тос хямдрахын зэрэгцээ дотоодод нүүрсний экспорт буурч, эрэлт нь багасаж манай нефтийн бүтээгдэхүүний импортын төлбөр буурахаар байна. Түүнчлэн, эдийн засгийн идэвхжил удааширч, гадаад, дотоодын төлөвлөсөн хөрөнгө оруулалтууд хойшлох төлөвтэй байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт буурахаар байна.

Нүүрсний экспорт багасах, импорт буурах нөлөөгөөр ачаа тээврийн үйлчилгээний зардал буурч, эдийн засгийн идэвхжил саарч, төлөвлөсөн хөрөнгө оруулалт удаашран бизнесийн үйлчилгээний зардал багасах, олон улсын агаарын нислэгүүд цуцлагдан, зөвхөн чартер нислэгүүд хийгдэж байгаа зэрэг шалтгаанаар аяллын зардал буурна гэж үзэж, үйлчилгээний зардал өмнөх оноос 1.1 тэрбум ам.доллароор буурахаар төсөөлөв.

Газрын тос боловсруулагч компаниудын ашигт ажиллагаа буурснаар ногдол ашгийн цэвэр гарах урсгал 2020 онд өмнөх оноос 63 сая ам.доллароор буурахаар байна. Харин гадаад зээлийн эргэн төлөлтийн тооцоoллоор гадаад зээл болон бондын хүүгийн төлбөр өмнөх жилээс 100 гаруй сая ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байна. Үүнд, банк болон хувийн секторын гадаад зээлийн төлбөр нэмэгдэхээр хүлээлттэй байгаа нь голлон нөлөөлөв.

Гадаад зээлийн үндсэн төлбөр 2020 онд 1.6 тэрбум ам.доллар буюу өмнөх оны түвшинд байхаар байна. Ийнхүү 2020 онд гадаад валютын орох, гарах урсгал аль аль нь багасах бөгөөд валютын орох урсгал нь илүү их хэмжээгээр татрах (гадаад зээл, бондын үндсэн болон хүүгийн төлбөр буурахгүй) тул төлбөрийн тэнцэл 540 сая орчим ам.долларын алдагдалтай, Гадаад валютын албан нөөц  770 сая ам.доллароор буурч төгрөгийн ханш сулрах дарамттай байна.

Гадаад валютын нийт ороx урсгал 2021 онд өмнөх жилээс 1.1 орчим тэрбум ам.доллароор нэмэгдэж 12.0 тэрбум ам.доллар байхаар байна. Ирэх онд эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, хэвийн түвшинд хүрнэ гэсэн таамаглалд тулгуурлан зэсийн баяжмал, нүүрс, газрын тосны экспортууд нэмэгдэнэ гэж үзсэн тул нийт барааны экспортын орлого 900 тэрбум орчим ам.доллароор нэмэгдэж 7.3 тэрбум ам.долларт хүрэх, нийт үйлчилгээний орлого 2019 оны орчимд буюу 1.1 тэрбум ам.доллар байх, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос нэмэгдэж 1.9 тэрбум ам.долларт хүрэхээр төсөөлжээ.

Харин Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт буурах нөлөөгөөр гадаад зээлийн ашиглалт өмнөх оноос буурч 1.5 тэрбум орчим ам.доллар байхаар байнa. Гадаад валютын нийт гарах урсгал 2021 онд өмнөх жилээс 200 сая ам.доллароор тэлж 11.6 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна. Үүнд: гадаад бонд, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр буурах төлөвтэй хэдий ч эдийн засгийн үйл ажиллагаа сэргэх, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх таамаглалын нөлөөгөөр бараа, үйлчилгээний импортын төлбөр нийт 500 сая ам.доллароор тэлж байгаа нь нөлөөлж буй аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.92.58) 2020 оны 09 сарын 29

тэгвэл экспорт

0  |  0
Top