Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-тай холбоотой дараах мэдээллийг өгч байна. Мэдээлэлд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооны дарга гэх О.Бямбадэлгэрийн нэхэмжлэлтэй Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдох хэрэгт нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, тэдний өмгөөлөгчийг оролцуулан 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч О.Бямбадэлгэр нь П.Наранбаяр тэргүүтэй Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооноос нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар тогтоолыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг тус шүүх 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Нийслэлийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан шаардлагыг хангаагүй намыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нь нэхэмжлэгч О.Бямбадэлгэр болон түүнтэй хамт Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооноос нэр дэвшсэн иргэдийн сонгогдох эрхэд ноцтойгоор халдан зөрчиж байна гэсэн үндэслэлээр дээрх шаардлагыг гаргаснаа нэхэмжлэгч дурдсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооны дарга гэх О.Бямбадэлгэрийн зүгээс Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар уг тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Учир нь Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооны даргыг сонгосон 2020 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ажээ. Хөдөлмөрийн үндэсний намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаанаар иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэж буй хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул хуульд заасны дагуу маргааны зүйл болоод буй тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн болно.
Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Хөдөлмөрийн үндэсний нам болон хариуцагч талаас гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж буй этгээдийн эрх зүйн байдал, иргэний хэргийн шүүхээс гарах шийдвэрээр тодорхойлогдохоор байна.
Иргэний хэргийн шүүхэд үүссэн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл Хөдөлмөрийн үндэсний намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан байх бөгөөд уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тус улс төрийн намын орон нутгийн сонгуульд оролцох, уг намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн нь хууль бус эсэх асуудлыг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэсэн гэж үзсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл ( 1 )
унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр өөрсдөө учраа олохгүй байж энэ нам бусад хүмүүсийг буруутгаад яахав дээ угаасаа манай монголчууд шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байдаг биз дээ