Жил бүр Өмнөд Солонгосын Бусан хотод зохион байгуулагддаг Бусаны кино наадам энэ жил 25 дахь удаагаа аравдугаар сарын 21-30-ны хооронд болох гэж байна. Энэ жил коронавирусний тархалтаас шалтгаалан кино наадамд олон улсын шүүгчид, зочид ирэх боломжгүй болжээ. 1996 оны есдүгээр сард анх зохион байгуулагдаж байсан Бусаны кино наадам нь Өмнөд Солонгосын хамгийн анхны олон улсын кино наадам юм.
Энэхүү наадам нь залуу уран бүтээлчид, тэр дундаа Азиас төрөн гарч буй шинэ найруулагч, шинэ кинонуудыг олон нийтэд таниулахыг зорьдог. Уг зорилтынхоо хүрээнд ”Шинэ урсгал” уралдаант хэсэгтээ Азиас шинээр төрөн гарч буй залуу найруулагч нарын бүтээлүүдийг толилуулдаг. Уг шагналд шилдэг хоёр киног тодруулдаг бөгөөд кино тус бүрт 30 мянган ам.долларын шагнал олгодог юм.
С.Бямба найруулагч 2013 онд “Алсын удирдлага’’ киногоороо дээрх шагналыг хүртэж байсан бол энэ жил уралдаант хэсэгт найруулагч П.Лхагвадуламын “Шилүүс” кино шалгарчээ. Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын эдгэрэл хайсан залуу бүсгүй болон өвөг дээдсийн сонголтоор идэр насаа зольсон залуу хоёрын нэгэн өдрийн түүхийг харуулсан “Шилүүс” богино хэмжээний кино нь мөн Торонто Олон Улсын кино наадам болон Лондон олон улсын кино наадамд шалгарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )