Сар хиртэхэд “Раах хэмээх мангасад залгиуллаа” гэж сандран аврахыг хичээж сав суулга нүдэж, нохойгоо гаслуулж шуугиан дэгдээдэг байсан өвгөд маань “Саран дээр оточ туулай амьдардаг” хэмээн домоглодог байсан цаг тийм ч холгүй. Монголчууд “Саваагүй нохой саранд хуцна” гэдэг. Гэхдээ нохойноос илүү саваагүй нь хүн өөрөө. Дэлхий гарагаа ч сайн судалж амжилгүй зэргэлдээх “хөршүүд” рүүгээ сарвайсны хамгийн ойр нь “Домгийн туулайн орон”. Бас хүн хөл тавьж үзсэн дэлхийн ганц дагуул нь саран авхай.
Сарыг бодитоор судлах эхлэлийг хүн төрөлхтөн 1950-иад онд тавьжээ. Тухайн үеийн хоёр туйлт ертөнцийн “толгойлогч” болох ЗХУ, АНУ гүрнүүд сарыг эрхшээх өрсөлдөөнийг эхлүүлж, НАСА-гийн “Аполла-8” хөлөг 1968 онд сарны орчмоос дэлхийн зургийг авч, 1969 оны долдугаар сарын 20-нд “Аполло-11” хөлгөөр ниссэн Нил Армстронг, Базз Олдрин нар сарны гадаргад хөл тавьж хоёр цаг хагас болжээ. Тэд сарны гадарга дээр судалгаа шинжилгээний багаж төхөөрөмж байрлуулж, 21.5 кг сарны хөрсний дээжийг дэлхийд авчирсан гавьяатай.
Харин зөвлөлтчүүд “Луноход-1” буюу “Сарнаа явагч” аппаратыг “Луна-17” сансрын хөлгийн тусламжтайгаар сарны хөрсөнд буулгасан нь 1970 оны арваннэгдүгээр сараас 1971 оны дөрөвдүгээр сар хүртэл 302 хоног амжилттай ажиллаж, 10,5 км замыг туулан олон тооны гэрэл зураг, сарны хөрсний судалгаа зэргийг илгээжээ. Энэ бол өнгөрсөн зууны дундуур болсон үйл явдал.
Харин өнөөдөр, шинэ зуунд сарыг судлахын зэрэгцээ “ноолох” зорилгыг хүн төрөлхтөн өмнөө эрчтэй тавиад байна. Сар бүү хэл, Ангараг, Сугар зэрэг бусад гарагууд руу ч элчээ илгээж, эрчимтэй судалгаа хийж байгаа билээ.
Сарны бидэнд харагддаггүй нөгөө талд шинжилгээний аппаратаа буулгаж чадсан анхны орон бол БНХАУ. Тэднийх “Хас туулай” аппаратыг буулгаж судалгаа шинжилгээ хийсэн бол Энэтхэг, Израиль улсууд ч сарыг зорих ажиллагаа явуулсан.
Эхний үед ганцхан талаараа дэлхий рүү хандан орших үй олон хонхорхой тогоогоор дүүрэн үхмэл саарал гарагийг хүмүүс зөвхөн сониучирхаж байсан бол өдгөө тэнд ямар чухал ховор элемент, бүр ашигт малтмал байгааг нээхээр шуударч, томоохон суурин станцууд байрлуулахаар тэмүүлэх боллоо.
"NASA"-гийн хувьд сарыг эзэмших “Artemis” шинэ хөтөлбөрөө гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эхний үе шатанд “Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийгээд дэлхий рүү буцаж ирэх бөгөөд энэ үе шатыг энэ 2020 оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэхээр товлосон. Гэвч КОВИД-19 цар тахлаас улбаалж энэ ажил жаахан саатаж мэдэхээр болжээ. Түүний дараа 2022 оны орчимд хийх хоёр дахь үе шатанд сар руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэж, 2024 онд хэрэгжүүлэх гурав дахь үе шатанд сансрын нисэгчдийг саран дээр буулгахаар төлөвлөсөн.
Японы агаарын орон зай, сансрын уудмыг шинжлэн судлах агентлаг 2035 он гэхэд саран дээр ус төрөгчийн түлшний үйлдвэр барихаар зорьж буй нь сарыг ноолохын нэг жишээ. Бас Наран улсын судлаачид сарны уснаас гаргаж авсан устөрөгчийн түлшээр сансрын хөлгөө цэнэглэдэг болох зорилготой ажиллаж байгаагаа хэдхэн хоногийн өмнө зарлав. Ингэснээр сансрын хөлөг дэлхийгээс шатахуун тээвэрлэж явах шаардлагагүй болж, зардал хэмнэнэ гэж үзжээ.
Саран дээр ус байдаг бил үү гэж гайхах хүн цөөнгүй. Тэгвэл нарны гэрэл тусдаггүй сарны өмнөд туйлд их хэмжээний мөсний нөөц бий гэж эрдэмтэд хэлж буй ажээ. Ингээд сарыг бүрмөсөн ноолохоор шулуудсан япончууд 2030 оноос өмнө АНУ-тай хамтран сарны тойрог замд ажиллах Gateway хөлгийг бүтээж, хөөргөхөөр төлөвлөөд байгаа бөгөөд 2035 оны орчимд сарны өмнөд туйлд ус төрөгчийн түлшний үйлдвэр байгуулахаар судалгаа шинжилгээ хийгээд эхэллээ. Сарны мөсийг нарны эрчим хүчээр хайлуулж, хүчилтөрөгч, устөрөгч болгон салгаад урвалд оруулан эрчим хүч үүсгэх боломжтой хэмээн Японы Сансар Судлалын Агентлаг мэдээлэв.
Тэгээд зогсохгүй сарны гадаргаар явах автомашин ч бүтээж, түүгээрээ зорчих тухайгаа төлөвлөгөөнд тусгажээ. Сарыг судлахаас гадна аялал жуулчлалын чиглэлээр ашиглах төлөвлөгөөг олон улсын хэмжээнд ярилцаж буй энэ үед сарны гадаргад үзүүлэх нарны нөлөө, цацраг идэвх, хорт нөлөөг хэрхэн сарниулж бууруулах судалгааг ч давхар явуулж буй ажээ.
Европын сансрын агентлаг саран авхай дээр байнгын судалгааны бааз байгуулахаар зорьснооо хоёр жилийн өмнөөс мэдэгдэж, төслөө 2020-2060 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлнэ гэжээ. 2020-2030 онд сарны зураг бэлтгэж, хүнд пуужин зөөгч “Криптон”-ыг бүтээх бол 2030-2032 онд Сарны бааз байгуулах газраа товлох гэнэ. 2032-2040 онд саран дээрх баазын эрчим хүчний үүсгүүр, засварын газар, удирдлагын төвийг байгуулж, 2042-2062 онд хүн амьдрах орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийн бааз бий болгож 2062 он гэхэд сар руу хүмүүс явуулна гэжээ. Тэд тэнд суурин суухгүй ч ямар нэг хугацаагаар судалгаа явуулж, аялж жуулчилж, түр хугацаанд ч болов амьдрах бололтой.
Өмнөд хөрш БНХАУ ч 2040-2060 онд сарыг “ноолохоор” замын зургаа зурж байгаа дуулдана. Энэтхэг ч дутахгүй, 2025 оноос эрчимтэй хөдөлж эхлэхээр төлөвлөсөн гэх.
Ийнхүү эх дэлхийн дагуул саран дээр тун удахгүй судалгаа, шинжилгээний төвүүд босч, аялал жуулчлалын газрууд бий болж, ашигт малтмал олборлож, жинхэнээрээ эзэмших шинжтэй. Агаар мандалгүй, наад наран талдаа 110 градус халуун, нөгөө сүүдэр талдаа 180 градус хүйтэн гээд бэрхшээл их боловч шинжлэх ухаан бүхнийг ялах хүчтэй учир сарыг ноолохдоо л ноолохоор хүн төрөлхтөн нэгэнт шуударчээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )