Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.
Энэ жил Архангай аймгаас нийтдээ 288 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 21, Хоёрдугаар зэргийн одонг 267 ээж тус тус хүртлээ.
“Элбэрэлт эхчүүд ээ,
Монголын сайхан ээжүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, аав ээжийн амин эрдэнэ болсон бяцхан үрсээ өлгийдөн авч, энэрэл хайраар дутаалгүй өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Үр хүүхдүүдийнхээ гэрэлт наран, ивээлт саран болсон ЭЭЖ хүний ач, гавьяаг юутай ч зүйрлэмгүй хэмээн монголчууд бид ярьдаг. Иймээс талархаж дуусамгүй их ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр хүндлэл үзүүлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж ирсэн уламжлалтай.
Энэ л сайхан уламжлалыг хадгалан үргэлжлүүлж, “Эхийн алдар” одон хүртээх тухай зарлигаа цаг хугацаанд нь гаргасан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдсон. Улмаар иргэд, ээжүүдийн зүгээс ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан үзэж засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ үе шаттайгаар гардуулахаар шийдвэрлэсэн юм.
Өнөөдөр миний бие Арын сайхан Архангай аймагт хүрэлцэн ирж, “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 288 ээжид гардуулсандаа туйлын баяртай байна. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 21, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 267 ээжид халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Эрдэм мэдлэгээр биеэ чимсэн, эх орондоо хэрэгтэй, шинэ үеийн монгол хүнийг өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдийн ариун үйлсийг төр өндрөөр үнэлж ирсний нэгэн илэрхийлэл болох “Эхийн алдар” одон бол хамгийн шударга, нандин шагнал бөгөөд цаашид ч үргэлжлэх ёстой монгол төрийн сайхан уламжлал юм.
Үүний хажуугаар эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн баталгааг сайжруулж, эхчүүд үр хүүхдээ эрүүл, аюулгүй, таатай нийгэмд өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь монгол төрийн орхигдуулж болохгүй чухал үүрэг юм. Гэтэл өнөөгийн манай нийгмийн бодлогын нэгэн эмзэг цэг, тулгамдсан асуудал нь хүүхэд хамгаалал болчихоод байна.
Тийм ч учраас миний бие энэ асуудлаар баримталж ирсэн байр сууриа тууштай хадгалж, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоогоо ямагт сайжруулж, монголын ирээдүйг хамгаалахын төлөө даацтай бодлого хэрэгжүүлж, сэтгэлтэй ажиллах ёстой гэж үзэж байна.
Улмаар хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг дорвитой шийдэх цаг болсон. Цаашид миний бие энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, бодитой үр дүн гаргахын төлөө шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Архангай аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулснаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг үе шаттайгаар гардуулж дууслаа.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одонг хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан. Уламжлал ёсоор “Эхийн алдар” одонг жил бүрийн зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг байсныг дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлуулсан билээ. Улмаар иргэд, ээжүүдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлт, цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч засаг захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулах шийдвэр гарсан.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )