Ө.Ганзориг: Алдаанаасаа суралцахгүй байгаа нь энэ хямралын үеэр ч харагдаж байна

2020 оны 10 сарын 08

 

Улс орноо, эдийн засгаа аврахын тулд уламжлалт бус арга хэмжээнүүдийг авах шийдвэр гаргасан хүмүүс нь эргээд гэмт хэрэгтэн болох вий, хариуцлага хүлээх вий гэсэн айдас хүйдэстэй байна.

 

КОВИД  & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Дэлхийн эдийн засагт олон л хямрал тохиосон байдаг. Гэхдээ энэ удаагийн хямрал бүхий л эдийн засгуудад цаг хугацааны хувьд нэгэн зэрэг, маш хүчтэй цохилт өгснөөрөө яах аргагүй ялгарч байна. Хямралын суурь шалтгаан нь нийгмийг бүхэлд нь хамарсан гэдэг утгаараа манайх төдийгүй тэргүүлэгч эдийн засгуудыг хүчгүйдүүлж байх шиг. Та эдийн засагч, судлаач хүний хувьд коронавирус цар тахлаас хамаарсан энэ хямралын талаарх ямар дүгнэлт хийгээд гаргалгаатай байна вэ?

-Энэ 2020 оны тухайд эдийн засгийн хүндрэл, хямрал нүүрлэнэ гэж нэг ч эдийн засагч таамаглаагүй. Гэтэл өнөөдөр улс орон бүр эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулахаар хичээж байна. Коронавируснээс хамаарсан энэ удаагийн эдийн засгийн хямралаас хэрхэн гарах вэ, хор нөлөөг нь хэрхэн хязгаарлах вэ гэдэг дээр эдийн засагчид бүгд л шийдэл олохоор эрмэлзэж, улс орнуудын Төв банкууд, Сангийн яамд нь зөв бодлого барьж, ажиллахыг хичээцгээж байна. Санал болгож буй бодлого, шийдвэрүүд нь 2009 оны Их хямралын үед авч хэрэгжүүлсэн, амжилттай болсон арга хэмжээнүүд байгаад гайхах зүйлгүй. 2009 оны Дэлхийн эдийн засгийн их хямрал дэлхий үнэхээр глобалчлагдсан гэдгийг нотолж харуулж байсан шүү дээ.

2007 онд АНУ-ын ипотекийн зээлийн бизнесээс үүссэн хямрал санхүүгийн захыг нь бүхэлд нь хамарч, 2008 он гэхэд Дэлхийн санхүүгийн хямрал болон хувирсан. Энэ явцад мөн Европын банкуудыг хамарсан Өрийн хямрал бий болж, эцэст нь олон улсын эдийн засгийн их хямрал болж даамжирч байсан. Тус хямралаар АНУ-ын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн 4.3 хувиар буюу 650 тэрбум ам.доллароор унасан. Хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнэ унаснаар Америкчууд нийт 11.5 их наяд ам.доллар алдсан. Ажилгүйдлийн төвшин 4.6 хувиас 10 хувь болж өссөн байдаг. Бусад улс орнууд ч төстэй хохирол амссан. Монгол Улс гэхэд л 330 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал хүлээж Олон улсын валютын сангаас тусламж авахаас өөр аргагүй болж байлаа. Их хямралын үеэр өөр хоорондоо уялдаа холбоотой олон үйл явдал зэрэг болсон. Эргэн сануулбал, банкууд хөрвөх чадваргүй болс­ноор зээл олголтоо зогсоосон. Үүнээс улбаалж компаниуд санхүүжилт авахад хүндрэлтэй болж улмаар ажилтнуудаа цомхотгож эхэлсэн. Ажилгүйдэл ихэссэн учраас компаниудын бараа, бүтээгдэхүүний борлуулалт муудаж, ашиг буурсан. Компа­ниудын ашиг орлого буурснаар банкууд дээр муу зээл ихээр үүсэж эхэлсэн. Ажилгүй болсон иргэд зээлээ төлж чадахгүй болсноор банкууд дээр муу зээл ихээр үүсэж эхэлсэн. Хувьцааны үнэ унаснаар уг хувьцааг эзэмшигч иргэд, тэтгэврийн сангууд, банкууд алдагдалд орсон. Хэрэв хувьцаагаа барьцаалж зээл авсан байсан бол тэрхүү зээл нь муудсан. Иргэд, компаниуд, банкууд бүгд санхүүгийн хямралд орсон учраас орон сууцны үнэ унаж эхэлсэн. Гэтэл энэхүү орон сууцыг барьцаанд авч зээл олгосон банкууд тухайн зээлийг муу гэж ангилахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэхчлэн эдийн засгийн гинжин урвал маш хүчтэй явагдаж эхэлсэн. Тийм учраас улс орнууд эдийн засгийн шинэ, уламжлалт бус арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг юм.

Энэ онд тохиосон хямрал нь эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг өсгөсөн ч нэгэнтээ хөл хорионы эрсдэлтэй байгаа учраас эдийн зас­гийн салбарууд өмнөх шигээ мөнгөний нийлүүлэлтээр өдөөгдөн, идэвхжих боломж тааруу байна.

-Уламжлалт бус гэхээр яг ямар арга хэмжээнүүд байсан бэ. Энэ удаагийн хямрал ч уламжлалт бус гарц, гаргалгаа, маневр нэхэж байна. Эдийн засаг хөгжих тусам, жам ёсны цикл нь өөрөө жам ёсны биш шийдэл шаарддаг болоод байна уу гэж харж байна?

-Тэр үед хямралыг даван туулахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг тоймлож үзвэл дараах байдалтай байна. АНУ 787 тэрбум ам.долларын төсөв баталж иргэд, компаниудад татварын хөнгөлөлт, сургалтын төлбөр, нийгмийн эмзэг бүлэгт зориулсан тусламж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зориулсан. Тус улс 700 тэрбум ам.доллараар банкууд, томоохон компаниудад санхүүгийн тусламж үзүүлсэн. Үүнд шууд хувьцааг нь худалдаж авах хувилбар багтсан. АНУ-ын Төв банк зээл олголтыг дэмжих үүднээс хоёр орчим их наяд ам.долларыг мөнгөний зах зээлд нийлүүлэхээс гадна бодлогын хүүгээ буулгаж 0.25 хувьд аваачсан. Хятад 586 тэрбум ам.долларыг нийгмийн халамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулан зарцуулсан бол Сингапурын төв банк валютын ханшийг тогтвортой барих арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Улс орнууд дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1-3 хувьтай тэнцэх хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ нь Монгол Улсын 2019 оны ДНБ-ээр тооцож үзэхэд 360 тэрбумаас нэг их наяд орчим төгрөгтэй тэнцэх дүн. Коронавирус цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал тохиож эхлэхэд улс орнууд 2009 оныхтой төстэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт коронавирус цар тахлын үед эдийн засгаа дэмжих чиглэлд 2.2 их наяд ам.долларын нэмэлт төсөв гаргахыг дэмжээд байна. Зарим улс орнууд хүндрэлд орсон компаниудын хувьцааг худалдаж авах замаар хувьцааны зах зээл дээр үүсээд байгаа уналтыг хязгаарлах боломж байгаа эсэхийг хэлэлцэж байгаа нь нэг талаас 2009 оны үйл явдалтай төстэй харагдаж байгаа. Гэхдээ энэ удаагийн хямрал 11 жилийн өмнөх хямралаас тэс өөр гэдэг нь асуудлын гол юм. 2009 онд иргэдийн орлого хумигдаж, ажилгүйдэл ихэссэнээс болж хүмүүс аялахаа больж, онгоц тээвэр, аялал жуулчлал, зочид буудлын салбар цохилтод орж байв. Энэ тохиолдолд хүмүүст дутагдалтай байсан зүйл нь мөнгө байсан учир эдийн засагт мөнгө нийлүүлэх замаар эрэлтийг сэргээж болж байлаа. Харин энэ онд тохиосон хямрал нь эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг өсгөсөн ч нэгэнтээ хөл хорионы эрсдэлтэй байгаа учраас эдийн зас­гийн салбарууд өмнөх шигээ мөнгөний нийлүүлэлтээр өдөөгдөн, идэвхжих боломж тааруу байна. Дэлхий дахинд орчин үед тохиогоогүй суурь нөхцөлтэй хямрал болж байна. Тиймээс 2009 оны хямралын үеэр авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрүүд гарц биш гэдэг нь харагдаж байгаа. Дэлхийн хэмжээнд цар тахлын тархалт өндөр хэвээрээ байна. Энэ нь хөл хорио удаан хугацаанд хадгалагдах бодит эрсдэл байгааг харуулж байна. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, компаниуд эргэж сэхэх боломжгүй болох төлөв улам нэмэгдэж байна. Вакцин албан ёсоор үйлдвэрлэгдэж эхэлтэл буюу ойролцоогоор 15 сарын хуга­цаанд хөл хорио тогтоох эдийн засгийн чадамж, чадавх байх­гүй тул улс орнууд эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд хөл хориог сулруулна гэж таамаглаж байна.

-Хямралын нөгөө талд шинэ боломжууд дагаж гарч ирдэг гэдэг шүү дээ. 2009 оны хямрал дээр жишээд ярихад манай улсын тухайд үйлчилгээний салбарын идэвхжил илүү нэмэгдсэн байдаг. Та өмнөх хямралын үеэр өөрийн зүгээс санал, санаачилга гаргаж байсан шүү дээ?

-2009 оны Их хямралын үед миний зүгээс Монгол Улсын Сангийн Яаманд “500 сая ам.долларын бонд босгож Дэлхийн томоохон банкуудын нэгийг худалдаж авах” санал гаргаж байсан. Хэрэв ингэж чадсан бол бид түүхэн боломжийг ашиглаж олон улсын санхүүгийн захад өөрийн гэсэн гар хөлтэй болж, сангийн сайдаа Дэлхийн томоохон банкны удирдах зөвлөлийн даргаар тавих, залуучуудаа тэрхүү банкаар дамжуулан бэлтгэж олон улсын санхүүгийн системд нэвтрүүлэх зэрэг стратегийн олон давуу талыг олж авах байсан юм. Тухайн үед хямралын үеэр ялангуяа банкуудын хувьцааны ханш ихээр унасан. “Bank of America”-гийн хувьцаа 55 ам.доллараас 5 ам.доллар хүртэл унаж, банкны үнэлгээ нь 11 дахин буурч байсан. Тиймээс би дээрх саналыг гаргаж байлаа. Нэг ёсондоо, хямралыг дагаж боломж гарч байдаг. Коронавируснээс хамаарсан хямралын нөгөө талд олон улсын тавцанд бид ашиглаж болох ямар боломж байна вэ гэдэгт анзааргатай байх хэрэгтэй. Энэ удаад зочид буудал, агаарын тээврийн хувьцаанууд илүү хүнд цохилтод орж байна. 2020 он гарахад 60 орчим ам.доллар дээр хэлбэлзэж байсан баррель газрын тосны ханш ерөнхийдөө хэлбэлзэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 40 ам.доллароос уруудсан үзүүлэлттэй байна. Дэлхийн топ олборлогч Орос, Саудын Араб, АНУ зэрэг улсуудын нэг баррель түүхий нефть гаргах өртөг нь ойролцоогоор 9–25 ам.доллар байдаг. Гэхдээ газрын тосны экспортоос ихээхэн хамааралтай Орос, Саудын Араб төсвөө ашигтай гаргаж, улс орноо хэвийн хэмжээнд авч явахын тулд олборлож байгаа газрын тосоо дор хаяж 45 ам.доллароор борлуулах ёстой гэсэн тооцоог зарим судлаачид хийсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, газрын тосны үнэ энэ оны гуравдугаар сард гэхэд бодит өртөгтэй тун ойролцоо. Харин төсвийн үнээс хоёр дахин бага байх түвшинд очсоныг би бичиж байсан. Түүнчлэн өртөгөөсөө бага байгаа таваарын үйлдвэрлэл буурч улмаар үнэ өсөх нь дамжиггүй, цаг хугацааны л асуудал гэдгийг хэлж байлаа. Хэлж байсанчлан гуравдугаар сард 20-28 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан баррель тосны ханш тухайн үеийнхээс өссөнийг та бид мэдэж байгаа. Монгол Улс 2019 онд 1.16 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирсэн. Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ унасан үеийг тохиолдуулан бид 2020 онд өмнөх жилд хэрэглэж байсан нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээ ердөө 500 орчим сая ам.доллараар импортлон оруулж ирэх боломж­той гэдгийг би гуравдугаар сард сануулан хэлж байсан. Нефтийн үнэ ийм бага түвшинд удаан үргэлжлэх боломжгүй тул удахгүй өсөх нь дамжиггүйг хэлж байлаа. Тиймээс бага үнийг 2-3 жилээр түгжиж жил бүр 500 орчим сая ам.доллар хэмнэхийн тулд олон улсын бирж дээр үнийн өсөлтөөс хамгаалах даатгалын хэлцэл хийж болно. Санхүүгийн дериватив гэж нэрлэдэг тэрхүү хэлцлийг компаниуд, улс орнууд өргөнөөр ашигладаг. Зөвхөн улс орон төдийгүй шатахууны хэрэглээ өндөртэй уул уурхайн компаниуд ч ийм хэлцэл хийх замаар ханшийг бага төвшинд түгжих бүрэн боломжтой байдаг.

-Монгол Улс коронавирусийг дотоодоо, хүн амынхаа дунд алдахгүй нь байгаа нь сайн ч эдийн засгаараа төлөөсийг нь төлж байна гэж гаднынхан биднийг дүгнэснийг уншсан. Ер нь цар тахлын эрсдэлийг бууруулах, эдийн засгаа өсөлт­тэй биш гэхэд бага уналттай байх чиглэлд төрөөс арга хэмжээ авах боломж байсан уу, өнгөрсөн найман сарын хугацаанд?

-Хөл хорио тогтоосон эхний үед Монгол Улс эдийн засгийн маш хүнд нөхцөл, долларын өрийн дарамтад байгааг харгалзахгүйгээр, сэтгэлийн хөөрөлд автаж нүүрсний экспортоо сар шахам хааснаас болж чухал үед 200 гаруй сая ам.долларын орлогоо алдсан. Монголбанкны зүгээс бодлогын хүүг дараалан буулгаж, одоо найман хувьд хүргээд байна. Мөнгөний бодлогын энэхүү шийдвэр эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхгүй гэж би хувьдаа үзэж байна. Бодлогын хүүгийн нөлөө угаасаа 6-9 сараар хоцорч гардаг. Нөгөө талаас нэгэнт банкууд зээлээ зогсоож байгаа энэ үед бодлогын хүүгээр оролдоод тэр нь зээлийг идэвхжүүлэх арга хэмжээ болохгүй. Монголбанкны зүгээс заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулсан нь урт хугацаандаа зөв алхам боловч богино хугацаанд нөлөө үзүүлэхгүй. Учир нь Монголын банкууд хөрвөх чадварын илүүдэлтэй 10 гаруй жил явж байгаа. Банкууд эдийн засагт итгэхгүй байгаа нь гол асуудал болохоос биш тэдэнд мөнгө дутагдалтай байгаа юм биш.

-Энэ оны эцэс гэхэд төсөв бараг л таван их наяд төгрөг шүргэсэн алдагдалтай гарна. Үүнээс бага байлгах боломж эрх баригчдад байсан, тийм үү?

-Сангийн яамнаас төсөвт тодот­гол хийхгүй гэж зарлаж байсан ч сонгуулийн дараа тодотгол хийсэн. 2009 оны Их хямралаар Монголбанк, Сангийн яам хоёр яг ийнхүү айж, бэмбэгэнэсээр банкуудаа дампууруулж, эдийн засгаа хүнд байдалд оруулж байсан. Хямралын үеэр бодлогын хүүгээ бууруулах уламжлалт арга хэмжээ авах нь үр дүн муутай болохыг 2009 оны Их хямралаас хойш улс орнуудын Төв банкууд зөвшөөрч, уламжлалт бус арга хэмжээний нөлөөлөл хурдан гардаг гэдгийг практик дээр мөрдөж байгаа. Гэтэл манайд хямрал тохиож байхад мөнөөх л хуучин арга барилаараа, алдаанаасаа суралцдаггүй хэвээрээ байгааг энэ хямралын үеэр ч бид харж байна. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д эдийн засгийн мэдлэгтэй, тэрдундаа орчин үеийн эдийн засгийн практик ойлголттой хүн бараг алга байна. Улс орноо, эдийн засгаа аврахын тулд уламжлалт бус арга хэмжээнүүдийг авах шийдвэр гаргасан хүмүүс нь эргээд гэмт хэрэгтэн болох вий, хариуцлага хүлээх вий гэсэн айдас хүйдэстэй байна гээд хэлэхэд хэтрүүлсэн болохгүй байх.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eej(192.82.76.195) 2020 оны 10 сарын 09

mundag bas ih zuv setgelgeetei zaluu shuu demjij yavdag ulam ikh amjilt

0  |  0
mn(202.131.243.186) 2020 оны 10 сарын 09

амжилт хүсье

0  |  0
(192.82.73.180) 2020 оны 10 сарын 08

TSETSERLEGIIN HUUHDIIN PARCHIG UMUSTSIIMBAIHDA

0  |  0
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 08

голомт банкаа годирсон гэж үнэн үү

0  |  0
Зочин(202.55.188.90) 2020 оны 10 сарын 08

Энэ сүрхий залуу.

0  |  0
zochin(59.153.112.245) 2020 оны 10 сарын 08

mundag shuu, iluu ih medeelel heregtei baigaag oilgoj ajillaarai

0  |  0
Top