Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Самбо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны аравдугаар сарын 21-23-нд Спортын төв ордны "А" зааланд болохоор товлогджээ.

Тэмцээний урьдчилсан мэдүүлгийг аравдугаар сарын 19-нд хүлээн авч дуусах юм байна. 

Сонирхуулахад, Монголын самбо бөхийн холбооноос хөдөө, орон нутагт амьдран ажиллаж буй багш, дасгалжуулагч нарт самбо бөхийн спортыг таниулах сургалт семинар зохион байгуулж буй билээ.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Монголын самбо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн Дэлхийн аварга ОУХМ Б.Ариун-Эрдэнийн санаачилгаар Булган аймгийн Булган хотод багш, дасгалжуулагч нарын дунд самбо бөхийн сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, Ч.Насантогтох, Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Д.Баттулга, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, самбо бөхийн залуучуудын Дэлхийн аварга Ж.Баярсайхан, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр нарын эрхмүүд оролцжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top