Монгол Улсын Гавьяат Жүжигчин Надмидын Мягмар таалал төгсжээ.
Одоогоос 57 жилийн өмнө бүтээгдсэн “Энэ хүүхнүүд үү” кинонд бүтээсэн Дулмаагийн дүрээр Монголчууд та бидний сэтгэлд мөнхөрсөн Н.Мягмар агсан ажил, хөдөлмөрийн гараагаа Хүүхэд залуучуудын театраас эхэлж байжээ.
Тэрбээр Хүүхэд, залуучуудын театрт 24 жил ажиллахдаа “Гэгээ”, “Ялалтын жигүүр”, “Уулзалт” зэрэг тайзны 50 гаруй бүтээлд гол ба туслах дүрүүдийг бүтээжээ.
Тайзны олон арван бүтээлд дүр бүтээхийн сацуу “Сэтгэлийн дуудлагаар” киноны Дэнсмаа, “Туяагийн бичээгүй захидал” киноны Туяа, “Бор чоно” киноны Удган, “Их замын урсгал” киноны Сарнайн дүр зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлжээ.
Монголчуудын сэтгэл зүрхэнд үлдсэн мартагдашгүй дүрүүдийн нэг болох “Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаагийн дүр бол Н.Мягмар агсны хамгийн анхны дэлгэцэнд бүтээсэн дүр юм.
Түүний хөдөлмөр, бүтээлийг төрөөс үнэлж 1980 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр шагнаж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ум мааний бадми хум