“Дэлхийн цом”-ын төлөө онч мэргээ сорино

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Лондон-2012"-ын эрх олгох сүүлийн тэмцээн Германы Мюнхен хотноо эхэллээ. Энэ удаагийн "Дэлхийн цом"-ын тэмцээнд дэлхийн 80 гаруй орны 900 орчим тамирчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм.

1972 оны Мюнхений зуны олимпийн наадмын буудлагын тэмцээн болж байсан талбарт зохиогдох "Дэлхийн цом"-д Монголоос Л.Ундралбат дасгалжуулагчтай эрэгтэй зургаа, эмэгтэй долоон тамирчин онч мэргээ сорино. Сонирхуулахад, тус тэмцээнд хийн бууны төрөлд эхний гурван байр, харин калибрт эхний хоёр байр, нийтдээ олимпийн 24 эрх олгох юм. Тэмцээн энэ сарын 18-нд эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар буу, 10 метрийн хийн урт буу болон эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буу, 50 метрийн спорт гар бууны төрлөөр эхэлж, эхний өдөр эрэгтэй, эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд аваргууд тодорно. Харин хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар буу, эрэгтэйчүүдийн 50 метрийн спорт гар бууны төрөлд медалийн эздээ тодруулах тов гарчээ.

Манайхаас эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, тамирчин Т.Баярмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, 10 метрийн хийн урт бууны дасгалд О.Янжинлхам, Ч.Нарантуяа, З.Батхуяг, эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд Н.Баяраа, Б.Бишрэл, Д.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ, 50 метрийн спорт гар буунд В.Ганцоож, Э.Даваахүү нар өрсөлдөх юм. Тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөнө.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top