Гурван шатны шүүх Г.Мөнгөншагай нарыг ГЭМ БУРУУТАЙ гэж үзжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой Ш.Мөнгөншагай нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнгөрсөн баасан /2020.10.16/ гарагт хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, гурван жил хорих ял оногдуулжээ. Г.Алтан-Очирыг хахууль авсан, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих, Б.Цолмонбаатарыг хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, таван жил хорих, Э.Халиунбаярыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, гурван жил хорих ял тус тус оногдуулсан байна.

Мөн Н.Уранчимэгийг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих, Ж.Цэцэгээг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой үйл ажиллагаа эрхлэх эрхийг гурван жил хасаж, 12 сая 240 мянган төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 50 сая төгрөгийг Г.Алтан-Очироос, 60 сая төгрөгийг Б.Цолмонбаатараас, 35 сая төгрөгийг Н.Уранчимэгээс, 45 сая төгрөгийг Ч.Амгаланбаяраас тус тус гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Харин  Д.Цолмон, Г.Цагаанцоож нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Түүнчлэн Ч.Амгаланбаярыг төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж, үйл ажиллагаа  явуулж, их хэмжээний ашиг олсон, М.Цэндсүрэнг хахууль өгч, авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ч тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. С.Оюунбатад холбогдох хэргийг тусгаарлаж, Ш.Энхтөрд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг наймдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Г.Алтан-Очирыг мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, ял оногдуулсныг хүчингүй болгож, хахууль авсан хэрэгт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Мөн Б.Цолмонбаатарын хахууль авсан хоёр үйлдлийг тус тусад нь зүйлчилснийг нэгтгэн зүйлчилж, түүнд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хасаж, гурван жил хорих болгон өөрчилсөн байна. Ж.Цэцэгээд оногдуулсан ялын зүйлчлэлийг өөрчлөн, түүнд оногдуулсан торгох ялыг 2 сая 700 мянган төгрөгөөр тогтоож, Н.Уранчимэгээс 35 сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгон, бусад шүүгдэгч нарт холбогдох заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалын тэдэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав. Мөн Н.Уранчимэгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж, бусад шүүгдэгчдэд холбогдох заалтыг хэвээр үлдээлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top